Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламент энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ
УИХ дахь намын бүлгүүд долоо хоногийн хуваарийн дагуу хэд хэдэн асуудал хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Алтны худалдааг ил тод болгох, Ашигт малтмалын тухай хууль, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого гэх мэт уул уурхайтай холбоотой хуулийн төслүүдийг энэ долоо хоногоос парламент хэлэлцэх эхлэх нь. Тиймээс үүнд бүлгийн гишүүд саналаа нэгтгэж холбогдох Байнгын хороодоор хэлэлцэхээр болж байна. Мөн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан асуудлыг энэ долоо хоногт шийдэхгүй нь бололтой.  

АН-ын бүлэг Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж авсангүй

Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын бүлгийн хуралд өнгөрсөн долоо хоногт хийсэн болон энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан байна. Тэрээр ирэх долоо хоногийн дундуур буюу 27-нд ОХУ-д айлчилж, ажиллах гэнэ. Мөн Засгийн газраас оруулж байгаа төслүүд болон хийх ажлуудаа танилцуулжээ. Тухайлбал, Чингис бондоос хөрөнгө гаргаж замын цагдаа нарын торгуулийн системийг шинэчлэхээр болж. Замын 400 орчим цагдаад торгуулийг бэлэн мөнгөөр авдаггүй болох тусгай төхөөрөмж өгч, энэ ажлыг хийх санал Засгийн газар оруулж байгаа гэнэ. Замын-Үүд суманд замын нээлтэд оролцож, “Шинэ сум” төсөл, шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжтай танилцахаар Ерөнхий сайд өчигдөр орон нутгийг зорьсон юм. Тэнд ажиллахдаа ямар ажил амжуулах талаараа бүл­гийнхэндээ мэдээлсэн байна.

Үндсэн хуулийн цэц Шүүхийн ир­гэдийн төлөө­лөгчдийн эрхзүйн байд­лын тухай хуулийн зарим заалт Үнд­сэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гар­гасан. Энэ шийдвэрээрээ ҮХЦ УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх эр­хэнд халдаж байна гэж АН-ын бүл­гийнхэн үзсэн байна. Ийм учраас ҮХЦ-ийн тухай холбогдох хууль эрх­зүйн орчныг боловсронгуй болгох шаард­­­лагатай гэж байр сууриа нэгтгэжээ.
Харин УИХ-ын гишүүнээ­сээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад тавиад буй Р.Амаржаргал гишүүний талаар бүлгээр ярилцсан байна. Р.Амаржаргал гишүүнтэй ярилцаж байж уг асуудлыг шийднэ гээд АН-ын бүлэг хүсэлтийг нь хүлээн аваагүй гэлээ. Намын бүлэг, Байнгын хороод, чуулганы хуралдаанд суухгүй байх нь хувь хүний хүсэл зоригтой холбоотой гэж АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлсэн юм. Түүний хэлснээс харахад Р.Амаржаргал гишүүн ажилдаа ирэхгүй, намынхантайгаа уулзаагүй байгаа бололтой. АН-ын удирдлагуудыг Р.Амаржаргал гишүүнтэй уулзах санал бүл­гийн гишүүдээс гарсан байна. Эхлээд учир шалтгааныг тодруу­лах ёстой гэж тэд үзлээ. АН-ын нэрийн өмнөөс УИХ-д тойргоос сонгогдсон гишүүн учраас энэ асуудалд нухацтай хандах гэнэ.

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын ажлын хэсэг төслөө оруулж ирсэн учир энэ пүрэв гарагт чуулганаар анхны хэлэл­цүүлгийг хийхээр болсон гэдгийг ажлын хэсгийг ахалсан бүлгийн дэд дарга С.Одонтуяа танилцууллаа.

“Оюу толгой”-д татварын хөнгөлөлт үзүүлэхийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэв

Алтны худалдааг ил тод болгох, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг МАН-ын бүлэг голлон хэлэлцэж. Алт хөтөлбөр ямар ач холбогдолтой байсан гэдгийг гишүүд ярилцаж, Монгол Улсын хууль тогтворгүй байгаагаас баялгаа гадагшаа гаргасаар байгаа талаар хөнджээ. Алтны ил тод байдлын тухай хуулийн төсөлд хариуцлагын тогтолцоог нэлээн чангаруулж өгсөнийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа аж. Оюу толгойн алтыг Монголд тушаасан тохиолдолд татва­рын хөнгөлөлт үзүүлэх тухай оруулсныг харин тэд дэмжихгүй гэжээ. Засгийн газраас ийм төсөл санаачилж байгаа нь зохимжгүй, заавал Оюу толгойгоос гэлтгүй өөр байд­лаар алтны нөөцөө бүрдүүлэх боломжтой хэмээлээ.

Энэ долоо хоногт хэлэл­цэхээр орж ирсэн Мөр­дөх албаны тухай хуулийн төсөлд бүлэг байр сууриа нэгтгэжээ. Барьж, хорьж, цагддаг байгууллага манай улсад дэндүү олон байгааг гишүүд шүүмжилсэн байна. Хэрэг мөрдөж эхэлж байгаа атал нотлогдсон мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьдаг буруу жишиг тогтсон. Хүний эрхийн үндэсний комисс ч гэсэн хэд хэдэн удаа энэ талаар мэдэгдэл хийж, шүүмжилсэн. Цагдаа, АТГ, ТЕГ, Прокурорын мөрдөн гэх мэт бие даасан хууль хүчний байгууллага олон байх нь улс үндэстний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөхгүй гэж МАН-ынхан үзэж. Энэ нь улс төрийн шинжтэй болж ирэх аюул бийг анхааруулав. Иймээс процессын тухай тухай суурь хуулиудыг эхлээд баталж, дараа нь Мөрдөх албаны талаар ярих нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Гэмт хэргийн тухай хуулийг баталсны дараа Мөрдөх албаны талаар ярина гэсэн байр суурьтайгаа илэрхийлсэн юм. Р.Амаржаргал гишүүний асуудал энэ долоо хоногийн хуваарьт ороогүй учраас хэлэлцээгүй аж. Гэхдээ Байнгын хороодоор оруулахаар болбол тухайн үед бүлэг ээлжит бус хурал зарлаж авч хэлэлцэнэ гэв.

Бие даагчид эрүүл мэндийн даатгалын асуудалд анхаарна

УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах санал гаргав. Иргэний эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгийг Засгийн газар төсвийн хөрөнгө мэтээр зарцуулж ирсэнийг зогсоох ёстой. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг хариуцлагатай үр дүнтэй болгох, иргэдэд хүрсэн үйлчилгээ үзүүлэх цаг нь болсон гэж шүүмжлэв. Эмнэлгүүд, дарга нарт нь хариуцлага тооцох тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэйг бие даагчид хэлж байна.
Өмнөх УИХ-аар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Энэ парламетаар оруулж ирэхээр төсөл боловсруулж байгаа аж.

Төсөлд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцах иргэдийн хамрах хүрээг нарийвчлан тодор­хойлж зорилтот бүлэгт чиглүүлэхээр тусгах гэнэ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, З.Энхболд нар санаачилжээ. Тэдний төсөлд даатгуулагчийн эрх үүрэг, даатгалын байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлэгчийг сонгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, тус байгууллагын эрхзүйн харилцааг зохицуулахыг тусгасан юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан