Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон хууль өлгийдсөн пүрэв гарагийн чуулган

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 18 асуудал хэлэлцэх хуваарь гарсан юм. Үүнээс Төсвийн байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоолын төслийг дэмжиж, Ц.Даваасүрэн үүрэгт ажлаа үргэлжүүлэхээр болов. Дараа нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал гаргаж, гишүүдийн олонхи нь дэмжлээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн мөн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад найруулгын алдаатай хэмээн гишүүдийн хооронд нэлээд маргаан дэгдэж байсан. Бусад төслийг гишүүд дэмжиж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.

Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар нэлээн хэл ам, шүүмжлэл дагуулсан бас нэг төсөл бол импортоор оруулж ирэх 100 мянган тонн буудайг гааль НӨАТ-аас чөлөөлөх байсан. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Су.Батболд “100 мянган тонн улаан буудай оруулж ирснээр тариаланчдад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг амлалт авмаар байна. Ирэх хавар тариаланчдын улаан буудайн үнийг бууруулах нэг шалтгаан болчих вий” гэв. Түүнд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “ҮХААЯ-нд Байнгын хороо хяналт тавьж ажиллах болно” гэсэн хариулт өгсөн юм. Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгасны дараа уг төслүүдийг бүхлээр нь дэмжсэнээр батлагдлаа.
 
УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Бүлгээс таван өдрийн хугацаатай завсарлага авах хүсэлт гаргаад байлаа. Гэтэл өмнө нь хурууны хээгээр ирц бүртгэх асуудлыг хэлэлцэхээр оруулж ирж, УИХ-ын дарга цахим бүртгэл анх удаа хийж турших үеэр МАН-ын бүлэг тухайн өдрийн бүх асуудалд завсарлага авсан билээ. Тиймээс нэг асуудалд хоёр удаа завсарлага авч болохгүй хэмээн хүсэлтийг хүлээн аваагүй. Төслийг үдээс хойших чуулганы хуралдаанаар хэлэлцээд олонхи нь дэмжиж баталлаа.
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай тогтоолыг хэлэлцэж, ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав. Тус зөвлөл долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээс гурвыг нь УИХ, гурвыг нь Засгийн газар санал болгодог аж. Зөвлөлд ҮСХ-ны дарга С.Мэндсайханаас гадна УИХ-аас Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Оюунчимэг нарыг санал болгосон байна. Харин Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл нарыг оруулав. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Ганбаатар нар ҮСХ-г бодит бус худлаа мэдээлэл гаргадаг, статистик нь ихэнхдээ зөрдөг гэж шүүмжилсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “ЭЗБХ-ноос ажлын хэсэг гаргаж, ҮСХ-ны ажилтай танилцсан. Олон улсын стандартад нийцсэн тооцооллоор мэдээллээ гаргадгийг тогтоосон. Гаргасан мэдээлэлд эргэлзэх хэрэггүй” гэж тайлбарлав. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Иргэд статистикийн мэдээлэлд хяналт тавих ёстой. Зөвлөлд иргэдийн төлөөлөл алга. Тиймээс иргэдээс зөвлөлд оруулах боломжтой юу” гэж асуусанд Байнгын хорооны дарга ийм боломжгүй гэж хариулсан.

Уг нь, өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх хуваарьтай байсан ч авч үзсэнгүй. Уг өөрчлөлтөд “давхар дээл”-ний асуудлыг тусгасан юм. Холбогдох Байнгын хороо мягмар гарагт хэлэлцээд хэрвээ сонгуульд аль нэг нам олонхийг бүрдүүлж чадаагүй бол Засгийн газрын гишүүдийн гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно. Харин дангаараа засаг бүрдүүлэх боломжтой бол 50-иас илүүгүй хувийг гаднаас оруулах санал дэмжлэг авч, 2016 оноос мөрдөгдөхөөр болсон билээ. Гэвч уг асуудлыг өчигдөр авч хэлэлцээгүй нь намын бүлгүүд ямар нэг тохиролцоонд хүрч буй гэсэн таамаг гарахад хүргэв.

Пүрэв гарагийн хуваарьт багтсан хэд хэдэн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганаар шийдлээ. Энэ сард УИХ-ын чуулган хуралдаад хоёрдугаар сарын 5-нд намрын чуулган хаалтаа хийж, завсарлах хуультай. Цагаан сар хоёрдугаар сарын эхээр болох учраас намрын чуулганд таван удаагийн нэгдсэн чуулганы хуралдаан үлдээд байна. Иймээс ч гишүүд ирцээ хангалттай бүрдүүлж, хэлэлцэх асуудлуудаа баталж, чуулганы хаалтдаа бэлтгэж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан