Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Нүрзэд: 2014 онд гэр хороололд бүтээн байгуулалт өрнөнө
Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй тус намын нийслэлд хэрэгжүүлж буй “5 А” мөрийн  хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон цаг үеийн зарим асуудлаар ярилцсанаа хүргэж байна.
-Ардчилсан нам нийслэлд засаг барьж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр жил орчим хугацаа өнгөрлөө. Иргэншсэн, оюунлаг, эрүүл, баян, тайван, хөгжлийн хотыг цогцлоож, иргэдээ сайхан амьдруулна гэсэн агуулгатай танай намын мөрийн  хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай яваа бол?
-Манай нам 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд “5 А” хөтөлбөр дэвшүүлж оролцсон. Агаар нь цэвэр, амины орон сууцтай, ажил орлоготой, амгалан тайван, авлигагүй Улаанбаатар гэсэн мөрийн хөтөлбөрийг нийслэлийн иргэд дэмжсэн. Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд олон ажил эхлүүлсэн, хийсэн, бас хийж байна. Ерөнхийдөө, энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийн 80 орчим хувь нь бодит ажил болсон. Өөрөөр хэлбэл, бидний нийслэлийн иргэдэд зориулж гаргасан мөрийн хөтөлбөр амьдралд ойрхон, хотынхны хамгийн тулгамдсан асуудлыг үнэхээр сайн хөндөж чадсан, хэрэгжих боломжтой гэдэг нь өдөр ирэх тусам мэдрэгдэж, харагдаж байна. Цаашид бид зөвхөн мөрийн хөтөлбөрт баригдаж ажиллахгүй гэдгийг ч хэлэх нь зүйтэй. Хийх шаардлагатай олон ажил бидний өмнө байна.  
-Мөрийн хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх, дахин төлөвлөх, барилгажуулах, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй болгох, хялбаршуулах гээд олон ажил хийж байгаа. Мэдээж, хийж буй бүх ажил чухалд тооцогдоно. Таны хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн эсвэл эхлүүлсэн ажлуудаас алийг нь онцолж ярих вэ?
-Улаанбаатар хот маань өөрийн гэсэн дүрэмтэй болж байгааг онцолно. Хотын үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгох, хотын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, нийслэлийнхээ өдөр тутмын амьдралын олон талт харилцааг зохицуулах зорилгоор Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах төслийг нийслэлийн удирдлагууд анх удаа эхлүүлсэн. Энэ дүрмийг иргэдийн оролцоотойгоор боловсруулж, үе шаттайгаар батлан гаргана. Ингэснээр газар ашиглалт, хот төлөвлөлт, эрүүл мэнд аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, хог хаягдал, барилгажуулалт, ногоон байгууламж зэрэг хотын амьдралын олон асуудлын зохицуулалт ойлгомжтой, тодорхой болно. Ингэж онцолж хэлэх ажил олон байгаа. Мэдээж, бидний мөрийн хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн ажлын зарим нь их хугацаа шаардана. Засаг барих дөрөвхөн жилийн дотор хийж амжихгүй. Тухайлбал, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, дахин төлөвлөх, орон сууцны хороолол барих, метро байгуулах ажлыг дурдаж болно. Ямартай ч энэ түүхэн ажлуудыг эхлүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хотын төв хэсэгт бүтээн байгуулалтын том ажлууд өрнөсөн бол ирэх оноос гэр хороолол руу чиглэсэн олон ажлыг иргэдтэйгээ хамтран хийнэ.
-“5 А” хөтөлбөрийн Авлигагүй Улаанбаатар гэсэн хэсэг их анхаарал татдаг. Нийгэмд бугшсан авлигатай хэрхэн тэмцэж байна вэ?
-Авлига байгаа цагт нийслэл хот хөгжихгүй. Албан тушаалтнуудын авлига авах боломжийг хаах,  цаашлаад хөгжил дэвшлийн тушаа болсон авлигыг алга болгохыг зорьж ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үнэндээ, АН нийслэлд засаг барихаас өмнө Улаанбаатар хотод авлигын сүлжээ газар авч, барилга хот төлөвлөх, газар олгох нь эмх замбараагаа алдаж, мөнгөтэй эсвэл эрх мэдэлтэй хэсэг, бүлэг хүн юу дуртайгаа хийдэг байсан шүү дээ. Нөлөө бүхий албан тушаалтнууд өөрийн болон намын эрх ашгаа урдаа тавьж, төсвийн хөрөнгө мөнгийг шамшигдуулах явдал ч их байсан. Энэ талаар олон баримтыг дурдаж болно. Харин манай мөрийн хөтөлбөрийн хүрээнд тендерийн будлиан, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн мөнгөөр бараа худалдан авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэдийн хяналт дор, ил тод, нээлттэй явуулдаг боллоо. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, түүний харьяа алба, газар, хэлтсийн санхүү, төсөвтэй холбоотой мэдээллийг цахим хуудсанд байршуулж эхэллээ. Тухайн байгууллагын данснаас нэг сая төгрөг хааш нь, ямар зориулалтаар шилжүүлсэн бэ гэдгийг иргэд мэдэх боломжтой. Нөгөөтэйгүүр нийслэлийн төр захиргааны байгуууллагуудын үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж байна. Ирэх онд үүнийгээ улам боловсронгуй болгож, төрийн зарим төрлийн үйлчилгээг иргэд интернэтээр авах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-АН сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа иргэдийнхээ санал бодлыг сонсч, тусгасан. Нийслэлийн удирдлагууд иргэдээсээ асууж, аливаа шийдвэрийг гаргадаг боллоо. Иргэдээ сонсох, тэдний оролцоотойгоор асуудал шийдвэрлэдэг нь АН-ын давуу тал гэж олон хүн сайшаадаг юм билээ?
-АН иргэдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг жишиг тогтоолоо гэж хэлж болно. Иргэдээсээ асууж шийдвэр гаргаж, ажил хийж байгаа нь манай намын давуу тал. Ганцхан дарга шийдвэр гаргадаг, асуудал шийдвэрлэдэг цаг ард үлдсэн. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг сайн мэднэ. Тиймээс тэд шийдвэрээ гаргаж, харин төр тэдэнд үйлчилж байна. Нийслэлд манай нам засаг барьснаас хойш төрийн мартагдсан үүргүүдийг сэргээж эхэллээ. Хотын өмнөх удирдлагууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, тэдний эрх ашгийг хөсөр хаясан. АН нийслэлд засаг барьж эхэлснээс хойш төр иргэдэд үйлчилдэг байр сууриндаа одоо л нэг юм очиж байна. Гэтэл Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 24 жил өнгөрчихөөд байна шүү дээ.
Манай нам хоёр жил хүрэхгүй хугацаанд нийслэлийн иргэдтэйгээ хамтарч асар их өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Хотын шинэ удирдлагууд ч өнгөрсөн хугацаанд маш их ажил хийсэн. Улаанбаатар хотод сайхан амьдрах боломж, орчин бүрдэж байна. Иргэд ч манай намынханд талархалтай хандаж байна. Намын хувьд ажил хийж байгаа хүмүүсээрээ бахархдаг. Бид үнэхээр зөв хөтөлбөр дэвшүүлж, үүнийг эрч хүчтэй шинэ баг хэрэгжүүлж байгаад баяртай байдаг. Хамгийн гол нь, хийсэн, хэрэгжүүлсэн ажил бүрийн үр шимийг нийслэлчүүд хүртэх учиртай.  
-Сөрөг хүчнийхэн нийслэлд эхлүүлсэн, хийж байгаа ажлуудыг шүүмжлэх, эсэргүүцэх, тухайн ажлын талаар иргэдэд буруу ойлголт төрүүлэх гэж оролдох тохиолдол гардаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө ажил хийж байхад “Энэ буруу”, “Ийм ажил хийж болохгүй” гэх мэтээр шүүмжилж буй хүмүүсийг увайгүй, эх орноосоо урвагчид л гэж хэлнэ. Яагаад иргэдийн амьдрах орчин тохилог, сайхан болж, Улаанбаатар хот маань хөгжиж болохгүй гэж. МАН, бусад намын гишүүн гэлтгүй бидний хийж, хэрэгжүүлэх ажлын үр шимийг нийслэлийн бүх иргэн хүртэнэ шүү дээ.
-2013 он дуусахад хэдхэн хоног үлдлээ. Нийслэлийн АН-ын хувьд энэ онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлаа төлөвлөсөн байх. 2014 онд хийхээр төлөвлөсөн зарим ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Манай намын хувьд 2013 он үр бүтээлтэй жил байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлчүүд маань идэвхтэй оролцож, ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонголоо. Үүнд нийслэлийн АН, хотын удирдлагуудын оролцоо маш их байсан. Нэг үгээр хэлбэл, иргэд бидний ажилд дүн тавьсан.  Тэр дүнг нийтээрээ харлаа. Нийслэлийн АН засаг барьж буй хүмүүсээ хэрхэн, яаж ажиллаж байна, хэн нь ямар алдаа гаргав, мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд ямар шатанд явна, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг хэлж өгч, нэг ёсондоо төрийн нүд, чих болж ажилладаг. Намын зүгээс олон ажлыг шат дараатай хийж байна. Хамгийн сүүлд гэхэд л нийслэлийн ахмадуудтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонслоо. Албаны хүмүүстэй  уулзуулж, холбогдох асуултад нь хариулт өгүүлсэн. Энэ мэтээр эмэгтэйчүүд, залуучууд гээд нийгмийн тодорхой бүлгийнхэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсч, тэдэнд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцэх, уулзалт, хэлэлцүүлгүүдийг цаашид ч зохион байгуулна.   
Ирэх онд Нийслэлийн АН-ынхан хотын иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсоно. Намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хотын удирдлагууд хэрхэн, яаж ажиллаж байна гэдгийг иргэдээс асууна. Намын анхан шатны байгууллагуудын гишүүдтэйгээ уулзана. Төлөвлөгөөндөө тусгасан бусад ажлыг одоохондоо задалмааргүй байна. Ер нь, бидний хувьд 2014 он их завгүй он байх болно.
-Сүүлийн үед олны анхаарлыг татсан зарим үйл явдалтай холбоотой асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье. Хэд хоногийн өмнө зарим хэвлэлээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ашиг сонирхлын зөрчил гаргасан учир огцруулах бүрэн үндэслэлтэй гэсэн утгатай мэдээлэл түгсэн. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Э.Бат-Үүл дарга энэ талаар мэдэгдэл гаргасан шүү дээ. Сөрөг хүчнийхэн үнэндээ аргаа барж байна. Сүүлдээ бүр хотын Засаг даргын гэр бүлийн гишүүд рүү дайрдаг боллоо. Тэдэнд үнэхээр улс төрийн соёл гэж алга. Э.Бат-Үүл гэдэг хүнд хэлэх зүйл байвал түүнтэй л ярина биз. Гэтэл хийсэн, хийх гэж байгаа ажлыг нь харлуулах зорилготойгоор хүү, хүргэн гээд гэр бүлийн гишүүдтэй нь холбоотой ямар ч баримтгүй, худал мэдээлэл түгээсэн. Энэ бол арчаагүй, коммунистуудын л хийдэг үйлдэл. Өөр хэлэх үг алга.
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл гаргасан нь нэг хэсэг олны анхаарлыг их татлаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, түүнийг гишүүнээр нь үлдээхээр болсон. Харин Нийслэлийн АН-ын удирдлагуудын нэгийнх нь хувьд та энэ үйл явдлыг юу гэж дүгнэсэн бэ?
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээс татгалзах шалтгаанаа тайлбарласан. Гэхдээ түүнийг хариуцлагагүй, буруу үйлдэл хийлээ дээ гэж бодож байлаа. Ганцаараа улс төрийн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөнө гэж юу байх вэ дээ. Сүхбаатар дүүргийн иргэд түүнийг төрд биднийг төлөөлөөд ажилла гэж сонгож, итгэл хүлээлгэсэн. Гэтэл тэдний төлөө хийх ёстой ажлаа хийхгүйгээр замын дундаас буцах нь зохимжгүй.
-Дархан-Уул аймгийн АН-ынхан намын төв байранд суулт, жагсаал хийж, өлсгөлөн хүртэл зарласан шүү дээ. Та энэ талаар ямар санал бодолтой байна вэ?
-Мэдээж, намд дүрэм, журам гэж бий. Энэ дагуу тэдний тавьж буй асуудлыг намын Хяналтын хороо шийдсэн. Ер нь, манай намын гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, тэрийг нь намын удирдлагууд ч боож хаадаггүй.

0 Сэтгэгдэл
төмөр замын гурван угсармалын ***** хулгайч мөнхжарг*****
utaagaar amsgalj ugaadsaa gishgelj uur utsaartai baimaargyi baigaa ba 5 a gaa 16 onoos omno byren heregjyylj ajliin ondor ih byteen baiguulaltiig erchimtei hurdatstai hiihiig hysen erooe ger horoolliin ailuuddiig barilgajuulagdaa tohirolts geed orhih bish bairlalaas n shaltgaalaad jishig hansh togtoobol sain baigaa ba kompaniud kbadrataar tohirohgyi oroogoor teden metr geed shuud sanal tabj bga yyn deer anhaarbal sain bn adilhan hemjeenii gazar deer ilt zoryytei bga yynees bolood ajil udaashirch bolzoshgyi
Хамгийн их уншсан