“Чингис” бондын хөрөнгөөр энэ онд автозамын төсөл, хөтөлбөрүүдэд 256.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.
Уг бондыг олон улсын зах зээлд гаргаснаар авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, техник төхөөрөмжийн шинэчлэлт болон барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг төслүүдэд санхүүжилт хийх боломж бүрдсэн. Автозамын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд 1800 км зам барихаас 700 орчим км-ийг нь бүрэн хучиж, 250 орчим км-ийн суурийн ажлыг хийжээ. Мөн дэд бүтэц, техник тоног төхөөрөмж шинэчлэх, шинэ төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц байгуулах, байшин үйлдвэрлэх комбинат, төрийн орон сууцны корпораци, төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих зэрэг 204 төсөлд Засгийн газраас хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталснаас энэ онд 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн 2013 онд шинээр хэрэгжиж эхэлсэн “Гудамж” төслийн хүрээнд түгжрэлтэй уулзваруудыг өргөтгөж шинэчлэх, гэр хорооллын дундуур зам болон дэд бүтэц тавих ажлыг гүйцэтгэснээр автозамын нэвтрэлт сайжрахын зэрэгцээ замын түгжрэл багасч байгааг салбарынхан онцоллоо.
























