Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Амаржаргал: Монголын нийгэмд хариуцлага бүр сураггүй болчихлоо

УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал бүрэн эрхээсээ тат­галзах хүсэлтээ өгөөд багагүй хугацаа өнгөрсөн ч асуудлыг дөнгөж өчигдөр хэлэлцэж эхэллээ. Төрийн байгуулалтын байнгын хо­рооны хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд “Аливаа байгууллага өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэх ёстой атал хуулийн хугацааг нь өнгөрсөний дараа авч үзэж байгаагаа Байнгын хорооны дарга тайлбарлаж өгөөч” гээд Р.Амаржаргал гишүүнийг ямар үндэслэлээр татгалзаж буйгаа тайлбарлахыг хүссэн юм.

УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргасны дараа хэдий хугацааны дотор асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн заалт, зохицуулалт хуульд байхгүй гэж Төрийн бай­гуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариуллаа. Ямар ч байсан 30 хоногт баг­тааж хэлэлцэж эхэлсэн гэв.

Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гаргасан хүсэлтээ тайлбарлахдаа ямар нэг өвчин эмгэгээс болж татгалзаагүйг онцлов. Улс төрийн хариуцлагыг  хөнд­сөн учир дөрвөн зүй­лээр тайлбарлалаа. Тэрээр “Монголын нийт ард түмэн, тэр дундаа намайг төрд илгээсэн Сүхбаатар дүүргийн сонгогчдодоо гүнээ хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлье. Та бүхний итгэл найдвар, өмөг түшгээр би УИХ-д дөрвөн удаа сонгогдсоноос гадна Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албыг хашсан билээ. Монголын ард түмэн та бүхний хатуу дэмжлэг, халуун дулаан итгэлээс гадна миний гар бие оролцон үүсгэн байгуулсан ШДХ, МҮДН, МҮАН, АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдвар юм гэдгийг гүнээ ухамсарлан хүндэтгэн талархаж явдаг  билээ.

Миний бие УИХ-д анхлан сонгогдсон цагаасаа л сонгогч, иргэд та бүхнийхээ итгэлийг алдахгүй, нүүрийг улайлгахгүй, тууштай зарчимч, чигч шулуун, шударга ажиллахыг эрхэмлэж ирсэн” гэсэн. УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлт гэнэтийн шийдвэр байгаагүй, маш сайн бодож тунгаасан. Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн хэмээв. Дөрвөн үндэслэлээ танилцуулахад нь багагүй хугацаа шаардагдсан юм. Түүнийг үндэслэлээ танилцуулж дуусахад гишүүд асуулт тавьж тэрээр заримд нь хариулт өгөв. 

М.Батчимэг: Ардчиллын төлөө хувь нэмрээ оруулж ирсэн Монголын том улстөрчдийн нэг. Таны хэлсэн шүүмжлэлтэй хувь хүнийхээ үүднээс санал нэгддэг. Гишүүд таны яагаад ийм шийдвэр гаргасныг ойлголоо гэж байна. Би харин эргэлзэж байна. Сайн ойлгохгүй байгаа. Улстөрчид, олонхи, АН, шүүх засаглал хариуцлагатай ажиллахгүй байгаа учраас урдуур нь орж хариуцлага хүлээнэ гэж та хэллээ. Хариуцлагагүй хүмүүсийг та хаацайлж байгаа үйлдэл биш юм уу. Хариуцлага хүлээх ёстой нь ард нь үлдээд байна. Та хариуцлага хүлээх ёстой хүн гэж бодоод байгаа юм уу. Та УИХ-ын дарга ч биш, Засгийн газрын тэргүүн ч биш, шүүх засаглалын тэргүүн ч биш. Улс орны хэмжээнд хамгийн нөлөөтэй, шийдвэр гаргах эрхтэй парламентын тэмцлийн талбараас зугатаж байгаа нь өөрөө хариуцлагаас зугатаж байгаа хэлбэр биш юм уу. Ичих булчирхайтай учраас өргөдлөө өгч байна гэж байгаа бол үлдэж байгаа 75 гишүүн ичих булчирхайгүй гэсэн үг үү?

Р.Амаржаргал: Эстонид Ерөнхий сайд нь зах дээр байшингийн дээвэр нурахад огцорсон. Энэ хүн бол хариуцлагаас зугатаж, бусдыг хаацайлж байгаа, ёс зүйгүй аашилж байгаа хэлбэр биш байх. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад байдаг улс төрийн соёлын тухай асуудал. Улс төрийн хариуцлага гэж байх ёстой. Монголын нийгэмд хариуцлага алга болоод бүр сураггүй болчихлоо. Өргөдлийн хэмжээнд л хүмүүс хараад байх шиг. Өргөдөл өгснөөр ямар асуудал гаргаж, төвлөрүүлж, тодруулав гэдэг нь чухал. 

Л.Цог: Нийгмийн асуудлыг багцаар нь хөндөж, хүний өмнөөс хариуцлага хүлээе гэж байсан хүн байгаагүй. Орон зайг маш амархан бөглөдөг. Өөрөөс чинь долоон дор хүн ирээд энэ зайг бөглөчих вий гэж маш их санаа зовж байна. УИХ-ын гишүүн биш болчихоод ямар хэлбэрээр тэмцэх вэ.

Р.Амаржаргал: Аргаа ядахад ерөнхий боловсролын сургуульд нийгэм судлалын багш хийгээд байна. Тал бүрээс нь бодож шийдвэр гаргасан. Миний хийж байгаа ерөнхий дүгнэлт бол урагшаа явахын тулд хариуцлагатай байх, хатуу шаардлага тавих. Сайд, дарга нартай хариуц­лага тооцдог байх ёстой.
Ингээд асуулт дуусч, гишүүд саналаа хэллээ.

Ж.Батзандан:
Таны шийдвэрийг хүндэтгэнэ. Мон­голын улс төрд тодорхой сиг­нал өгсөн, том ухамсарын шанаа өгсөн шийдвэр гэж харж байна. Амаржаргал гомд­сондоо, албан тушаал аваа­гүйдээ УИХ-аас гарч байна гэсэн зарим хүний гэ­нэн дүгнэлттэй санал ний­лэх­гүй. Монголын төр дампуурч байгаа гэж Ерөнхийлөгч хэ­лээд байгаатай санал нийлнэ. УИХ хийж чадахгүй бол тарах хэрэгтэй. Дампуу УИХ, дампуу Засгийн газартай хэр удаан явах гэсэн юм бэ. Хариуцлага ярьж чаддаггүй Төрийн бай­гуулалтын байнгын хороо, УИХ байгаа шүү. Таныг дэм­жиж тодорхой алхам хийхэд бэ­лэн гэдгээ албан ёсоор хэлье.

Су.Батболд: АН-ын­хан бялуундаа хэтэрхий бялуур­сан байгаа. 20 жил төрийн эрх мэдэл аваагүй байхдаа олж аваагүйгээ яаж гартаа оруулах вэ гэж байгаа. Нийгэмд юу болоод, ард түмэн юу хүсээд байгааг мэдэхгүй байна. Өөрсдийнх нь дундаас болохгүй байгааг нь хэлж байна шүү дээ. Ичих булчирхайтай бол юу болоод байгааг анхаарах ёстой. Ялалтынхаа хөөрлөөс, хөрсөн дээрээ буугаач ээ. Ард түмэн дүнгээ тавина. Ардчиллаа яаж хамгаалж явах вэ. Ардчиллын ард дарангуйлагч, фашизм гарч ирэхэд амархан. Энэ сорилтыг ард түмэнд АН-д өгсөн байж магадгүй. Шударга ёс байдаг бол, нийгмийг үнэн зөв дүгнэдэг бол Амаржаргал гишүүний араас гараад явах гишүүн маш олон байгаа. Улстөрчийн хувьд зөв шийдвэр гэж харж байгаа учраас дэмжиж байна.

С.Баярцогт:
Таны хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Амаржаргал гишүүнтэй дөр­вөн удаа хамт УИХ-д суусан, Засгийн газарт ажилласан. Хоёр дахь удаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна. Эхний удаад Ерөнхий сайдаар сонгогдсон учраас богино хугацаанд чөлөөлж байсан. Нийгэм, эдийн засагт тул­гамдсан асуудлуудыг өөрийн­хөөрөө үнэлж дүгнээд улстөрч­дөд сануулга өгөх үүднээс өргөдлөө өгч байна гэж ойлгож байгаа. Амар­жаргал гишүүн хувь хүнийхээ хувьд ёс суртахууны олон сай­хан шинж чанараа парламен­тад үзүүлж байсан. 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшихэд өөрийнхөө төлөө санал өгөхгүй гээд өгөөгүй. Ту­хайн үед санал 50:50 болж байсан. Өөрийнхөө төлөө санал өгөөгүй учраас Ерөнхий сайдаар сонгог­доогүй. Ёс суртахууны маш сайн үлгэр дууриал гэж бо­дож байлаа. Харин дараа нь нэг зүйлд харамсдаг бол­сон. Тэр үед Амаржаргал ги­шүүн өөрийнхөө төлөө сана­лаа өгсөн бол 1996-2000 оны хооронд олон удаа Зас­гийн газар огцрохгүй, удаан хугацаагаар үүрэг гүй­цэт­гэгчээр ажиллахгүй, магад­гүй Зориг гишүүн амиа алдах­гүй ч байх байсан гэж боддог. Тэгэхээр хүний гар­гаж байгаа ёс зүйн шийд­вэ­рүүдийг парламент улс ор­ныхоо хувь заяаг, хөгж­лийн чиг хандлагаас харах ёс­той. Улстөрч хүн өөртөө харьяалагдахгүй. Ард түмэн, тодорхой намд харьяалагдаж, өөрийнхөө ухамсарт амьдра­лаа зориулна гэж орж ирдэг. 

Нийгэм, эдийн засаг ийм байдалтай байгааг оны өмнө хэлж, санал солилцож байсан. Ийм хүн парламентад байх ёстой. Энэ удаад УИХ-д ол­ныгоо сөрөөд үг хэлж чад­даг, байгаа байдлыг шүүм­жилж чад­даг, бусдад адлагдаж бай­сан ч сануулга, хонхны дуу болж чаддаг хүн хэрэгтэй. Та­ны хүслийн эсрэг санал өгнө.
УИХ-ын гишүүн Л.Цог, Н.Батцэрэг нар Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг дэмжиж байгаа саналаа хэлсэн бол Р.Бурмаа, Г.Батхүү, А.Бакей нар эсрэг байр суурьтайгаа илэрхийллээ. Санал хураалтад 12 гишүүн оролцсоноос М.Энх­болд, Су.Батболд, Л.Цог, Н.Батцэрэг, Ж.Батзан­дан нараас бусад нь Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хүлээж авахгүй хэмээн гар өргөсөнгүй. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, саналыг нууцаар хураах юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан