Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ САРД БАГТААН ТӨСВИЙН ТОДОТГОЛ ӨРГӨН БАРИНА
Шинэ оны эхний ажлын өдөр “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж, Ерөн­хий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад ха­риул­лаа. Тэрээр “Чингис” бондын үлдэгдэл хөрөнгө бо­лох 360 тэрбум төгрөгийг  үйлд­вэржилтийг дэмжих тө­сөлд зарцуулна гэлээ. Эк­спортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг энэ сарын 17-ныг хүртэл хүлээн авах аж. Гуравдугаар сарын 1 хүртэл сонгон шалгаруулалт явуулаад зээлээ олгож эхлэх аж. 2010 онд манай улсын экспортын хэмжээ 2.9 тэрбум ам.доллар, импорт 3.2 тэрбум ам.доллар буюу зөрүү нь 291 сая ам.доллар байв. Жил бүр хэрэглээ нэмэгдэж, тэр хэрээр импор­тын хэмжээ өссөөр 2012 онд зөрүү нь 2.3 тэрбум ам.доллар хүрсэн байна. Ха­рин 2013 онд экспорт, импортын зөрүү харьцангуй ба­гасч, арваннэгдүгээр са­рын байдлаар 1.9 тэрбум доллар болсон байна. Импортолсон бүтээгдэхүүнүүдий 35 хувь нь хуванцар эдлэл, арьс ширэн болон химийн бүтээгдэхүүн.
Экспортын хувьд уул уур­хайн бүтээгдэхүүн, зэсийн экспорт хэвийн байгаа аж. Нүүрсний экспорт өмнөх оныхоос 900 сая ам.доллараар буурч, нэг тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уна­сан­тай холбоотой гэж Ерөнхий сайд хэлнв. Алт, газрын тос, ноолуурын экспорт 2012 оныхоос өссөн үзүүлэлт гарчээ. 2013 оны төсвийн гүйцэтгэл эцсийн байдлаар хараахан гараагүй ч ДНБ-ий өсөлт 12, инфляц 11, төсвийн алдагдал хоёр хувь болохоор байгаа аж.

Сэтгүүлчдийн асуултад тэрээр ингэж хариуллаа.

-Засгийн газраас төс­вийн тодотголыг хэзээ өргөн барих вэ?
-Энэ сардаа багтаад төсөвт тодотгол хийж, батлуулна. “Авлигажсан” төсвийг цэгцлэхийн тулд 260 тэрбум төгрөгийн объектод аудит хийлгэж байгаа. Дүн нь энэ сарын 10-нд гарна. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд аль объектыг төсөвт тусгах боломжтой, алийг нь үлдээхийг шийднэ.
-Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ дэмжээгүй. Гэвч Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд унасан саналаа оруулсан гэж байна. Агуулга нь хэвээр туссан уу. Төслийг гадаадынхны лобби гэж хардах гишүүн ч байгаа?
-Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд гишүүд “Алт бол ашигт малтмал. Тиймээс тусад нь хууль батлалгүйгээр, Ашигт малтмалын тухай хуульдаа тусгая” гэсэн. Тиймээс дахин төсөл өргөн барьсан. Гадаадынхны лобби гэж юу байх вэ дээ. Валют болон экспортоо нэмэгдүүлэх бүтээгдэхүүний нэг нь алт шүү дээ. Олборлосон алтаа бүгдийг нь гаргахын оронд Монголбанкинд худалдаад эх орондоо нөөцтэй болъё гэх нь буруу биш.
-Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох төслийг дэмжинэ гэчихээд нөгөө талдаа 100 мянган тонн улаан буудай импортлох хуулийн төсөл оруулж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Х.Баттулга сайд үүнийг УИХ-ын чуулган дээр тайлбарласан. Энэ бол нөөцөө бүр­дүүлэх зорилготой арга хэмжээ.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан