Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гацуур, жагсаал, лоозонгоор чимсэн чуулганаар хоёр сайд унасангүй
УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах үндэслэл гаргаж тавьсан. Хэд хэдэн үндэслэл тайлбарлаж хоёр сайдыг улс орны эдийн засаг доройтсонд хариуцлага хүлээх ёстой гэв. Асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Чуулганы танхимын үүдэнд байх МАН-ын бүлгийн даргын өрөөний дэргэд гацуур засч, түүнийгээ эдийн засаг болохгүй байна гэсэн утга бүхий цаасуудаар чимэглэж. Мөн Төрийн ордны гадаах баруун, зүүн хаалганы үүдэнд МАН-ын шинэчлэлийн хорооныхон жагсаал хийж, хүч нэмэгдүүллээ. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг илэрхийлж, тайлбарласан лоозонгууд барьж чуулганы танхимд МАН-ын бүлгийн гишүүд орж ирсэн. Тэд ширээнийхээ урд хэсэгт лоозонгоо тавиад үгээ хэлсэн юм.

УИХ-ын гишүүд үдээс өмнө сайд нараас асуулт асууж, хариулт аваад зарим нь үг хэлсэн. Үдээс хойш чуулганы хуралдаан үргэлжлэхэд гишүүдийн зарим нь үгээ хэлээд санал хураалт болсон. ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулахгүй гэж гишүүдийн 66 хувь нь үзсэн бол Сангийн сайд Ч.Улааныг огцруулахгүй хэмээн 64.6 хувь нь саналаа өгөв. Ийнхүү хоёр сайд суудалдаа үлдлээ. Харин өчигдөр ямар үйл явдал өрнөснийг хүргэе.

АН-ын бүлэг: Монголын шинэ эдийн засгийн бодлогыг санаатайгаар зогсоох оролдлого

Чуулганы эхэнд УИХ дахь намын бүлгүүдийн дүгнэлтийг сонссон. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2012 онд улс орноо хүлээн авахад угтаж байсан эдийн засаг, нийгмийн бодит байдлаас асуудлын эхийг авч үзэх ёстой гэв. Бэрхшээлийг даван туулж, эдийн засгийн шинэ бодлогын эхлэлийг тавих үүрэг Засгийн газарт, санхүүгийн чиглэлийн хоёр сайдад оногдсон. “Чингис” бондын мөнгийг бодит секторт чиглүүлснээр эдийн засаг дахь бүтээмжтэй мөн­гөн нийлүүлэлтийг дэмжсэн. Банкуудын зээлийн тасалдлыг зогсоож, санхүү эдийн зас­гийн болзошгүй хям­ра­лаас урьдчилан сэр­гийлж чад­сан. ДНБ-ий өсөл­тийг иргэ­дийн амьдралд боди­тойгоор хүргэх үүднээс Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зээл олгож, сум орон нутгийн хөгжлийг эрчимжих эхлэлийг тавилаа.
Өнөөдөр эрх баригч болон сөрөг хүчний эдийн засгийн тухай ойлголт хол зөрүүтэй байна. Засгийн газар олон бэрхшээлийг даван туулахад алдаа онооны дэнсэнд байхыг үгүйсгэхгүй. 16 жилийн өмнөх шиг улс төрийн болон эдийн засгийн арга барилаар улс орныг хөтлөх санаархал хол явахгүй. Үнэндээ, МАН санхүү эдийн засгийн гол хуулиудад тээг тавьж байгаа нь, хоёр сайдыг огцруулах гэж буй үйлдэл нь Монголын шинэ эдийн засгийн бодлогыг санаатайгаар таслан зогсоох гэсэн оролдлого. УИХ дахь олонхи цаашид макро эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хадгалж, эдийн засгийг эр­чимжүүлэх, тэлэх асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана. Цаг алдалгүй хийх олон ажил байна. Төрийг хуучин бугшмал нөхцөл байд­лаас салгаж, монгол хү­нийг амьдрах чадвартай, Монгол төрийг цэвэр тунгалаг болгох, Монгол Улсыг бүрэн дарх­лаатай болгох бидний зо­рилго хэвээрээ байгаа” гээд хоёр сайдыг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн гэж танилцууллаа.
Хамтарсан Засгийн газарт багтсан МАХН-МҮАН-ын “Шу­дар­га ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дүгнэлт ун­шиж танилцуулалгүй бүл­гийнхээ байр суурийг товчхон илэр­хийлэв. МАН-ын тавьсан үндэслэлийг хүлээн авах боломжгүй, сайд нарыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гэлээ.

МАН-ын бүлэг: Шинэчлэлийн байх уу, шившгийн Засгийн газар болгох уу гэсэн сонголт бий

Санал оруулсан МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа уншиж, танилцуулсан юм. Тэрээр “Засгийн газар өнгөрсөн нэг жил таван сар гаруйн хуга­цаанд улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлж, ажил­­­­­­гүйдэл, ядуурлыг бууруу­лах, үнийн өсөлтөөс хам­гаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бизнесийн таатай орчныг бий болгож, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах талаар дорвитой өөрчлөлт гаргаж шинэлэг зүйл санаачлан ажиллаж чадсангүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, олон улсын төвшинд зээлжих зэрэглэл (+B)-ээс (-B) болж буурсан нь зээлийн хүү өсгөх, аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх боллоо. Дэлхийн банкны бизнесийн таатай орчны судалгаанд Монгол Улс 2011 онд 73 дугаар байр, 2013 онд 76 дугаар байрт орлоо.  Дэлхий эдийн засгийн форумаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр манай улс 2012 онд 93 дугаар байрт орж байсан бол 2013 онд 107 дугаар байрт орж,  14 байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ оны эхнээс 20-30 орчим хувиар нэмэгджээ.
Өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрээр 3.0 их наяд төгрөг зарцуулсан гэх боловч цөөхөн тооны олигар­хиудын халаасыг зузаатгаад өнгөрлөө. 3.0 их наяд төгрөг бол Монголын бүх ард түмэнд бүтэн дөрвөн жил гаруйн хугацаанд сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө. Ийм их мөнгө зарцуулсан боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, ард түмний амьдралд хүндээр тусч байна. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт арван­нэгдүгээр сарын гүйцэтгэлээр дөн­гөж 50.8 хувьтай байна. Тодотгол хийгээгүй бол хө­рөнгө оруулалтын сан­хүүжилт 36.9 хувьтай гарахаар байна. Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ сүүлийн жил гаруй хугацаанд 70 шахам хувиар огцом нэмэгд­лээ. Монгол хүн бүр нялх балчраасаа эхлээд өт­гөс настан нь хүртэл 3.6 сая төгрөгийн өртэй боллоо. Ард түмнийхээ амьдралыг до­ройтуулж, улс орноо өрөнд оруулж, эдийн засгаа унагаж, төс­вийн орлогыг хэ­дэн зуун тэрбум төгрөгөөр тасал­дуулж, эх орондоо хоноцын сэт­гэ­лээр хандаж байгаа хоёр сайдтайгаа хариуцлага тоо­цож алдаагаа засах уу. Аль эс­­вэл хаацайлан хамгаалж ши­нэч­­лэлийн Засгийн газ­раа шившгийн Засгийн га­зар бол­гох уу гэдэг хоёр сонгол­тын өмнө зогсч байна” гэсэн юм.

Хэн юу хэлэв

Бүлгүүдийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нар болон хоёр сайдаас асуулт асуув. Үндсэндээ ярьснаа дахин асууж, нөгөө нь давтан давтан ха­риулсан байдалтайгаар чуул­ганы хуралдаан өрнөсөн гэхэд болно.

Д.Ганбат: Өндөг шиг өөгүй гэж бас болохгүй. Асуудал байхын хувьд бий. Гэхдээ 1996-2000 онд олон засаг огцорч байсныг санах ёстой. Өнөөгийн нөхцөлд ийм байж болохгүй. Сайд нар цөөнхийн үгийг сонсч,  тусгаж авах хэрэгтэй.

М.Энхболд: Сүүлийн та­ван жилд төсвийн гүйцэтгэл өдийд 88 хувьтай байсаар ирсэн. Гэтэл одоо гүйцэтгэл 53 хувьтай байна. Энэ чинь эдийн засгийн шинэчлэлийн эхлэл юм уу. 2.5 тэрбум ам.долларын өр тавьсан. Богино хугацаанд төсвийн алдагдлыг нөхөх байдлаар ийм хэмжээний зээл авдаг. Гэтэл сүүлийн 20 жилд авсан зээлтэй хоёрхон жилийнх нь тэнцэж байна. 

Ч.Улаан: Хөрөнгө оруу­лал­тын гүйцэтгэл өмнөх оноос бага хувьтай байгаа нь үнэн. Энэ бодит шалтгаантай. Өмнө нь ажил эхлээгүй бай­­хад хөрөнгө оруулалт өгдөг байсан. одоо бол хуваа­рийн дагуу, гүйцэтгэлийг санхүүжүүлж байгаагаараа шинэлэг. Арванхоёрдугаар сард хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгддэг.

А.Бакей: Өмнөх Засгийн газраас ямар байдалтай хүлээж авсан бэ. “Чингис” бонд гаргаагүй бол байдал ямар байх байсан бэ.

Н.Батбаяр: 2012 оны наймдугаар сард Засгийн газрыг хүлээж авахад дэлхийн эдийн засаг ямар байдалтай байсныг бүгд мэдэж байгаа. Экспортын орлого багассан, өр төлбөртэй, түүхий эдийн ханш дэлхийн зах зээлд уналттай байсан үе. Та бүгдийг өгсөн үүргээр 1.5 тэрбум ам.долларын бонд босгосон. 2008 оны хямрал шиг байдал гаргуулахгүйн тулд ийм нөхцөл байдал бүрдүүлсэн. Эдийн засгийн өсөлт 11.3 хувьтай байгааг ОУВС-гийнхан хэлж байна. 200 гаруй улсаас Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө эхний тавд жагсч байна. 2230 айлын орон сууц ашиглалтад орлоо. Хэзээ ч ийм олон орон сууц ашиглалтад орж байгаагүй. Замууд олноор барьж, гудамж төсөл хэрэгжүүллээ. Ам.долларын ханш “Найман шарга” дээр 1615 төгрөг болсон байтал та нар 1733 гээд биччихсэн байна. 

