МУИС-ийн профессор С.Долгор өчигдөр
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори
Шимизүгээс Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан
туяа” зэрэглэлийн одон гардаж авав.
Шагнал гардуулах ёслолд Япон Улсын Элчин сайдын өргөөнд болсон бөгөөд Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ “МУИС-ийн профессор С.Долгор таныг юуны өмнө Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг авч байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. С.Долгор багш Монгол улсыг социалист нийгмийн тогтолцоотой байсан 1970 онд японд суралцаж байсан анхны оюутнуудын нэг бөгөөд япон хэлний олон сурах бичиг, сургалтын материал зохион, хянан тохиолдуулснаас гадна “Кагүяа гүнж”, “Аалзны шүлс” зэрэг японы уран зохиолын номыг орчуулсан юм. Мөн олон талын эрдэм шинжлэгээний өгүүлэл бичих, илтгэл тавих зэргээр монголчуудад японы соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна. Түүнчлэн 1998 оноос эхлэн япон хэлний багш нарын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд Монголд япон хэлний сургалтыг дэлгэрүүлэх, япон хэлний багш нарыг бэлтгэх зэрэг нийгмийн үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган ажиллаж ирсэн эмэгтэй юм. С.Долгор багшийн энэхүү өргөн хүрээтэй үйл ажиллагаа нь хоёр орны найрамдалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн энэхүү одонгоор шагнаж байгаа юм” гэлээ.
Харин МУИС-ийн профессор С.Долгор ярихдаа “Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг авсандаа маш их баяртай байна. Миний бие Япон улстай холбогдоод 38 жил болжээ. Гэхдээ хийсэн бүтээсэн зүйлс, цаг хугацааг одоо ингээд бодоход чамлалтай санагдаж байна. Монгол улс болоод Япон улсын ирээдүйн сайхан харилцааг авч явах боловсон хүчин бэлтгэхийн төлөөх тууштай ажлаа цаашид ч үргэлжлүүлэх болно” гэсэн юм.
























