Сонгууль гэдэг их наадмаар артай болгон сунгаанд гүйж, амтай болгон цэц булаалдаж ёстой л нөгөө миний эрх ашиг минийх, чиний эрх ашиг ч минийх гэсээр байтал нь эгэл ард итгэлээ тэдэнд өгч, Иргэдийн хурал гээч их айлынхаа хоймор заларсан нь саяхан байсан чиг бүтэн жил өнгөрчээ. Дундговь, Дорнод гээд цөөнгүй аймагт улс төрийн суудлын төлөөх маргаан хэл ам тасралгүй жилийг үдлээ. Гэтэл гэнэтхэн он жилийн босгон дээр Монгол улсын шилдэг аймгаар шалгарсан Дорноговь аймагт улстөрийн байдал тогтворгүй болж хэвлэл мэдээлэл цахим хуудсаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг гэх эрхмийн талаар таагүй мэдээлэл цаг минутаар гарах тоолонд сэтгүүлч миний бие сониуч зан мэргэжлийн хорхойндоо хөтлөгдөн замын унаанд дайгдан Дорноговиор зочиллоо.

Яг юу болсныг газар дээрээс нь халуун цэгээс сурвалжлан мэдээллийг уншигч түмэндээ хүргэх нь сэтгүүлч миний үүрэг хойно... Юу болов...
Дорноговийн Иргэдийн хурал Засаг даргадаа Итгэл эс үзүүлэх 5 шаардлага тавьжээ. Бүүр нөгөө ардчилал үнэртсэн газруудад хэзээд нэргүй байдаг МАН-тайгаа нийлээд Ардчилсан намын хэсэг төлөөлөгчид нь санаачилга гаргаж гараа өргөж гэнэ.
Тендэр будилаантуулж, газрын наймаа хийсэн, намын бүлгийн шийдвэрийг биелүүлээгүй, Дорноговь аймгийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг 75 хувьтайгаар ДУНД гүйцэтгэсэн гэх мэт үндэслэлээр огцруулах саналыг хүргүүлжээ. Саяхан л Монгол улсын шилдэг аймаг болж шагналаа гардан авсан аймаг биш билүү ч гэж гайхахад хүрлээ. Засгийн газраас гаргасан үнэлгээний журмын дагуу 90,5 хувьтай үнэлэгдээд байсан үндсэн чиглэлийн биелэлт яагаад 75 хүртлээ буурав. Бодит бүтээн байгуулалт шинэчлэл гээд хийсэн бүтээсэн зүйлтэй Дорноговийн ард иргэдэд бусад аймгууд бараг л атаархаж суухаар байтал энэ тоо юунд үндэслэсэн нь бүр л сонирхолтой.
Асуудлыг
нягтлан сонирхтол тендерийг ном журмынх нь дагуу зохион байгуулсан ба Авлигатай
тэмцэх газар холбогдох албаны хүмүүс нь шалгаад ямар нэгэн алдаа зөрчил
илрээгүй бололтой. Мөн газрын маргаантай гэгдэх төсөл сонгон шалгаруулалтын
ажлууд ч ном журмын дагуу хийгдэж харин Замын үүдийн “Шинэ сумын төв” төсөлд
дээрхи нөхдийн компаниуд өрсөлдөж ялагдсан явдал нь Засаг даргыг хамтран
ажилласангүй хэмээн буруутгах үндэслэл болсон гэх цөөнгүй хүний таамаглал байв.
Нутгийн иргэд энэ хэдхэн хувь хүний ашиг сонирхлын хийрхлээс бүхэл бүтэн
аймгийн ард иргэдийн эрх ашиг хохирч байгаад бухимдалтай байгаа нь тодорхой
байна.

Дорноговь аймаг “Ардчилал”-ыг төрд төлөөлүүлж энэ аймгийн Засаг даргаар Япон школтай олон жилд Японд эдийн засгийн төлөөлөгчөөр суусан П.Ганхуяг гэгч нөхөр сонгогдож Дорнын говийг Япон болгоно гэнэлээ юу л бол хэмээн хэвлэлээр нэг хэлүүлж суусан цаг саяхан мэт санагдавч хэдийнээ 5 жил өнгөрчээ. Япон болгоогүй ч Япон улсын Шизүока мужтай байгуулсан найрамдалт харилцааны үрээр нь олон олон зүйлст шинэчлэл хийгдэж байгааг ард иргэд нь сайшаадаг гэнэ.
Нэгэн цагт өндөр хөгжилтэй орны эдийн засгаас судалж Монгол Японы харилцаанд яригдах болсон түүний соргог мэдрэмжинд газрын үнийг “ ТЭГ” лэж ингэснээр орон сууцны үнэ буурах юм гэдэг харагдсанаар дотоодын барилгын компаниудаа нэгтгэж, газар олгож орон сууц бариулсан байна. Ингэснээр 100 гаруй айл өрх эхний ээлжинд зах зээлийн үнээс 50 хувь хямд сууцанд амьдрах болсон гэдэг. Газрын үнийг тэглэснээсээ 3 шатны шүүхэд дуудагдаад авсан Засаг даргын энэ санаачлагыг орон сууцны үнэ буурах боломж гэж харсан зарим нэг гишүүн хууль санаачлан батлуулахаар Их хурлаар өргөн барьсан байдаг. Засаг даргын барьсан энэ бодлогын хүчинд 2008-2013 оны хугацаанд Дорноговьд орон сууцны үнийн хөөрөгдлийг үүсгэлгүй барилгын үнийг тодорхой түвшинд барьж тэн хагасаас илүү нь дундаж орлоготойд автоматаар тооцогддог манай улсын хэсэг ард иргэдийн амьжиргаа дээшилсэн нь дамжиггүй. Босоо тэнхлэгийн зам бүрэн ажиглалтанд орж бид чинь хойшоо урагшаа дураар давхиад цаг хугацаа эдийн засаг хэмнэгдээд улам л хөгжиж байнадаа аймаг минь гэсэн үг ч иргэдийн амнаас хөврөөстэй. Бодолд ч байгаагүй олон зүйлийг бодит болгож ажиллаж байгаа Ардчиллынхан бас юм хийж байгаа гэх хүн байхад, хаа байна нөгөө Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор нь гээд л эхлэх нь бий.
Түүнээс тодруулга авахад төдийгөөс өдийг хамт туулж зүтгэж ирсэн намынхаа нөхдийн эсрэг тэрбээр нэг ч муу зүйлийг хэлсэнгүй харин ийм бохир улстөрөөр хоосон гүтгэлэг явуулж Ганхуяг нэрийн дор Дорноговийн ард иргэдийн амьдрал бүтээлийг гутаан доромжилж байгаад дургүйцэж буйгаа нуусангүй. Аргаа барж байгаа хэсэг хэдхэн хүнээс болж Ардчиллын нэр хүнд унаж байгаад ихэд харамсч байгаагаа илэрхийлээд хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй чадварлаг залуусаа дэмжих боловч ийнхүү илтэд шунамхайрч, Засаг даргын суудалд санаархаж, аймаг орон нутгийн хөгжил, ард иргэдийн эрх ашгаас амин хувийн эрх ашигаа илүүд тавьсан энэ мэт байдалд хэзээ ч нугарахгүй надад хийсэн буруу зүйл, шамшигдуулсан гэх эд хөрөнгө байхгүй . Хэвлэл мэдээлэл цахим хуудсаар хар буруу захиалгат мэдээлэл хийлгээд өдөр шөнөгүй нүдсэн ч надад санаа зовох зүйл алга. Ард олон чинь итгэл үнэмшилээ жижигхээн зүйлд худалдаж хууртдаг цаг өнгөрсөн. Тэр бүрийд тайлбар тодруулга хийгээд явах шалтгаан , цаг зав ч алга. Ондоо багтаж төлөвлөгдсөн хийж бүтээж дуусгах ажлууд энэ увайгүй байдлаас болж зогсох ёсгүй. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг минь дуусгавар болоогүй байна. Итгэл хүлээлгэх эсэхийг иргэдийн төлөөлөл гэгдсэн хэдхэн хүн биш иргэд маань мэдэх биз гэдгээ хэлээд амжсан. Үнэхээр бас сэхээтэн дипломат хүний зан чанарыг түүнээс олж харлаа. Муйхраар зүтгэж элдвээр гүтгэж өрсөлдөх бус эрүүлээр сэтгэж, ухаанаар шийдэх улстөрийг эрхэмлэвэл зохилтой.
Энэ байдлын талаар Аймгийн Ардчилсан намаас тодруулга авахад намын бодлого шийдвэрээр Засаг даргаа бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар энэхүү хэсэг нөхдийн гаргасан увайгүй үйлдлийг эрс буруушааж байгаа бөгөөд энэ талаар тогтоол гарчээ.
Эндээс харахад намын бүлгийн эрх ашгийг ч нийт ардын эрх ашгаас дээгүүрт тавьж төрийн албан хаагчдыг халж өөрсдийнхөө хүнийг томилуулах, өөрийн эрх эрх ашигт нийцүүлсэн бодлого шийдвэр гаргуулахыг шаардаж, Засаг даргыг нилээн шахаанд оруулж тэр хүсэл юугаа гүйцэлдэх боломжгүй болохоор энэ бүхнийг хийсэн нь тодорхой болж байна. Энэ мэтээр сонгуулийн синдром үргэлжилсээр... ирэх сонгуулийг ийм эрт харав уу?
Дорноговь аймаг өдрөөс өдөрт өнгөжин тэлж байгаа нь Монголын төдийгүй дэлхийн сонорт байгаа энэ цаг үе тэдний шуналыг хөдөлгөв үү? Албан тушаалын санаархал хэрээс хэтэрч ийнхүү оргилдоо тулж орондоо жийлцэх болсон байна. Сонгуулиар намаараа талцаад биесээ үл харах намчирхагсад, эрх ашигт нэгдээд намын бодлого зорилгоо уландаа гишгэсэн бохир улс төржилт ийн Монголд газар авсаар.
Ингээд бодоход нөгөө бидний яриад байгаа эрүүл шударга өрсөлдөөн хаана тээглээд үлдчихэв ээ?
