Ч.Улаан: Хэрэглээг хэт хөөрөгдсөн, нийгмийн халам­жийг хавтгайруулсан эдийн засаг хүлээж авсан. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ан­хаарал сул байсан. “Чингис” бонд аваагүй бол эдийн засаг тун тогтворгүй болох байлаа.

Б.Бат-Эрдэнэ: Оюу толгойгоос авах ёстой 445 тэрбум төгрөг юу болсон бэ.  Жижиг аж ахуйн нэгжүүдийг дарамталж мөнгөө авч байна шүү дээ. Хөгжлийн банкны ту­хай хуулийг зөрчиж, төсөл хө­төлбөр нь батлагдаагүй зүйлд “Чингис” бондыг зарцуулсан.

Ч.Улаан: Оюу толгойгоос 445.7 тэрбум төгрөг орж ирээгүй. Энэ талаар Оюу толгойтой бараг бүтэн жил хэлцэл хийж байна. Оюу толгойгоос бусад бүх аж ахуйн нэгж татвараа төлсөн. Ийм учраас хэлцэл хийж, гэрээг өөрчлөх талаар ярихаар эсэргүүцээд хүлээж авахгүй байна. Хэлэлцээр хараахан дуу­саагүй байгаа. Сангийн яам, Татварын ерөн­хий га­зар хуулийн дагуу ор­логоо бүрдүүлж ажиллаж бай­на. Орлогоо авахаар мөнгө хөөцөлдөж, аж ахуйн нэг­жүү­дийг дарамталж байна гэдэг. Авахгүй болохоор ор­лого тасалдууллаа гэдэг шүү дээ.

Ө.Энхтүвшин: Бүх айм­гаар явж, иргэдийн үгийг сонс­лоо. Хоёр сайдын асуудал улс төржсөн зүйл биш. Иргэ­дийн шаардлага ийм байна. Өрийн дарамт чинь ирээдүйд ард түмний нуруун дээр ирнэ. Ерөнхий сайд амьдралаас та­сарсан зүйл ярьж, заавал бу­даа идэхгүй, гурил ид гэж байна.

Г.Баярсайхан: Хоёр сайдаар хязгаарлахгүй Байн­гын хороод хяналтаа тавьж чад­ахгүй, хариуцлагагүй бай­на. Сөрөг хүчин ч хариуцлагатай байхыг ярих ёстой. 20 жил улс орныг авч явсах нам ямар улс хүлээлгэж өгснөө ярих ёстой. Улаан сай­дыг огцруулах асуудал ярьснаас болж “Самурай” бондын нөхцөл хүндрээд явчихлаа. Хоёр сайд ч гэсэн үндэслэлийг ажилдаа тусгаад явах хэрэгтэй.

Д.Тэрбишдагва: Са­хил­­га хариуцлага ярих ёстой зүйл. Гэхдээ биднийг дэлхий со­нирхож байгааг мартаж бо­лохгүй. Герман гэхэд манай улсыг сонирхож байгаа ч мэ­дээлэл тун хомс байна. 1949 оноос хойш саяхан Монгол, Орос, Хятад гурван улс төмөр замын асуудлаар хуралдлаа. Энэ чинь дэвшил биш гэж үү. Олон улсад Монгол Улс нэр хүнд­тэй байгаа нь дэвшил шүү. 

Н.Алтанхуяг: “Саму­рай” бондыг ярих үеэр яагаад энэ асуудлыг тавив. Монгол Улсыг гадаадад муу болгож харагдуулах ажил хийлээ. Та нарын 20 жил яриад хийгээгүй ажлуудыг Шинэчлэлийн Зас­гийн газар хийж байна. Битгий ийм хорлон сүйтгэх ажил хийгээд бай. Ард түмнээ бодож ажилла.

С.Бямбацогт: Өнгөрсөн 22 жилийн наймд нь МАН, тавд нь АН, үлдсэн арваад жилд нь хамтарч засаг барь­сан. Улсын сайн муу бүхэн бүг­дэд хамаатай. Хорлон сүйт­гэсэн гэж үзэж байгаа бол шал­гуул.    
Чуулганд оролцсон олон гишүүн асуулт асуусан тул тоймлон орууллаа. Байнгын хороодын дарга нараас хэрхэн шийдвэрээ гаргасныг удаа дараа тодруулав. Хуулийн дагуу олонхийн шийдвэрийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хувь гишүүний шийдвэрийг тайлбарлах эрхгүй гэдгээ Байнгын хороодын дарга нар хэлж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан