Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж: Вьетнамтай хамтарсан хүнсний үйлдвэр байгуулах төслийг дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржийн Азийн зарим оронд хийж буй төрийн айлчлал үр­гэл­жилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Социа­лист Вьетнам Улсын  Ерөн­хийлөгч Чыонг Тан Санг Ерөн­хий­лөг­чийн ордондоо энэ сарын 21-нд албан ёсоор угтан авлаа. Монгол Улс БНСВУ-тай дипломат харилцаа тог­тоосны 60 жилийн ой ирэх 2014 онд тохионо. Хоёр улс нэгэн жарны турш түүх соёлын болон эдийн за­саг, боловсролын салбарт найр­саг харилцаатай явсаар ирсэн юм. Тус улсын удирдагч Хо Ши Минь 1955 онд манай ул­сад албан ёсны айлчлал хий­сэн бөгөөд өнөөдөр түүний нэрэмжит сургууль үйл ажиллагаагаа явуулж буй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Монгол Улсын Ерөн­хий­лөгч “Монгол Улсын Хууль зүйн яам, Вьетнамын Нийг­мийн аюулгүй байдлын яам­ны хооронд харилцаа тог­тож байгаад бид баяртай бай­даг. Хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруу­лалтын салбарын харилцааг хөгжүүлэхэд Мон­гол-Вьетнамын Засгийн га­зар хоорондын комисс чу­хал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр орны хоорондын Зас­гийн газар хоорондын ху­рал­даан Ханой хотноо өн­гөр­сөн гуравдугаар сард амжилттай болж өнгөрсөн. Энэ­хүү хуралдаанаар хэ­лэлц­сэн зүйлүүдийг хамт­ран хэрэгжүүлэхэд бид ан­хаарч ажиллана. Манай Үйлд­вэр, хөдөө аж ахуйн яам Вьетнамын Үйлдвэр, худал­дааны яам хооронд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг бай­гуулах, хүнд хөнгөн үйлд­вэрийн салбарт хамтын ажил­лагаагаа өргөжүүлэх бо­ломж бий. Хамтарсан хүнс­ний үйлдвэр байгуулах төс­л­­­­ийг дэмжиж ажиллах болно.

Монгол Улс татварын хоёр дахь шатны шинэчлэл хийхээр бэлтгэж буйтай холбогдуулан далд эдийн засгийн нөлөө бууруулах, түүн дотроо бэлэн мөнгөний гүйлгээнд татварын зорил­гоор хяналт тавьж буй арга, туршлагыг судлах, төс­вийн хяналт, эрсдэлийн удирд­лага сайжруулах зэрэг асууд­лаар хоёр улсын Сан­гийн яамд болоод харьяа агентлагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна.

Залуу үеийнхэнд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламж­лал, ард түмний түүх, соёл урлагийг сурталчлан таниулах шаардлагатай байгаа бөгөөд энэ чиглэлээр сэтгүүлч, хэвлэлийн ажилтан солилцох, уран зохиол, түүх, соёлын бүтээгдэхүүнийг харилцан сурталчлах талаар хамтран ажиллах боломжтой байна.
Монголын мал 50 сая гарсан. Бид Вьетнамд хөл­дөө­сөн мах нийлүүлэх бо­ломж байна. Вьетнамд эмийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Иймээс бид энэ салбарт хамтарч, Монголын эм үйлдвэрлэх төслүүдийг дэмжих боломжтой.

Уул уурхай, газрын тос­ны салбарт хамтран ажиллах өргөн боломж байна. Энэ удаагийн айлчлалаар биз­несийн олон төлөөлөгч ирсэн. Бид цаашид Улаанбаатар-Бээ­жин-Ханой чиглэлд нислэг хийдэг болбол хоёр орны харилцаанд томоо­хон түлхэц болно гэж үзэж байна. Боловсролын сал­ба­рын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Та­най Засгийн газрын зүгээс Мон­голын оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, үүний тоог улам нэмэгдүүлж байгаад бид баяртай байдаг. Соёл, спортын салбарт хамтран ажиллаж, төлөөлөгчид ха­рил­цан солилцох боломж бий. Аялал жуулчлалын сал­барт харилцаагаа өргө­жүүлэх боломж байна. Улаан­баатар Ханой хотын хоо­ронд шууд харилцаа тог­тоож, хот тохижилтын тал дээр туршлага солилцох боломжтой.

Олон улсын тавцанд бид харилцан бие биенээ дэмжиж ирсэнд баяртай байдаг.  НҮБ-ын хүрээнд манай хоёр орон харилцан бие биенээ дэмжих нь чухал байна. Бидний энэхүү уулзалт хоёр орны цаашдын харилцаанд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

БНСВУ-ын эрхэмсэг Ерөн­хийлөгч Чыонг Тан Санг Таныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байна. Мөн Вьетнамын төр засгийн бусад төлөөлөгчдийг Монголд урьж байна. Вьетнамын төр засаг, ард түмэнд улс орноо хөгжүүлэх их үйлстээ улам илүү амжилт олохыг хүсэн ерөөе” гэв.Айлчлалын хүрээнд Ханой хот дахь Үндэсний баатруудын хөшөө, Хо Ши Миний бунханд цэцэг өргөв. Ханой хот нь 1010 онд байгуулагдсан өдгөө долоон сая гаруй хүн амтай, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотын нэг болжээ. Тус улсын Засгийн газраас жуулчдыг татах, хотын түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах үүднээс хотын төвийн эртний түүхт 36 гудамжинд барилга бариулахыг хориглосон байна.

Бид Вьетнамыг гуравдагч хөршөө гэж харж байна
 
Монгол Улсын Ерөн­хий­лөгч айлчлалынхаа хүрээнд Монгол Вьетнамын бизнес форумд оролцсон юм.
Монгол Улсын Ерөн­хий­лөгч Монгол, Вьетнамын биз­нес форумд хэлсэн үгэндээ “Вьет­нам Улсад анх удаа айлчилж буйдаа сэтгэл маш өндөр байна. Хо Ши Минь хотын удирдлага болон бизнесийн төлөөлөгчдийн уулзалтад хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Хоёр орны ахмад үеийнхний үндэс суурийг нь тавьсан энэ сайхан харилцаа өнөөг хүртэл сэвтээгүй.

Бизнес эрхлэгчид яагаад Монголыг сонгох хэрэгтэй вэ? Үүнд хэдэн тайлбар хэлье. Монгол Улс нь хоёр том зах зээлийн дунд оршдог тул харилцан хамтран ажиллахад дөхөмтэй. Хуучнаар ЗХУ-д сурч байхдаа би олон вьетнам найз нөхөдтэй байлаа. Вьетнамчууд бол нөхөрлөлдөө үнэнч, сайхан сэтгэлтэй хүмүүс байдгийг би мэднэ. Вьетнамд сурч төгссөн монголчууд болон Монголд сурсан вьетнамчууд олон бий.

Монгол Улсад бизнес хийж буй гадаадын хөрөнгө оруулагчдын ашигтай ажиллах орчныг бид бүрдүүлэхийг үргэлж хичээдэг. Бид саяхан хөрөнгө оруулалтын хуулиа шинэчлэн баталж, бизнесийн тогтвортой байдлыг батал­гаа­жуулсан. Энэ хуулийг пар­ламентын гишүүдийн гурав­ны хоёр оролцож байж өөрч­лөх учраас тогтвортой мөр­дөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Бидний хувьд гуравдагч хөрштэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх нь үндэсний эрх ашигт нийцсэн чухал асуудал юм. Бид Вьетнамыг гуравдагч хөршөө гэж харж байна. Монголын эдийн засаг 2011 онд дэлхийн хамгийн хурдацтай өсөлтийг харуулсан. Бид энэ өсөлтийг хадгалахыг хичээж ажиллана. Бид хүнс, тэр дундаа далайн бүтээгдэхүүн болон эмийн бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй байдаг.

Бид Вьетнамаас ажиллах хүч авахыг сонирхож байна. Монгол Улс газар нутгийн хувьд асар том бөгөөд нийт 50 гаруй сая малтай. Иймээс сайн чанарын махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байна. Монгол газрын тос, нүүрс гээд байгалийн асар их нөөцтэй. Уул уурхай болон бусад салбарт хамтран ажиллах бизнесийн төлөөлөгчдийг дэмжиж ажиллана гэдгээ миний уулзсан Вьетнамын төр засгийн удирдлагууд илэрхийлсэн. Иймээс та бүхэнд хоёр талын зүгээс хангалттай дэмжлэг байна гэсэн үг юм.

Бид Хятадын төмөр замаар дамжин Вьетнамын боомт руу гарахыг сонирхож байна. Манай хоёр орны хооронд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих боломж бий. Монголчуудын амьдралын хэв маяг вьетнамчуудынхаас тэс өөр учраас очиж үзэхэд үнэхээр сонирхолтой байх болов уу. Та бүхнийг Монгол Улсад зочлохыг урья. Манай орныг зорих бизнесийн төлөөлөгчдийн виз болон бусад баримт бичгийг цаг алдалгүй шийдэж өгнө гэж Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат надад амласан. Ингээд Монгол, Вьетнамын бизнесийн хамтын ажиллагаа удахгүй эрчимжиж, хоёр орны хөгжил цэцэглэлд томоохон түлхэц болно гэж найдаж байна” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан