Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр хууль зөрчсөн үү, Увсын 13 иргэн хүн гүтгэсэн үү
-Увсын Тариалан сумынхан урамшуулалд авсан сая төгрөгөө СЕХ-д буцааж өгөхийг хүсэв-

УИХ-ын 2012 оны сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор тус аймгийн Тариалан сумын 13 айлд тус бүр 100,0 мянган төгрөг тараасан байсан. Үүнийг нь дээрх иргэд хуулийн байгууллагад мэдээлснийг шалгаж үзэхэд Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 35.18.1-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсэн нь нотлогдсон. Ингээд энэ хуулийн  35.29-д “Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэн  шүүхийн шийдвэрээр Увс аймгийн Тариалан сумын 13 иргэнд нэр дэвшигчдийн тараасан мөнгийг нэмэгдүүлэн  сая төгрөг болгон өгсөн юм.  
Шударга ёсыг эрхэмлэн хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэн мэдээлснийхээ төлөө ийн  сая төгрөг авсан Увс аймгийн Тариалан сумын иргэд  өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, СЕХ-г хуулиа биелүүлж ажиллахыг шаардаж байгаагаа илэрхийлэв. “Монгол Улс хуультай, тэр хуулиа биелүүлье. Хууль биелүүлснийхээ төлөө өнөөдөр бид хүн гүтгэсэн хэрэгт унах нь. Бид хууль адилхан хэрэгждэг байх ёстой гэдэг үүднээс хууль зөрчсөн үйлдлийг  илрүүлсэн. Түүнээс биш сая төгрөг авахын төлөө ийм зөрчил илрүүлж мэдэгдээгүй” гэж тэд ярилаа.  
МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар сонгогчдод мөнгө тарааж хууль зөрчсөнийг шүүх  тогтоож, СЕХ 13 хүнд 13 сая төгрөг өгчихөөд байхад хэргийн жинхэнэ эзэн тэр хоёр хүний  УИХ-ын гишүүний мандатыг өнөө болтол хүчингүй болгохгүй байгаагаас нутгийн иргэд энэ 13 хүнийг бусдыг  гүтгэсэн мэтээр ойлгож байгаа гэнэ. Иймд тэд хууль бус үйлдлийг мэдээлснийхээ төлөө авсан урамшуулал мөнгөө СЕХ-нд буцааж өгөхөөр ирснээ мэдээлсэн юм.
Энэ тухайгаа СЕХ-нд очиж хэлсэн ч  СЕХ-ны Ч.Содномцэрэн “Хуулийн дагуу сая төгрөг өгсөн учраас буцааж авах эрх зүйн үндэс байхгүй” гэсэн хариу өгсөн байна.
Тэгэхээр энэ иргэд бид хүн гүтгэсэн болж таарч байгаа бол урамшуулалд авсан мөнгөө буцаан өгөх, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хууль зөрчсөн нь үнэн бол тэдний УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа илэрхийлсэн юм.
Уг нь УИХ-ын  сонгуулийн тухай хуулийн 35-ын 34-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хэрэв тухайн этгээд нь тойргийн хороонд бүртгүүлсэн бол тойргийн хороо нь, хэрэв тухайн этгээд нь СЕХ-нд бүртгүүлсэн бол СЕХ тус тус хүчингүй болгоно” гэж заалт бий.
Монгол Улсад өнөөдөр мөрдөж байгаа хуулийн энэ заалтыг мөрдөж,  хуулиа хэрэгжүүлэхийг Увс айгийн Тариалан сумын энэ иргэд СЕХ-ноос шаардаж байгаа юм байна. 

0 Сэтгэгдэл
zuv zuv
энэ хоёрт хууль үйлчилдэггүй юм уу, хаашаа юм бэ, зайлуулаач ээ
zuv zuv
Хамгийн их уншсан