Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН жижиг намуудтай ойлголцож, зөвшилцдөг болно

МАН-ын дарга болоод хагас сар болж буй М.Энхболд өчигдөр улс төрийн намуудын удирдлагуудыг уулзалтад урьсан юм. Уулзалтад 16 намын төлөөлөл ирэх ёстойгоос зарим намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гээд удирдлагууд нь ирсэн байлаа. МҮАН-ын дарга М.Энхсайхан, ХМХН-ын дарга Ц.Шинэбаяр, МНН-ын дарга О.Бум-Ялагч, МУНН-ын дарга Б.Батболд, ИХН-ын дэд дарга Ж.Занаа, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа нар оролцов. Харин АН, ИЗНН, “Эх орон” нам, МАХН-аас ямар нэг төлөөлөл ирсэнгүй.

Урилга илгээсэн МАН-ын дарга М.Энхболдтой шинэхэн нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Т.Гантулга нар байлаа. Эхлээд ганц хоёр намын даргын үгийг сонсоод уулзалт хаалгаа хаав. Товчхондоо уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болж, улс төрийн намууд гол яриагаа сэтгүүлчдээс далд хийхээр үлдэцгээсэн юм.
МАН-ын дарга М.Энхболд “Манай намын Их хурал болж гаргасан шийдвэр бол зөвхөн МАН-тай холбоотой асуудал биш. Улс орны чухал асуудал байгаа учраас намуудын дарга нартай уулзаж, харилцан ойлголцох гэж урьсан юм. Цаашдаа бид эвлэрэл зөвшилцлийн байдлаар ажиллах ёстой. Улс төрийн намууд ойлголцож, Монгол Улс цаашдаа 5-10 жилийн хөгжлийн ямар төвшинд хүрэх ёстой юм гэдгийг ярилцах нь чухал. Өдөр тутмын асуудал биш том зүйлүүдийг үндэсний хэмжээнд зөвшилцөж шийдэж байх ёстой.

Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг бас хөндөж ярих хэрэгтэй. Энэ бүхнийг улс төрийн намууд хамтран ойлголцож байж ярих ёстой. Улс төрийн намууд ч гэсэн төлөвших цаг болсон. Улс төр, намын үзлээр талцаж болохгүй. Орон нутагт ч гэсэн ийм байдал нэлээд ажиглагддаг. Сонгуулийн тухай хуульд намууд идэвхтэй хандах нь чухал. Сүүлийн үед сонгууль мөнгөний нөлөө ихтэй болж, үзэл бодлоо илэрхийлэх, сонгогчдын саналыг бодитойгоор авч  үзэж байдаг нь алдагдаж  байгаа. Сонгуулийн дараа өөр намд орох асуудал ч гарсан. Намд өгсөн санал нь нөгөө талдаа гардаг байдлыг зохицуулах нь зөв.

Улс төрийн намын үйл ажиллагаа төлөвшиж байж төр төлөвших болно. Төр ёс журамтай байх ёстой. Хэн нэгэн гарч ирснээр төрийн ёс журмыг өөрчилдөг байж болохгүй. Улс орны эдийн засагт нөлөө үзүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний зөвшилцлөөр ойлголцох ёстой. Үзэл бодлын тогтворгүй байдал бий болох хандлага нэлээд байна. Тэгэхээр ойлголцож байж нэг бодлого гаргах нь чухал. Хоёр хөрштэйгээ урьдын найрсаг харилцаагаа баримтлах ёстой. Залуусын боловсрол, хүмүүжилд анхаарах хэрэгтэй байна. Улс төрийн намууд ойлголцон нэг байр сууринд хүрч, улс орны бодлогод тусгавал нөхцөл байдал амар болно” гэж хэллээ.

Түүний дараа Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Ер нь ингэж намууд уулзалдаж байя. Өнгөрсөн 20 жилд бид талцлаа. Цаашид аль ч салбартаа талцалгүй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд анхаарч, хамтарч ажиллая гэж уриалъя” хэмээн  байр сууриа илэрхийлэв.

Монголын үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан “Үндэсний зөвшилцөл гэдэг иргэний дайн гарсан улс орнууд хэрэглэдэг нэр томъёо. Манай улсад ийм байдал үүсээгүй учраас үндэсний зөвшилцөл гэж ярих нь зохимжгүй. Гэхдээ оюун санааны хувьд хуваагдсан нь үнэн. Улс төрийн нам, төрийн бус байгууллага, шашин шүтлэг гэх мэтчлэн оюун санааны хуваагдалд аль хэдийнэ орсон. Биднийг нэг зүйл нэгтгэдэг байх ёстой. Тэр нь үндэсний эрх ашиг. Сүүлийн 20 жилд бидэнд үндэсний эрх ашиг гэж байсангүй. Энэ талын ойлголтууд ч алга. Засаг төрийн эрхэнд ямар нам байна тийм төртэй байсаар ирсэн. Нэг танхимтай парламент үргэлж аюул учруулдаг гэдэг. Төрийн дээр нам гарах аюултай. Парламентад байгаа улс төрийн намууд хоорондоо ойлголцох ёстой. Иймэрхүү байдлаар улс төрийн намууд өмнө нь олон удаа уулзаж байсан. Хавтгайруулан хэлэлцүүлэхээр дараа нь ямар нэг үр дүн гардаггүйг анхаарах ёстой” гэж байлаа.
Ингээд Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмааг үг хэлэхийн өмнө уулзалтаа хаалттай үргэлжлүүлэхээр болж, сэтгүүлчдийг танхимаас гаргав.

Уулзалтынхаа төгсгөлд намууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Тэд улс орныхоо нийтлэг эрх ашгийг үндэслэн тулгамдаж буй асуудлаар байр сууриа нэгтгэж, нийгмийн зөвшилцлийг бий болгон Монгол Улсын хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулан хамтран ажиллахаар болж. Тухайлбал, Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган баялгийн хуваарилалтыг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм байна. Мөн намууд сонгогчдод эргэлзээ үүсгэхгүй сонгуулийн шударга, ил тод, нээлттэй тогтолцоо бүрдүүлж, эрх мэдлийн тэнцвэртэй харилцан хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчин бүрдүүлэхэд хамтрах болсон гэнэ. Улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүнд тавьж санамж бичигт дурдсаныг дэмжиж үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон харилцан ойлголцож, хамтран ажиллая гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Намын дарга удирдлагаас эхлээд нэр цэвэр,албан тушаал горьдож хор найруулж өөрийгөө тойруулж амиа боддогүй хүмүүс ядаж баймаар. Тэгвэл үнэмшилтэй харагдана. Одоо бол тэгж харагдахгүй байна.
Хамгийн их уншсан