Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.ӨНӨРБАЯР: ЦЭЦ ШҮҮХЭД ИРГЭНИЙ ХЯНАЛТ ТОГТООХ СОНИРХОЛГҮЙ ЮМ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрхзүйн байдлын тухай хуулийн ямар заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм бэ. Ерөнхийлөгч үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ хуулийн гол амин сүнс бол анхан шатны шүүх дээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн хоёр шүүгчтэй хамт иргэдийн төлөөлөгч оролцох. Өмнө нь иргэд ажиглагчийн байр сууринаас шүүх хуралд оролцдог байсан. Хэдийгээр санал бодлоо хэлдэг ч ёс төдий байсан юм. Ингэхээр ач холбогдол гарахгүй байсан учраас иргэдийн төлөөлөгчөөр оролцож байгаа нь ч гэсэн төдийлэн тоодоггүй байсан. Гол зорилго бол шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог оруулж ирэх. Нэг талаасаа шүүх хараат бус шийдвэр гаргах ёстой. Гэхдээ хараат бус байхын нөгөө талд шүүхийн ил тод, нээлттэй байдал байдаг.
Зөвлөлдөх тасалгаанд зүй бус, шударга бус, буруу шийд­вэр гараад байж магадгүй учир тэнд иргэний хараат байдал байх ёстой иргэдийн төлөөлөгчийн хамт оруулдаг байя гэсэн. Энэ загвар зөвхөн Монголд байгаа юм биш.
1992 онд Үндсэн хуулиар зарчим нь суусан юм. Анхан шат­ны шүүх хуралдаанд иргэ­дийн төлөөлөгчийг хам­тын шийдвэр гаргахад орол­цуулна гэж томъёолсон байдаг. Хэрхэн оролцуулахыг Шүүхийн иргэдийн төлөө­лөгчдийн эрхзүйн байдлын тухай хуулиар зохицуулж байгаа юм. Гэвч Үндсэн хуулийн цэц арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот дүгнэлтээр энэ заалтыг хүчингүй болголоо. ҮХЦ шүүхэд иргэний хяналт тог­тоох сонирхолгүй юм байна. ҮХЦ хуулийн үг үсгэнд л захирагддаг юм байна. Энэ байгууллага Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлж асуудлыг шийддэг байх ёстой. Нийгэмд явж байгаа шинэтгэлийн бодлого, хөгжлийн бодлоготой хөл нийлүүлж алхаж чаддаг байх ёстой гэсэн үг болохоос биш ахуйн шинжтэй маргаан шийддэг газар биш. ҮХЦ-ийн энэ шийдвэр Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй, ҮХЦ-ийн гишүүд мэдлэг, онолын хувьд бүх талаар хоцрогдож гэдгийг харуулж байгаа юм.
Америкт бол тангарагтнууд гээд жирийн иргэд шүүх хуралд оролцдог. Германы загвар бол мэргэжлийн шүүгчтэй хамт жирийн иргэд сууж байгаад шийдвэр гаргах. Германы Үндсэн хуульд шүүгч нь иргэдтэйгээ хамт суугаад шийдвэр гаргах заалт байхгүй ч энэ нь хэрэгжээд явдаг. Харин ч манайд үндсэн зарчим нь суучихсан. Ийм чухал зүйлийг хассан нь харамсалтай. УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг нэг удаа буцаах эрхтэй. УИХ энэ хуулийг нэлээд нарийн хэлэлцэж байж гаргасан учраас асуудалд ул суурьтай хандах байх.
-Процесс цаашаа яаж үргэлжлэх боломжтой вэ?
-Цэц яаж шийдэх нь бүрэн эрхийнх нь асуудал. Гэхдээ энэ алдаагаа Их суудлын хуралдаанаар засах болов уу гэж найдаж байна. ҮХЦ гэдэг Үндсэн хуулийг манадаг, Үндсэн хуульд байгаа иргэний эрх чөлөө, шүүхийн хараат бус байдлыг хангахаас гадна, иргэдийн төлөөлөгчдийн оролцох зарчмыг хангах ёстой. ҮХЦ-ийн дүгнэлтийг уншиж үзэхэд хуулийн үндэслэлийг бичдэггүй юм байна. Хуулийн заалтыг тэр тэр гээд дурдсан байгаа болохоос ямар учраас, яагаад ингэж ойлгож, шийдвэр гаргах болсноо бичдэггүй.
Жишээлбэл, Герман ч гэдэг юм уу өндөр хөгжилтэй оронд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг маш нарийн дэлгэрэнгүй бичдэг. Маргалдагч талууд, иргэд, хэнд ч ойлгомжтойгоор бичиж чаддаг. Харамсалтай нь, манай ҮХЦ шийдвэрээ нарийн бичиж ирээгүй, одоо ч тийм хэмжээнд бичиж чаддаггүй л юм байна. Цаашдаа засч, залруулах ёстой. Ердийн шүүх сүүлийн үед харьцангуй нээлттэй ил тод болсноос хойш шийдвэрийнхээ үндэслэлийг сайн бичиж байгаа. Шүүхийн шинэтгэлийн бодлого ҮХЦ-д ямар нэг байдлаар орж ирэхгүй бол болохгүй юм гэдгийг харуулж байна. Үндсэн хуулийг манаж байгаа байгууллага мэт боловч нөгөө талдаа тэнд хүн л ажилладаг. Хүн л юм чинь мэдлэг, ёс зүй дутах нь байх. Цаашдаа энэ тал дээр хууль тогтоох байгууллага, Ерөнхийлөгчийн зүгээс ч анхаарах ёстой юм байна.
-Шүүхийн тухай хуульд бүх шатны шүүх ерөнхий шүүгч, шүүгчдээс бүтнэ гэж заасан учраас иргэдийн төлөөлөгч бүрэлдэхүүнд алга гэж үндэслэлдээ бичсэн байсан?
-Энэ бол ерөнхий зар­чим нь. Гэхдээ анхан шат­­ны шүүх дээр хэрэг мар­­гаан шийдвэрлэхэд иргэ­дийн төлөөлөгчийг хам­тын шийдвэр гаргахдаа орол­цуулна гэж Үндсэн хуульд байгаа. Анхан шатны шүүх бол шүүхийн үйлчилгээ, шударга ёсны үйлчилгээг иргэнд нүүр тулган өгч байгаа юм. Ийм учраас иргэний хяналт байх ёстой. Нөгөө талаасаа болсон үйл явдлыг үнэлж, цэгнэж байгаа. Дараагийн шатны шүүх анхан шатандаа хуулийг зөв хэрэглэж үү гээд илүү онолын шинжтэй болдог учраас заавал иргэдийн төлөөллийн оролцоо шаарддаггүй. Энэ заагийг л харах хэрэгтэй. ҮХЦ гэдэг Үндсэн хуулийг томоор нь харах ёстой юм.
ҮХЦ-ийн гишүүдийн жишиж ярьдаг Германд шүүх эрх мэдлийг гагцхүү төрийн шүүх хэрэгжүүлнэ гэж бий. Тэгсэн мөртлөө иргэдийн тө­лөөллийг оролцуулдаг. Нөгөө талд нь төрийн биш Арбитрын шүүх хэрэг маргаан шийдвэрлээд байж л байна. Тэглээ гээд яагаад тэр улсад Арбитрын шүүхээ хүчингүй болгочихгүй байгаа юм. Яагаад Үндсэн хуульд нь иргэдийн төлөөллийн тухай заалт байхгүй хэрнээ холбооны Үндсэн хуулийн шүүх нь хүчингүй болохгүй байгаа юм. Энэ бол дэлхий дахинд тогтсон соёл. Шүүх иргэд олон нийтийн хяналтад тодорхой хэмжээнд байх ёстой.
-ҮХЦ-ийн дүгнэлтийг АН-ын бүлэг хэлэлцээд ер нь Цэцийн тухай хууль эрхзүйн орчныг өөрчлөх цаг болжээ гэж үзсэн гэсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ шийдвэртэй холбоотой биш байх. Урьд нь, Ерөнхийлөгчөөс ҮХЦ-тэй холбоотой хуулиудыг шинэчлэх талаар төсөл боловсруулахад ҮХЦ-ийн гишүүд ч оролцсон. Хуулийн төсөлд өнгөрсөн хавар Засгийн газраас санал авахаар өгсөн. Дахин боловсруулаад өргөн баригдана. Зөвхөн энэ маргаантай холбоотой хөндөгдөж гарч ирсэн асуудал  биш байх. Ер нь, Үндсэн хуульт ардчилалтай орнуудад нэг талаас парламент, нөгөө талаас Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн хооронд маргаан үүсдэг тал бий. Гэхдээ Цэц гаргаж байгаа шийдвэрийн үндэслэлээр хүлээн зөвшөө­рөгддөг болохоос биш хуулийн заалт бариад асууд­лыг шийдэж болохгүй. Ард түмнээс сонгогдсон пар­ламентын шийдвэрийг хүчингүй болгоод байх юм бол тэнд ардчилал биш зүгээр хэдэн мэргэжилтэн, ҮХЦ-ийн ноёрхол нийгэмд тогтчих аюултай. Есөн хүний ноёрхол нийгэмд тогтчихвол аюултай шүү дээ. ҮХЦ асуудалд ул суурьтай, судалгаатай, үндэс­лэлтэй хандаж чадаагүй. Аливаа улсад ҮХЦ гэдэг хаягд­сан улстөрчдийн цуглуулга байдаггүй. Улс төрийн сонирх­лоор шийдвэр гаргаад байж магадгүй учраас улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ҮХЦ-д орохыг хориглодог. Үндсэн хуулийн шүүх гэж ярьж байгаа бол шүүгчдэд ямар шалгуур тавьдаг вэ тэгэх л ёстой. Ердийн шүүгчээс ялгаатай нь улс төртэй холбоотой маргаан байдаг учраас улс төрийн мэдлэгтэй байх, улс орны хэмжээний асуудлыг томоор харж чаддаг байх цар хүрээ, зангараг, мэдлэг шаарддаг.
-ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанд хуулийн заалтаа хамгаалах талд хангалттай байж чадаагүй хэрэг үү?
-УИХ-ын талаас Тэмүүжин сайд очсон юм билээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хангалттай байсан. Энэ тайлбарыг яагаад үгүйсгэж байгаагаа шийдвэртээ бичиж болох байсан. Зүгээр л хэдэн хуулийн заалт бичсэн. Уламжлалт хэв загвар л даа. Хэнд ч ойлгомжгүй байхыг хүсдэг. Шүүх хуучин ийм л байдлаар явж байсан.  Хүний эрхийг зөрчдөг, баригдмал хэвшмэл арга. Үүнийг аль болох өөрчлөх гээд л яваад байна шүү дээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан