Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Увсын “хоёр”-оос үнэндээ залхаж байна

“Мөнгө тараасан нь бол тодор­хой болчихсон. Тариалан сумын 13 иргэнд мөнгө тараасан гэдэг нь тогтоогдоод иргэд урам­шууллын мөнгөө гишүүдээс авчихсан.

Төр шударга байх ёстой. Мөнгө өгсөн нь тодорхой болоод эдгээр иргэд мөнгө авчихаад байхад асуудлыг нь шийдэж, энэ хоёр гишүүний эгүүлэн татахгүй байгаад Увсын иргэд бухимдалтай байна. Эгүү­лэн татах ёстой. УИХ, АН-ын зү­гээс ч энэ асуудалд анхаарал хан­дуулж эхэлмээр байна.

Б.Чой­жилсүрэн, Ч.Хүрэлбаатар на­рын гишүүдийг хуулийнх нь дагуу шийдэж өгөөсэй гэж хүсч байна” хэмээн бухимдсан Улаан­гом сумын гуравдугаар ба­гийн иргэн н.Лхагважав нарын Увс аймгийн иргэдийн бичлэг өчиг­дөр интернет ертөнцөөр тар­хаж багагүй шуугиулав.

Энэ асуу­дал сүүлийн өдрүүдэд олны ан­хаар­лын төвд орчихоод байгаа уч­раас иргэд нь ийн бухимдлаа илэрхийлэх нь зүйн хэрэг. Өн­гөрсөн долоо хоногт гэхэд Увс аймгийн АН-ын хорооноос СЕХ-нд хандан шаардлага хүргүүлжээ.

Тод­руулбал, хууль бус үйлдэл хийж, иргэдийн саналыг мөнгөөр худалдан авсан Б.Чойжилсүрэн нарын гишүүдийг одоо хүртэл өөгшүүлэн албан тушаалаас нь буулгахгүй байгаад эсэргүүцлээ илэрхийлж намын хорооны ги­шүүд энэ асуудлыг ээлжит хур­лаараа хэлэлцээд, тогтоол гарган СЕХ болон Ардчилсан намын удирд­лагуудад хүргүүлэхээр шийд­вэрлэжээ.

Уг тогтоолд “МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэл­баа­тар, Б.Чойжилсүрэн нар нь УИХ-ын сонгуулийн хууль тог­тоомжийг ноцтой зөрчиж, ир­гэдэд бэлэн мөнгө тараасныг ан­хан, давах, хяналтын гурван шат­ны шүүхийн шийдвэрүүд но­толж, гүйцэтгэлийн ажиллагаа нь хийгдсэн байна. 

Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүний мандат нь хэдийнэ хүчингүй болсон байх ёстой улсууд одоог хүртэл УИХ-д суусаар байгаад Увс аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд эгдүүцэж байгаагаа илэрхийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд СЕХ онцгой анхаарч ажиллах үүрэгтэй” хэмээн уг шаардлагадаа онцлон дурьджээ.

Өөрөөр хэл­бэл, тэднийг жил бүхэн мөн­гөөр худалдаж авч байгаа МАН-ын хоёр эрхмээс залхсан гэд­гээ ярьжээ. УИХ-ын эрхэм ги­шүүд маань ч гишүүн байхаас зал­хаж байгаагаа саяханы нэгэн ярилц­ла­гад дурьдсан байдаг. Харин тэ­дэнд ухамсраараа гишүүнээсээ тат­галзаж, “Би эргээд ирнэ. Өнөө­дөр намайг гүтгэж болно. Гэх­дээ үнэн ялдаг юм” гэж хэлээд ги­шүүнээсээ татгалзаад явах хү­сэл алга.

Тийм эр зориг ч байхгүй гэдгээ харуулж залхсан гэж зарласан атлаа сандал, ширээтэйгээ зууралдсаар байгаа. Эдгээр гишүүдийн хэрэг бүтэн хоёр жил шахуу хэвлэлийн хуудсаар цацагдаж байгаа учраас иргэд ч үнэндээ залхчихаад байна. Уулзсан хүн байтугай харсан үзсэн хүн бүр нь мөнгө тараасан хэмээн адлаж байхад, ингэж хэл амны бай болж энэ суудлаасаа салж чадахгүй байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.

УИХ-ын чуулганы танхимд  төдийлөн үг хэлдэггүй “горил” имиж зүүсэн ч сонгогчдыг “хахуульдаж” парламентад хоёронтоо суусан болоод ч тэр үү Б.Чойжилсүрэн нарын мөнгө тараасан гэдгээр нь танихгүй мэдэхгүй хүн ч үгүй болжээ.

Түүний 2008 оны сонгуулиар 10 мянган төгрөг тараасан видео бичлэг нь өдий хэр цахим хуудаснаа байдаг боловч тухайн үед мөнгө тараавал хэрхэн шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байгаагүй билээ. Тийм ч болохоор тэгэсхийгээд л Б.Чойжилсүрэн гишүүн буруугүйд тоо­цог­дон УИХ-ын гишүүнээрээ үлдэж бай­­сан талаар иргэд нь одоо хүртэл сана­даг гэдгээ ярьж байна.

Харин эрхэм гишүүн­ий энэ үйлдэл монголын төрд нэг том сануулга өгснөөрөө давуу талтай шүү. Учир нь сонгуулийн хуулиа улам чанарж­уулж, Б.Чойжилсүрэн мэтийн нөх­дүүдэд боломж олгохгүй хясах үүд­нээс УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуул­ийн 35.18.1-д “Сонгогчдын саналыг та­тах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шаш­ны байгууллага болон төрийн бус бай­гууллага, сангийн нэрээр халхавчлан сон­гогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно” гэж заалт оруулсан түүхтэй.

Энэ заалтыг зөрчвөл түр үнэмлэхийг нь хураана, СЕХ шийдвэр гаргаж гишүүнээс нь эгүүлэн татна гэдэг ч өнөөдөр хуулийн цоорхой юм уу, эсвэл иргэдийн бухимдаад байгаа шиг мөнгөөр худалдаж авсан уу, өнөө хүртэл суудлаасаа буусангүй. Энэ хуулийн заалт ч биелэлээ олсонгүй нь харамсалтай.

Тэдний энэ хэрэг одоо шийдэгдэх цаг нь болсон. Туслах нь ял авчихаад байхад гишүүд нь буруугүй үлдэнэ гэж юу байхав. Үнэндээ хэвлэл мэдээллээр үргэлж энэ хоёрыг бичих болсон учраас залхаж байна. Байнга шахуу эдгээр асуудлууд сөхөгдөхөөс иргэд ч залхаж байна. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нараас ганц Увс аймгийн иргэд ч биш ард түмэн тэр чигээрээ залхчихлаа. 

Увс аймгийн иргэд хоёр гишүүнийхээ талаар ингэж ярьжээ

Зүүнговь сумын “Баян бөөрөг” хоршооны дарга н.Бадамсамбуу:
-Сонгууль болоод өнгөрлөө. Гэхдээ хууль гэж гаргасан бол хуулиа дагах учиртай. Албан тушаал эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхгүй байж болохгүй биз дээ. Ард түмэн энэ асуудлыг үнэхээр гайхаж байна. Хуулиа дагая. УИХ-ын гишүүн болсон хойно нь ч эгүүлэн татна гэсэн хууль байдаг биз дээ, хууль зөрчвөл. Бид үүнийг л хүсч байна. Хууль хэрэгжүүлэх гэж боддог бол бүгдээрээ адилхан хуулиа биелүүлье.

Увс аймгийн иргэн Ш.Самбуу:
-Хуулийг дагаж биелүүлдэггүй. Хуулийг уландаа гишгэдэг явдал манай аймагт газар авлаа. 2008 оны сонгуулиар УИХ-д МАХН/МАН/-аас өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар ир­гэ­дэд 10 мянган төгрөг тарааж байгаад ялалт байгуулсан.

Гэтэл дахин энэ муухай ар­гаа хэрэглэж 2012 оны сонгуульд дахин хууль бусаар гарч ирлээ. Сонгуулийн хууль үнэхээр сайхан хууль гарсан ч улаан цагаандаа гарсан хоёр гишүүн ард түмнийг мөнгөөр худалдаж авчихаад бид юу ч хийгээгүй гээд одоо хүртэл сууж бай­на. Хууль хэнд нь үйлчлээд байгаа юм бэ. Бүх шатны шүүхийн дүгнэлт гарчихаад байхад юу хүлээгээд байгаа юм.

Улаангом сумын арваннэгдүгээр багийн иргэн Ч.Цэндээ:
-Шүүх хурлаар ороод батлагдчихаад байхад буруугүй гэж яриад байх юм. Өөрсдөө мөнгө тараачихаад ичихэд яадаг юм бол. Тариалан сумын иргэдэд мөнгө тараачихаад АН-ынхан өөрсдөө мөнгө тараасан гэж ярьж байна гэнэ лээ. Буруугаа хүлээе. Олон жил мөнгө тарааж луйвардаж гарсан даа. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан