Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөрдөх албаны тухай хуулийн төсөлд намын бүлгүүд байр сууриа нэгтгэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Мөрдөх албаны тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх хуулийн төслийг өнгөрсөн даваа гарагт бүлгийн хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөсөн ч  тус төслийн ажлын хэсгээс мэдээллийг сонсч чадаагүй аж. Тиймээс чухал хуулийн төслийг бүлгээр заавал хэлэлцэх шаардлага байгаа тул хойшлуулах хүсэлтэй байна” хэмээн УИХ-ын гишүүн Л.Цог санал гаргасан юм. Уг саналтай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд эрх ашиг нэгдэж буйгаа мөн хэлэв. Тус бүлэг дээрх хуулийн төслийг бүлгээрээ хэлэлцэх шаардлагатай байсан ч төсөл дээр ажилласан Д.Лүндээжанцан гишүүн орон нутагт ажиллаж байсан тул холбогдох мэдээллийг авч чадаагүй аж. Тиймээс цөөнхийн бүлэг Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай юм байна. Саналуудыг байнгын хорооны дарга хүлээн авснаар төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Үүний дараа Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шүүхийн багц хуультай холбоотой хуулиудыг одоо өргөн бариад явж байна. Уг хуулийн төслүүдийг өргөн барихын тулд судалгаа хийх шаардлагатай болдог. Үүнд төсвөөс ямар ч мөнгө төсөвлөөгүй байсан. Мөнгө санхүүг нь хэрхэн шийдсэн бэ” гэхэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Үндсэн чиглэл дотор өргөн баригдах 218 хуульд мөнгө санхүүгийн асуудал хөндөгдөнө.  Энэ дөрвөн жилийн хугацаанд уг хуулийн төслүүдийг хэрэгцээ шаардлагад нь тулгуурлан боловсруулна” гэх хариулт өгөв.

Түүнчлэн байнгын хороо­ны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын зүгээс санаачлан боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүд хуралдаанд ирээгүй тул хойшлуулав. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүд ирээгүй тул мөн хойшилж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан