Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгууль будлиулдаг Сонгуулийн ерөнхий хороо

Сонгуулийн ерөнхий хороог толгойлдог дарга нарыг үеийн үед бүтэл муутай хүмүүсээр сонгодог гэдэг онигоо ч юм шиг шүүмж­лэл ч юм шиг зүйл бий. Энэ үгийг одоогийн дарга Ч.Содномцэрэн бараг л баталчихсан гэхэд болно. Сүүлийн үеийн сонгуулиуд маргаан, будлиангүй тэр тусмаа шүүхийн хаалга та­тал­гүй элдэв асуудалгүй бо­лохоо больсон жишиг тогтлоо.

СЕХ-ныхны ээлжит бүтэл­гүйтэл өчигдөр болж, шинэ оны эхний долоо хоногийг таагүй эхэллээ. Төрийн бай­гуулалтын байнгын хороо өчигдөр СЕХ Говь-Алтай аймгийн Иргэдийн тө­лөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн зардал батлах тухай УИХ-ын тогтоолын тө­сөл оруулж хэлэлцүүлсэн бо­ловч дэмжлэг авч чад­сангүй.
Говь-Алтай аймгийн таван тойрогт дахин сон­гууль явуулах шаардлагатай болсон. 2012 оны арваннэг­дүгээр сард тус аймагт орон нутгийн удирдлагыг сонгох сонгууль болсон ч бөөн будилаан болж, хүчингүйд тооцоод буй. МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авахгүй хэмээн аймгийн тойргийн хороо шийдсэн нь байдлыг ийнхүү хүндрүүлээд байна. МАХН-аас нэр дэвшигчид тухайн үед тойргийн хорооны ялгаварлан гадуурхсан байдлыг эсэргүүцсэн. Гэвч тэдний мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар бүртэж аваагүй учир сонгуульд МАХН-гүйгээр өрсөлдөж, шинэ ИТХ-аа байгуулсан. Харин үүнийг нь шүүх авч хэлэлцээд тойргийн хорооны буруутай шийдвэр гэж үзсэн билээ. Тиймээс дахин сонгууль явуулж, асуудлыг шийдэх дүгнэлт гаргаад байгаа. Тэгвэл дахин сонгуульд аймгийн тойргийн хороо 164 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргаж. Энэ хөрөнгө мөнгийг СЕХ-нд уламжлаад хянаж үзээд 32.4 сая төгрөг төсвөөс санхүүжүүлж, дахин сонгуулийн зохион байгуулах хүсэлтээ ийнхүү УИХ-д оруулж ирэв. Он солигдохын өмнө буюу арванхоёрдугаар сарын 24-нд эл хүсэлтээ өгсөнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцээд СЕХ-г өөрсдөө зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэ хэмээн буцаасан. СЕХ-ны шийдэх ёстой асуудал гэж гишүүд хүлээж авсангүй. Үүнийг маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учир­тай. Гэхдээ Байнгын хороо­ны босго давж чадаагүй учир чуулганаас дэмжлэг авна гэдэгт найдах хэрэггүй л болов уу.

Яагаад гэвэл тухайн үед тойргийн хорооны алдаатай үйл ажиллагаанд анхаарч, шийдэхийг хүсч байсан ч СЕХ үүнийг нь сонсох нь байтугай хүлээж аваагүй. Үүнээс нь болоод Говь-Алтай аймагт одоо ИТХ-ын 35 төлөөлөгчийн 17 нь түдгэлзчихээд байна. Тэдний оронд 2008-2012 оны ИТХ-ын төлөөлөгчид нь ажиллаж байдаг. Бүрэн эрхийн хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан мөртлөө бараг хоёр жил дахиад төлөөлөгчөөр ажил­лаж байна гэсэн үг. Сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүсийн хувьд хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж байж ИТХ-ын төлөөлөгч болсон ч ажлаа хийж чадахгүй байдалд хүрсэн. Энэ сарын 19-ний ням гарагт дахин сонгуулийн товыг гаргаад буй ч сонгууль болох эсэх нь эргэлзээтэй боллоо. Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Төгрөг, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд багт мажоритар системээр таван төлөөлөгч сонгох ёстой. 12 төлөөлөгч нь пропорциональ буюу намын жагсаалтаар сонгогдоод байсан учир аймагт бүхэлдээ нам сонгох сонгууль болох юм.  Сонгуулийн төв байгууллагын буруутай үйл ажиллаагаатай холбоотой дахин сонгууль болох гэж байгаа учир өөрсдийн төсвөөс шийд гэж гишүүд үзсэн.
2014 онд СЕХ-нд улсын төсвөөс 911.7 сая төгрөг хуваарилсан. Тэгэхээр энэ мөнгөнөөс 32.4 сая төгрөг гаргаж Говь-Алтай аймагт үүссэн засаглалын хямралыг шийдэх ёстой гэсэн үг юм.

МАН-ын зүгээс АН-ынхан зохион байгуулалттайгаар Говь-Алтай аймагт өмнөх ИТХ-ыг ажиллуулж бужигнуулж байна гэж байсан. Ерөнхий сайд асуудалд хэт оролцлоо хэмээн тэд нэлээн шүүмжилж буй ч дахин сонгуульдаа тултал асуудлыг даамжруулсан гол эзэд нь МАН-ынхан гэдэг.

Орон нутгийн сонгуулиар хэт улс төржиж МАХН-ынхныг бүртгэж аваагүй нь 32 сая төгрөгийн төсөвтэй дахин сонгуульд хүргэлээ. Гуч гаруй сая төгрөгийг дэмий зарлагадуулах буруутанг тогтоох нь зөв. Түүнээс гадна 17 суудлын төлөөх сонгуулийн өрсөлдөөнд намууд мөнгө зарцуулж, сурталчилгаа явуулах нь мэдээж. Энэ жилдээ бүсээ чангалах бодлого барихаа яриад л байдаг. Гэтэл энэ мэтчлэн төсвөөс урсаад байвал дэндүү харамсалтай биш гэж үү. Хэрхэн шийдвэрлэх эрх ингээд СЕХ-нд үлдэж байгаа ч хариуцлага тооцох ёстой хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь хэн бэ.

УИХ-ын сонгуулийн будилаан ч бас намжаагүй байгаа. Увс аймагт мөнгө тараасан нь тогтоогдсон байхад ээдрээг тайлах ёстой СЕХ таг чимээгүй байсаар өнгөрсөн оны сүүлчээр сая нэг шийдвэр гаргажээ. Асуудлаа шийдүүлэх гэсэн иргэдийг СЕХ-нд хандахад амралтаа аваад явчихсан байсан удирдлагууд оны зааг дээр хуралдсан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Харин Улсын дээд шүүхэд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай хүсэлт гаргасан ч СЕХ маргааныг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Үүнийг нь үндэслэж СЕХ манайд хамаагүй асуудал гээд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн хүсэлтийг хүлээж авахгүй, шийдэхгүй хэмээн хариу тайлбар илгээжээ. Өнгөрсөн сарын 27-нд ийм шийдвэр гаргаж.

Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн нарыг сонгогчдод нөлөөлөх гэж мөнгө тараасныг нь баталгаажуулсан Увс аймгийн малчид эсэргүүцлээ илэрхийлсэн нь саяхан. Мөнгөний төлөө бусдыг гүтгэсэн болж ойлгогдлоо хэмээн нийслэлд ирж СЕХ-нд урамшуулалд өгсөн нэг сая төгрөгөө буцааж өгнө гэж хэсэгтээ л шуугиан дагуулсан. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудлыг эцэслэн шийдүүлэх эрх сонгуулийн төв байгууллагад байгаа боловч ийнхүү өөрсдөөсөө дахин түлхлээ.
Дээрх хоёр бол сонгуультай холбоотой мар­гаануудын зөвхөн жишээ нь. СЕХ гэдэг бие даасан шийдвэр гаргадаг байгууллага мөн боловч асуудлыг шийдэх зориг, хүсэл үгүйгээ удаа дараа батлан харууллаа.

Хамгийн гайхалтай нь, өнгөрсөн сарын дундуур олон улсын сонгуулийн байгууллагын шагнал хүртэнэ билээ. Лондон хотод төвтэй Олон улсын парламентын судалгааны төв дэлхийн шилдэг сонгуулийн байгууллагаар Монгол Улсын СЕХ-г, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг шилдэг гэж дүгнэсэн байх юм. Сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулсан, сонгуулийг амжилттай зохион байгуулсан гэж үнэлсэн гэх. Харин орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийн маргаан нь хоёр он дамнаад байгаад үнэлэлт хийгээгүй нь харамсалтай. Нүдээ олоогүй шагнал гэж энийг л хэлэх байх.
Бодит байдал дээр сонгуулиа будлиантуулдаг Сонгуулийн байгууллагатай гэдгийг Олон улсын пар­ламентын судалгааны төвийх­нөөс яаж нууж чадсан нь сонирхол татна.
0 Сэтгэгдэл
ºâºðõàíãàéí 2-ã ìºí÷ ñàéõàí øèéäñýí ø¿¿ òýý
uxsiin 2 tenegiign asuudaliig shiidej chadaxgui bx daa yadag yum be
Хамгийн их уншсан