Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боомтын захиргаа, Үндэсний зөвлөлтэй агентлаг байгуулах эсэхийг эргэн харна
БоомтЫН захиргаа, Үндэсний зөвлөлтэй агентлаг байгуулах эсэхийг эргэн харна
УИХ-ын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хурал­даанаар Үндсэн хуулийн цэ­цийн дүгнэлт, Хилийн боом­тын тухай хуулийн төсөл түүнтэй холбоотой бусад хуу­лийн төсөл, Ногоон хөгж­лийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцлээ. Гишүүдийн ирц хангалтгүй байсан учир хуралдаан хугацаанаасаа нэ­лээд хоцорч эхлэн, цаг сунган хуралдсан юм. Харин цагтаа ирсэн гишүүдийг УИХ-ын дарга урамшуулна гэж байв.

Гэхдээ чуулганы ирцэд 44 гишүүн бий гэсэн тоо гарсан ч үүнээс тал орчим нь танхимд сууж харагдсан. Өнгөрсөн долоо хоногийн чуулганд дөрөвхөн гишүүн хуралдсан жишээ байгаа. Тэгэхээр УИХ-ын Тамгын газар анхааралдаа авч, арга хэмжээ авах ёстой нэг чухал зүйл нь гишүүдийн ирц гэдгийг Байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанууд сүүлийн үед харуулаад буй.    

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж ҮХЦ дүгнэлт гаргасан. Хуульзүйн байнгын хороо үүнийг авч хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Чуулганы үеэр ч гишүүд Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй байр суурьтай байлаа. Цэцийн гишүүд нийгмээс, жирийн иргэдээс тусгаарлагдсан, иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргадаг, сүүлийн үед гаргаж буй дүгнэлтүүд нь ойлгомжгүй байна, заримдаа асуудлыг дарж, хэлэлцэхгүй мөртлөө заримд нь шуурхай ханддаг гэх мэтээр гишүүд шүүмжлэлтэй хандав.

ҮХЦ “...шүүх бүрэл­дэхүүнд...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Ингэснээр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын “... шүүх бүрэлдэхүүнд ...”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “...шүүх бүрэлдэхүүнд...” гэсэн заалтыг 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм.
Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүйгээр буцаасан учир шийдвэрээ Их суудлын хуралдаанаараа дахин авч хэлэлцэх ёстой.

Д.Дэмбэрэл: Том төрийг тураах биш улам данхайлгах гээд байна

Хилийн боомтын тухай хуулийн төсөл түүнтэй холбоотой өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. Гишүүдээс цөөнгүй асуулт энэ үеэр гарсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Барилга байшин барихаар захиргааны төсөв нэмэгдэх юм биш биз дээ” гэж лавлав. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг “Боомтын барилгыг зарчмын хувьд тогтоохыг тусгасан. Бүх боомтод барилга барих биш юм” гэж тайлбарлалаа.

Боомтын захиргаа, Үндэсний зөвлөл, байгуулна гэж төсөлд тусгасан байна. Боомтын үндэсний зөвлөлд орон нутгийн удирдлагууд болон тухайн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн төлөөллийг оруулах юм байна. Боомтын нэгдсэн захиргаа нь боомтод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хяналт шалгалтын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах гэнэ. Мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, жирийн албан тушаалтнууд байхаар тусгаж. Захиргаа байгуулахаар дагаад төрийн бүтэц томроод ирэх сөрөг талтайг гишүүд ч бас хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Дэм­бэрэл “Нэгдсэн захир­гааны бүтэц, орон тоог Засгийн газар батална гэсэн. Заавал ингэж захиргаа байгуулахгүйгээр Үндэсний зөвлөл нь ажлын албатай байгаад түүгээрээ зохицуулах боломжгүй юу. Ерөнхийлөгчийн яриад байгаа том төрийг турааж, ухаалаг болгоно гэснээс зөрөөд орон тоо нэмээд данхайгаад байгаа биш үү. Үндэсний зөвлөлд ажлын албаа байгуулах эрхийг өг гээд УИХ-ын дарга алхаа тогшоод шийдэж болмоор харагдаж байна” гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг “Энэ талаар ажлын хэсгийн гишүүд төсөл санаачлагчид хэлсэн. Орон тоо нэмж оруулан батлуулахгүй гэсэн. Эхний ээлжинд Боомтын захиргаанд одоо энэ чиглэлийг хариуцан ажиллаж байгаа хүмүүсээ ажиллуулна гэж хэлсэн. Төрийн бүтцийг данхайлгахгүй байх шаардлага ажлын хэсгээс ч гэсэн тавьж байна” гэж тайлбарлав. Харин УИХ-ын дарга З.Энхболд үүнийг анхааралдаа авч үзэх нь зөв гээд төсөл санаачлагч Засгийн газрын холбогдох алба­ныхантай Байнгын хороодтой ярилцаад Боомтын захир­гаа байгуулах эсэх тухайд ямар нэг шийдэлд хүрэх ёстой гэсэн юм. Ингээд энэ талаар төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр дахин хөндөхөөр боллоо. Ямар ч байсан уг төслийг дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар тогтлоо.
0 Сэтгэгдэл
УИХ-н гишүүдийн ирцийг нэгтгэсэн байдлаар улирал тутамд,жилээр,сонгуулийн өмнө мэдээлэлийн хэрэгсэлүүдээр албан ёсоор зарлаж,үүгээрээ ард түмэнд хариуцлагатай хүнийг сонгох сонголтыг нь олгох,нөгөө талдаа УИХ-н гишүүдийг хариуцлагатай байлгах хөшүүрэгтэй баймаар.
УИХ-н гишүүдийн ирцийг нэгтгэсэн байдлаар улирал тутамд,жилээр,сонгуулийн өмнө мэдээлэлийн хэрэгсэлүүдээр албан ёсоор зарлаж,үүгээрээ ард түмэнд хариуцлагатай хүнийг сонгох сонголтыг нь олгох,нөгөө талдаа УИХ-н гишүүдийг хариуцлагатай байлгах хөшүүрэгтэй баймаар.
Хамгийн их уншсан