Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Цагаан: Цэц шударга шүүхийн төлөө үйл хэргийг ухраах ёсгүй
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж түдгэлзүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан, Шүүхийн тухай багц хууль, түүний үзэл баримтлалыг боловсруулах ажилд гар бие оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай бид хэдэн хором ярилцлаа.

-Шүүхийн иргэдийн тө­лөөлөгчийн эрх зүйн байд­лын тухай хууль шүү­хийн шинэтгэлийн аж­лын тулгуур баганы нэг гэж ойлгож байна. Шүү­хийн шинэтгэлийн асуудал эрч­тэй­гээр яригдаж буй энэ үед гарсан Үндсэн хуулийн цэ­­цийн шийдвэрийн та­лаар­хи таны бодлыг сонсъё?
-Шүүхийн тухай багц хууль боловсруулахад гар бие оролцсон хүний хувьд хэлэхэд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт маш их харамсч байна. Цэцийн түдгэлзүүлсэн заалтууд нь зарим нэг хуучинсаг, социализмын үеийн ягшмал, хэвшмэл загварт баригдсан хүмүүст айдас төрүүлэхээр байхыг үгүйсгэх аргагүй. Угтаа энэ хуулийн амин сүнс болсон нийгмийн захиалга, хөгжлийн эрх ашигт нийцсэн зоримог өөрчлөлт агуулж буй юм л даа. Үнэндээ, бидний явж ирсэн түүх бол хэлбэр төдий, хар ярианы хэлээр бол  “гурилддаг” байсан нь нууц биш шүү дээ.  Иргэдийн төлөөлөгчид шүүх ажиллагааны хагаст нь байлцдаг, шүүхийн шийдвэр гаргахад оролцдоггүй, ажиглагчийн байр суурьтай байсныг энэ хууль өөрчилж Үндсэн хуульд тусгаад жинхэнэ утгаар нь иргэний оролцоо бий болгож чадсан гэж бодож байна. Хийх ёстой өөрчлөлтийг л хийсэн.

-Энэ хуулийн цөм болсон иргэдийн орол­цооны талаар арай дэл­гэрэнгүй ярихгүй юу?
-Тохоон томилогдсон, бүх шүүх хуралдаанд суудаг, тэтгэвэртээ суусан, аль эсвэл ажилгүй хүмүүс биш, харин тохиолдлын зарчмаар сонгогдсон азтай иргэн шударга ёсны баталгаа болсон шүүх ажиллагаанд оролцож, Бат, Бадам гэдэг шүүгч хуульд захирагдан иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангаж чадаж байна уу гэдгийг харна. Энэ юунд хэрэгтэй вэ гэхээр шүүх гэж том эрх мэдэлд олон нийтийн хяналт бий болгож байгаа юм. Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр олон нийтэд ойлгомжтой болно. Шүүх бүрэлдэхүүнд орсон мэргэжлийн шүүгчид маань шийдвэр гаргахдаа ядаж иргэний төлөөлөгчдөө ойл­гуулж байж шүүхийн шийдвэр гаргана биз дээ. Өнөөгийн шүүхийн шийд­вэрийг хэргийн зохиг­чид, сонирхсон этгээд ойлгоход төвөгтэй байдаг байдал ч арилна. Хэт хэлбэрдсэн, догматик хандлага төлөвшин тогтохоос сэргийлж байгаа хэрэг. Иргэдэд ойлгомжтой, ил тод үйл ажиллагаатай, төвийг сахисан байх нь шүүх шударга байх гол нөхцөл юм. Ингэж байж шүүх эрх мэдлийн талаархи олон нийтийн үнэлэмж дээшилнэ шүү дээ. Та “манай шүүх шударга” гэж ярьсан шүүхийн том даргад итгэх үү, хөршийнхөө Доржид итгэх үү. Нийгэм дэх шүүхэд итгэх итгэл, хандах хандлага сайжирна. Аливаа ардчилсан улсад шүүх гэдэг бол шударга ёсны баталгаа байдаг. Миний эрхийг шүүх хамгаална гэсэн итгэл иргэдэд байж гэмээнэ аливаа ажил, үйлсээ айлтгүй явуулах нөхцөл бүрдэнэ.

-Шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн тө­лөөлөгчийн идэвхгүй байр суурь хэрхэн өөрч­лөгдөх вэ?
-Өмнө нь бол тэтгэвэрт гарсан ажилтан шүүх танхимд үүрэглэж суугаад гардаг байсан гэхэд нэг их зөрөхгүй болов уу. Тэр хүнийг буруутгах арга байхгүй. Яагаад гэвэл тогтолцоо нь тийм байсан хэрэг. Шүүх хуралдааны явцад мянган үг хэлээд шүүгчийн гаргасан шийдвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй бол хүний урам, зориг аргагүй унтарна шүү дээ. Харин одоо бол иргэдийн төлөөлөгч маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох, шийдвэр гаргалтад дуу хоолойгоо сонсгох боломжтой болж байна. Үүнийг л Цэц  шүүхийн хараат бус байдлын зарчим алдагдсан гэж үзээд байгаа. Гэтэл зөвхөн анхан шатанд хамтын зарчмаар хянан шийдвэрлэх хэргүүд дээр л иргэдийн төлөөлөгч оролцоно. Тэрнээс биш шат бүрт иргэн гэгч нэг нөхөр оролцоод, шүүгч дангаар шийдвэрлэх хэрэгт хөндлөнгөөс оролцоод байгаа зүйл огт байхгүй. “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамт­ран шийдвэрлэхдээ ир­гэ­дийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу орол­цуулна” гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлал олон жилийн дараа биеллээ олох гэхэд Үндсэн хуулийн манаа болсон Цэц эсэргүүцэх биш, харин ч дэмжмээр санагдах юм. Нэг зүйлийг халиад хэлчихэд, Үндсэн хуульд заасан, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг хангах үүрэгтэй Шүүхийн захиргаа буюу Шүүхийн Ерөнхий Зөвлөл одоо л байгуулагдаж байна шүү дээ.

-Цэц иргэдийн тө­лөө­лөгчдийг шүүх бүрэл­дэ­хүүнд оролцуулна гэ­сэн утга агуулаагүй гэж тайл­барласан байсан шүү дээ?
-Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэдэг бол маргашгүй зарчим. Гэхдээ шүүхийг хэн бүрдүүлэх, шүүх бүрэлдэхүүн ямар байх талаар Үндсэн хуульд заагаагүй. Харин Цэц ердийн хууль баримтлан, шүүх бүрэлдэхүүн зөвхөн шүүгчдээс бүрдэнэ гэж үзсэн байгаа юм. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийг дүгнэх эрх Цэцэд байхаас ердийн хуульд тулгуурлан Үндсэн хуульд дүгнэлт өгөх эрх байдаг ч юм уу.“Байлцах”, “оролцох” гэдэг ойлголтын хооронд сонсох, харахын дайтай ялгаа эрх биш байгаа биз дээ. Бусад улсад ч иргэдийн төлөөлөгчдөө шүүх бүрэлдэхүүнд оруулж шүүгч гэсэн нэр томьёогоор хүртэл илэрхийлдэг шүү дээ.

-Тэгэхээр иргэд таслах эрхтэйгээр хэрэг, маргаан шийдвэрлэхэд оролцох нь зөвхөн Монголд бий болсон практик биш юм байна?
-Бид огт шинэ зүйл бодож олсон хэрэг биш ээ. Америкийн Луйзиана мужийн эсрэг мэдүүлсэн Дунканы гэх алдартай хэрэг бий. Тэр кейст шүүгчид дүгнэлт гаргахдаа “Тангарагтны шүү­хийн иргэдийн төлөөлөгч гэдэг бол шүүгдэгчийн авли­гаж­сан, эсхүл хэт шаргуу про­курор, нөлөөлөлд автамтгай, нэг талыг барьсан шүүгчээс хамгаалах бамбай” гэж үзсэн байдаг. Дэлхий дахинд тангарагтны шүүгчид, мэргэжлийн бус шүүгч гэсэн шүүх ажиллагаан дахь иргэдийн оролцооны хоёр загвар байдаг. Мэргэжлийн бус шүүгч буюу иргэд нь мэргэжлийн шүүгчидтэй хамтран гэм буруугийн болон бусад асуудлаар шийдвэр гаргадаг загварыг бид сонгосон. Германы загвар. Гэтэл Германы Үндсэн хуульд иргэдийн төлөөллийг шүүх хуралдаанд оролцуулах та­лаар нэг ч үг байхгүй, гэхдээ дундад зуунаас хэрэгжүүлээд явж л байна. Япон, Солонгос гээд Азийн орнууд ч иргэдийн оролцоог хангах замыг сонгож байна.

-Удахгүй Цэцийн шийд­вэрийн талаар УИХ шийдвэр гаргах ёстой. Гишүүд ямархуу байдлаар хандах бол?
-Энэ хууль олон шүүл­түү­рийг дамжиж байж Их Ху­ралд хүрсэн. Гишүүд ч маш ня­хуур хэлэлцэж баталсан. Шүү­хийн шинэтгэлийн суурь бол­сон энэ хуулийн ач хол­богд­лыг маш сайн мэдэж бай­гаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Шүүхийг олон нийтийн хяналтад байлгах нь зарим хүнд таалагдахгүй байх шиг?
-Ер нь шударгаар ажил­лаж буй шүүгчдэд энэ бол ай­гаад, аль эсвэл Цэцэд лобби хийгээд байх тогтолцоо биш. Шударга шүүх бол хууль, хүний эрх, гэрээ хэлэл­цээрийн биелэлт, шударга ёсны баталгаа, бас хөгжил дэвшлийн ч хөшүүрэг. Тийм шударга шүүхийн төлөөх үйл хэргийг ухраах учиргүй. Ухарвал нийгмээрээ хохирно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан