Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн АН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо
Нийслэлийн АН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн өнгөрсөн бямба гарагт Төрийн ордны Их танхимд болж өнгөрлөө. Тус нам анхан шатны байгууллагуудынхаа удирдах ажилтны зөвлөлгөөнийг жилд хоёр удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн ээлжит зөвлөлгөөний зорилго нь нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ, Нийслэлийн АН-аас хийсэн, эхлүүлсэн зарим ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулахад оршиж байв.
Зөвлөлгөөнд АН-ын удирдлагууд, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдсон нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, томилогдсон Засаг дарга нар, нийслэлийн намын Зөвлөлдөх хорооны гишүүд, “Ардчилсан ахмадын холбоо”, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны төлөөлөл, намын анхан шатны байгууллагуудын дарга нар, дүүргүүдийн АН-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд оролцсон юм.
Тэдэнд хандан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар үг хэлж, илтгэл тавилаа.
Нийслэлийн АН-ын дарга, хотын Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн хугацаанд намын “5 А” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн болон шинээр эхлүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, ирэх онд хийхээр төлөвлөсөн зарим ажлаа ч танилцуулсан юм. Замын түгжрэлийг бууруулахаар авсан цогц арга хэмжээ, хотоо хур хогноос нь салгах менежмент, ногоон байгууламжаа тэлэхээр хэрэгжүүлсэн бодлого, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг цэгцэлсэн гэх мэтээр  хийсэн ажлын жагсаалт үргэлжилнэ.  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хотын өмнөх удирдлагууд ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж, төрийн үүргийг хэзээ ч биелүүлж байгаагүй. Ялангуяа, захиргааны эрх мэдлийг өөртөө болон намын эрх ашиг сонирхлын төлөө ашиглаж, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг орхигдуулж ирсэн. Харин АН нийслэлд засаг барьж эхэлсэн өдрөөс л энэ бүхнийг засч залруулах, шинэчилж өөрчлөхийг зорилгоо болгож ажиллаж байна” гэдгийг онцолж хэлсэн. Тэрээр хотын хороо болгонд бичил зээлийн эх үүсвэр болох мөнгө хуваарилж, иргэдэд барьцаагүй зээлдүүлдэг болно гэдгээ энэ үеэр дуулгав. Аливаа ажлыг шат шатандаа сайн хийж хэрэгжүүлдэг болох, иргэдэд мэдээлэл сайн хүргэж байх үүднээс хотын Засаг дарга хороодын Засаг дарга нартай сар бүр уулзаж байхаар боллоо.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Д.Баттулга намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнууддаа хандан уялдаа холбоотой, хариуцлагатай, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд сайн ажиллахыг сануулж байлаа. Мөн зөвлөлгөөний үеэр дүүргүүдийн АН-ын дарга нар ажлаа тайлагнаж, тулгамдаж буй зарим бэрхшээлтэй асуудлыг ч удирдлагуудынхаа чихэнд хүргэсэн юм. Тэд намын боловсон хүчнийг сургаж чадавхижуулах асуудлыг ч хөндлөө. Зөвлөлгөөний төгсгөлд Нийслэлийн АН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулж Улс төр судлаач, багш Э.Гэрэлт-Од “Монгол дахь ардчилал ба улс төрийн соёл”, Удирдлагын академийн захирал Д.Уламбаяр “Манлайлагч хүн ямар байх ёстой вэ” гэсэн сэдвээр лекц уншсан юм.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан