Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Он гарангуут валютын ханш өсгөсөн хүмүүсийн нэрийг зарлана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзаж, 30 минутын турш сонирхсон асуултад нь хариулт өгдөг уламжлалтай. Энэ удаагийн ээлжит уулзалтын эхэнд тэрээр шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт баруун гурван аймгийн зарим хэсэг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон аж. Монгол Улс ирэх онд нэг их наяд 133 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 301 төслийг, нийслэлд 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр төслийг аж ахуйн нэгжүүддээ ил тод зарлаж, шударга өрсөлдүүлж, сайн ажил болгохын төлөө ажиллана гэдгээ Ерөнхий сайд ярианы эхэнд онцоллоо.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийн хариулсан юм.

“Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гурван их наяд төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Гэтэл нефть импортлогч компаниуд зээлээ төлөхгүй байна гэсэн мэдээлэл гарчээ. Үүнд хэн хариуцлага хүлээх юм бэ?
-Нефтийн бүтээгдэхүүний үнэ өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлж байсныг дээрх хөтөлбөр хэрэгжүүлснээр тогтоон барьж чадсан. Тэд зээлээ буцааж төлнө. Зээл төлөх асуудлыг Төв банк хариуцна. 

-Засгийн газраас Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Уг төслийн гол үзэл баримтлал нь юу вэ?
-Бид “Чингис” бондоос хувийн хэвшилд өгсөн. Бондын мөнгийг тухайн компаниуд буцааж төлнө. Үүнийг заавал улсын өрд бичих шаардлагагүй. Олон улсын жишиг нь ч ийм юм билээ. Монгол Улсын өрийн хэмжээг ирэх онд 60 хувьд хүргэх саналыг Засгийн газраас оруулсан ч УИХ дэмжээгүй. Өр, зээл хоёрын талаар бид нэгдсэн ойлголттой болмоор байна. Би ажил үүргийнхээ хувиар маш олон эдийн засагчидтай уулзаж, санал бодлыг нь сонссон. Эдийн засагчдыг дотор нь хоёр хувааж болох. Нэг хэсэг нь өр тавьж ажил хийж болохгүй гэж байхад нөгөө тал нь зээл аваад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдээ санхүүжүүлээд явах хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө гэсэн. Би үүнтэй санал нийлж байгаа. “Чингис” бондын эхний төлбөрийг 2017 онд яаж төлнө гэж санаа зовох хэрэггүй. Энэ мөнгөнөөс хөрөнгө оруулж буй төсөл хөтөлбөрүүд тэр үед үр өгөөжөө хэдийнэ өгч эхэлсэн байна. Мөнгө авчихаад иргэддээ тараагаад өгөх нь зохисгүй зүйл. Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл тонн ачааг 350 мянгаар тээвэрлэдэг байсан бол бондын хөрөнгөөр энэ чиглэлд хатуу хучилттай зам тавьснаар энэ зардал одоо 150 мянган төгрөг болсон. УИХ Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгсөн. Үүний 1.5 тэрбумыг нь бид гаргаад байна. Тэгсэн хэр нь УИХ улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хууль баталсан. Энэ хоёр хууль хоорондоо зөрчилдөж байгаа. 

-Орон нутаг энэ сарын 5 гэхэд төсвөө батлах ёстой. Гэтэл Засаг даргыг нь батламжлаагүй дөрвөн аймаг бий. Энэ аймгууд цаашид яах вэ?
-Аймаг, нийслэлийн удирдлагуудыг Алтанхуяг гэдэг хүн томилно гээгүй. Монголын төр надаар дуусахгүй. Сумын Засаг даргыг иргэд нь, аймгийнхныг Ерөнхий сайд батламжилдаг байх саналыг АН-ын бүлэг гаргасан байна лээ. Би энэ асуудлыг дэмжиж байгаа. Хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Монгол нэгдмэл улс учраас ийм шийдэлд хүрэх ёстой. 

-Улсын төсвийн орлого тасалдсанаас бизнес эрхлэгчдэд маш их дарамт шалгалт ирж байна гэсэн. Үүнээс болоод ажил урагшлахгүй байгааг бизнесмэнүүд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлж байсан.
-Төсвийн орлого муу байгаа нь үнэн. Засгийн газар төсөв тасарч байгаа болохоор бизнес эрхлэгчдийг дарамтал гэж Татварын ерөнхий газарт даалгаагүй. Харин ч эсрэгээрээ буруу тийш нь мушгиж, далимдуулж болохгүйг хэлж байгаа.

-Валютын ханш өсгөсөн улстөрчдийн нэрийг та зарлана гэж хэлсэн. Хэзээ зарлах вэ?
-Энэ сард хамаагүй зүйл ярьвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаддаг. Тиймээс он гарангуут ханш өсгөсөн хүмүүсийн нэрийг зарлана.

-Ямар царигаар төмөр зам тавихыг арваннэгдүгээр сард багтаан шийднэ гэсэн  ч энэ асуудал таг чиг байсаар байна. Энэ асуудалд та хариулт өгөхгүй юү?
-БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчид Улаанбаатарт ирж энэ талаар гурван улсын хамтарсан зөвлөлгөөн болно. Энэ үеэр БНХАУ-ын талтай манайх уулзахаар товлоод байгаа. Уг уулзалтаар аль царигаар нь төмөр зам тавихыг шийднэ.

-Ирэх онд Монгол Улсын хэдэн объект хувьчлагдах вэ?
-Төрийн өмчийг эзэнтэй болгох асуудлыг Засгийн газар нухацтай ярилцана. Хувьчлах гэдэгт болгоомжтой хандах ёстой. Ямартай ч бид ирэх онд хувьчлах объектын жагсаалтыг удахгүй УИХ-д танилцуулахаар төлөвлөөд байна.

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж байсан. Та кабинетийнхээ гишүүдэд аль нэг яамны сайдад хариуцлага тооцох уу?
-Засгийн газар хариуцлага тооцож байгаа. Гаалийн ерөнхий газар, ГИХАЭГ-ын дарга нарыг зургаан сарынх нь цалингийн 20 хувиар торгосон. Хариуцлага тооцох гурван арга байдаг юм билээ. Эхнийх нь сануулах, дараа нь торгох, хамгийн сүүлд ажлаас нь чөлөөлдөг. Дээрх агентлагийн дарга нарт хоёр дахь арга хэмжээгээ авч байна. Тэд дахин алдаа гаргавал ажлаасаа чөлөөлөгдөнө.  
0 Сэтгэгдэл
Zaaval on gargadag ne yamar uchirtai um bol
Хамгийн их уншсан