Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрийн шоуны гол дүр
МАН-ын бүлэг шинэ дар­гатай болсноос гадна хэрхэн улстөржиж, шоудаж чаддагаа харуулсан өдрүүд өнгөрлөө. Улсын санхүү, эдийн засгийн байдал дордсонд Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг буруутгаж огцруулах үндэслэл МАН-ын бүлэг оруулж ирсэн. Гэвч парламентад олонхийг бүрдүүлэгч АН, “Шударга ёс” эвслийн бүлэг хоёр сайдаа аваад үлдэх нь тодорхой байсан. Хэдий тийм ч нөхцөл байдал долоо хоногийн сүүлчээр огт өөр асуудалд төвлөрсөн. Хоёр сайдын хэрхэхийг санал хураалтаар эцэс­лэн шийдвэрлэх учиртай чуулганаас сөрөг хүчний бүлгийн даргын микрофон ажиллахгүй, хурууны хээ­гээр бүртгэх систем алдаа заалаа гэсэн үндэслэл хэлж, МАН-ын бүлэг завсарлага авч, пүрэв гарагт УИХ сул зогсолт хийв. Харин баасан гарагийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөлмөр эрх­лэлтийн талаар мэдээлэл хий­сэн ч зөрүүлээд МАН-ын бү­­­лэг түүнд зөвлөмж өгсөн юм.

Бүлгийн шинэ даргыг болчимгүй үйлдэл үү

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авахаас гадна ямар шалтгаанаар чуулганы тө­хөөрөмжид асуудал гарс­ныг тогтоолгохоор Таг­нуулын ерөнхий газарт хандсаны дагуу шалгажээ. Тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд пүрэв гарагийн үдээс хойш хоёр цагийн хугацаанд тө­хөө­рөмжийг шалгаж, дүг­нэлт гаргасан байна. УИХ-ын техникийн өрөөний  кабелийн холболт, гад­наас орж ирсэн кабельд интернэтийн шугам илрээгүй гэнэ. УИХ-ын Там­гын газрын Мэдээллийн тех­­нологийн хэлтсийн ре­фе­­рент П.Батбаатараас хол­богдох мэдээллийг авч, хэвийн ажиллагааг шалгахад сэжигтэй байдал илрээгүйг тогтоож. Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Бям­бацогт нарын картаар санал хураахад хэвийн ажиллаж байжээ. Чуулганы санал хураалтын системийг анх суу­­рилуулсан “Топика” ком­­панийнхан хамгийн сүүлд 19-ний өдрийн 00 цаг 32 минутад хурууны хээг бүртгэж, системийн шинэч­лэлт хийснийг тогтоосон байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын мирофон статик цэнэгийн улмаар шатсан байсныг тогтоож, зассан аж. ТЕГ-ын шалгалтаар чуулганы танхимын санал хураалтын систем хэ­вийн  ажиллаж байна гэсэн дүгнэлт хийв. Даваа гарагийн намын бүлгүүдийн хуралдааны үеэр гишүүдийн хурууны хээг бүртгэн системийн шинэчлэлт хийх гэж буйгаа мэдэгджээ. Гэ­тэл зарим гишүүн пүрэв га­рагт л мэдсэн мэтээр гайхан, цо­чир­дож хүлээж авснаа ярьж байсан.   

Баасан гарагийн үдээс хойш МАН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүр­гүүлсэн. Шаардлагад сөрөг хүч­ний дуу хоолойг сон­сох, Байнгын хороодын дарга нарын хариуцлагыг өндөр­жүүлэх, зөвшилцлийг сэргээх талаар дурдсан. Түүнчлэн УИХ-ын дарга намын бүл­гүүдийг эвдрэлцүүлэхгүй, эвлэ­рүүлэхээр ажиллаж, өнгөр­сөн хавар өргөн барь­сан хурууны хээгээр санал хураадаг болох төслийг хэлэлцэж эхэлсэн төсөлтэй  хамтад нь авч үзэхийг хүсчээ. МАН-ын бүлгийн гишүүдийг Байнгын хороодод тэнцүү хуваарилахыг хүсч, адил тэнцүү эрхтэй ажил­лах боломжоор хангаж өгөхийг шаардлагадаа илэрхийлжээ.
Пүрэв гарагийн чуулга­наар хэлэлцэх 14 асуудлын нэг нь МАН-ын бүлгээс оруулсан Н.Батбаяр, Ч.Улаан нарыг огцруулах тухай байсан боловч хуулийн хугацаандаа амжихгүй болж таарав. Огцруулах асуудал оруулсан бүлэг өөрсдөө завсарлага авсан нь ийм байдалд хүргэж байна гэх ч нөгөө талаас шинээр томилогдсон МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын болчимгүй үйлдэл гэж тайлбарлах нь бий. Асуудал бүрийг ямар нэг байдлаар заавал шүүмжлэх гэсэн байр сууринаас ханддаг байсан бол одоо бүр УИХ-ын хэвийн ажиллагааг бүтэн өдрөөр алдагдуулах хүртэл асуудал дагууллаа. Энэ шаардлагаас харахад үндсэндээ МАН-ынхан пүрэв гарагт үүсгэсэн асуудалдаа бууж өгсөн нь харагдана. Хурууны хээгээр бүртгэхээр шалтаглаж байдлыг ээдрээтэй болгосон нь хоёр сайдыг огцруулахдаа биш улс төрийн тоглолт хийсэн мэт ойлголт төрүүлэх. Шинэхэн дарга долоо хоногийг шуугиантай, сенсаацтай өнгөрсөн ч нөгөө талдаа парламентаар хэлэлцэгдэх олон асуудал хойшилсон. Үүнээс гадна төхөөрөмжид асуудал гарахыг тооцоолоогүй байсан МАН-ынхан хоёр сайдыг огцруулах асуудалд Төрийн ордны гаднаас ч нөлөө үзүүлэхээр бэлтгэсэн нь харагдсан. МАН-ын Шинэчлэлийн хороо­ныхон Төрийн ордны гадаа жагсаал хийж, хоёр сайдыг огцруулахыг шаардав. Харин намын генсек нь бусад жижиг намуудыг ч нэгтгэж, сайд нарыг огцруулъя гэж мэдэгдэл хийсэн. Гэвч юун сайд нарын асуудлыг хэлэлцэх, Төрийн ордон дотор микрофон, хурууны хээний хэрүүл хийсэн гишүүд чуулганыг гацааснаар төлөвлөгөө үндсэндээ зам­харсан гэхэд болно.

Ерөнхий сайд: Энэ жил 52 мянган хүн ажилтай болсон

Ерөнхий сайд баасан гарагийн чуулганы нэгдсэн ху­ралдаанд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн чиг­лэлд ямар ажил хийснээ танилцууллаа. Манай улс 15-аас дээш насны буюу хөдөлмөрийн насны 1,8 сая хүнтэй. Оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд харж байгаа, ахмад гээд ажил эрхлэх боломжгүй хү­нээ хасахад эдийн зас­гийн идэвхтэй 1,1 сая иргэн байд­гаас 89 мянга нь ажилгүй.
Тэгвэл Шинэчлэлийн Зас­гийн газар гурван суурь зарчмын хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэг­жүүлж байгаа. Уг бодлогын эцсийн үр дүн дөрвөн жилийн дотор 150 мянган ажлын байр нэмэгдсэн байдлаар дүгнэгдэнэ. Энэ жил 49 мянган хүнийг ажилтай болгох зорилт бүрэн биелж, шинээр 52 мянган хүн ажилтай болжээ. Ирэх онд энэ хэмжээг буулгахгүй байх зорилт тавьсан гэнэ. Мэргэжилтэй 7000 ажилтан бэлтгэх, 10 мянган оюутныг түр ажлын байраар хангах, цагийн ажлын систем нэвт­рүүлэх, 40-өөс дээш настай болон тэтгэвэрт гарсан ахма­дуудад тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээ Ерөн­хий сайд танилцуулсан.
Мэргэжлийн сургалт үйлд­вэрлэлийн төв, поли­техник коллежиуд 2000 гаруй аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулж, мэргэжилтэй 6000 гаруй ажилтан бэлтгэсэн байна. Үүнээс 80 хувь нь ажилтай болж. Зуны амралтын хугацаанд 1500 гаруй оюутан бүтээн байгуулалт болон сум, орон нутгийн ажлын түр байраар хангагдаж, 430 гаруй сая төгрөгийн цалин урамшуулал авчээ.
Сум хөгжүүлэх санд 2013 онд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан нь нэг суманд 150 саяас доошгүй төгрөг нь иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн байна. Тус сангаас энэ онд 7486 төсөлд зээл олгосноор 20 шахам мянган ажлын байр шинээр бүртгэгджээ. Аймаг, дүүрэг, сум, хороо бүрт хайлтын “Е-бирж” цахим машин суурилуулж, ажил хайгч, ажил олгогчийг шууд холбосон шуурхай сүлжээ үүсгэсэн аж. Улсын хэмжээнд 345 машинаар давхардсан тоогоор 300 мянган иргэн үйлчилгээ авч, зуучлагдсан хүний тоо 55 мянга болж, өмнөх оноос 88 хувиар, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 10 хувиар, Нийгмийн даатгалын сангийн орлогын хэмжээ 20 хувиар нэмэгдсэнийг Ерөнхий сайд хэллээ.

МАН-ын бүлэг: Хангалтгүй ажилласан учир зөвлөмж өгье

Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулав. Мэдээлэл өгсөн ч гэсэн үүнд нь сэтгэл дундуур байна гээд дүгнэлтээ уншиж өгсөн юм. Ерөнхий сайдын мэдээлсэн 54,753 хүнийг ажилтай болгосон гэдэг худал тоо, дунджаар нэг сар орчим ажилласан хүмүүс 30 хувийг нь эзэлж байна. Төрийн зарим чиг үүргээ хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүл, яамд хоорондын уялдааг сайжруулах, жижиг дунд болон томоохон үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Мөн гадаадын ажилтан авч ажиллуулахад уян хатан бодлого явуулж, хөдөлмөр эрхлэлтэд хот хөдөөгийн ялгааг арилгаж, үндэсний бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад бодлогоор дэмжих, бүх хүнийг адил тэгш хөдөл­мөрлөх боломжоор хангаж өгөх ёстой гэв. Гадаа­дад төгсөгчид, ажиллагсдыг эх орондоо ирж ажиллах нөх­цөлийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой сан­гуудыг уялдуулж, улс төр, намын харьяаллаар нь зээл олгод­гийг зогсоож, үр дүнтэй ажлын байртай болгох төслүүдийг санхүүжүүлэх зэрэг санал хэллээ.
Үүнийгээ Засгийн газарт бичгээр хүргүүлж, саналыг ажилдаа авч, үр дүтэй ажиллахыг сануулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан