Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙГ ТАЙЛАХ АСУУДАЛД АН БУСАД НАМТАЙ ЗӨВШИЛЦӨЖ МАГАДГҮЙ НЬ
УИХ-ын өчигдрийн ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилж, өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу “давхар дээл”-ийг тайлах эсэх асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэх байсан ч ороогүй юм. Харин өчигдрийн хуралдаанд УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Үүнийгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ хуулийн төсөлд намын бүлгүүдийн байр суурь нэг биш байна. Ойлголтоо нэгтгэх хэрэгтэй” гэж тайлбарлав.   УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ашиг сонирхлын зөрчилтэй учир УИХ-ын гишүүн сайд нарыг уг хуулийн төслийн санал хураалтад оролцохгүй байхыг уриалав. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын даргад хандаж сайд нарыг чуулганы танхимаас гаргах ёстой.
Оюутны 70 мянган төгрөгийн талаар хэлэлцэхэд Б.Бат-Эрдэнэ бид хоёрыг санал өгүүлээгүй гэв. Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр түүний саналыг дэмжиж буйгаа ч хэлсэн.  
“Давхар дээл”-ийг дан болгохыг зөвхөн МАН-ын гишүүд гэлтгүй АН, “Шударга ёс” бүлгийн гишүүд ч шүүмжилсэн. УИХ-ын гишүүн М.Батчимэг “Чуулганы танхимын дээгүүр туршлагатай, Засгийн газрын гишүүд нь голдуу сууж байгаа. Гэтэл энэ хэсэг хоосон байдаг нь УИХ-ын зангарагийг унагааж байна” гэв. УИХ-ын гишүүн Д.Ганбат ухаалаг төр рүү явах санаачилга гаргаснаас хойш заавал 2016 оноос хуулиа хэрэгжүүлэхгүй нэг өдрийн өмнө ч гэсэн мөрдөх хэрэгтэй гэсэн юм.
Харин МАН-ын бүлгийн гишүүд хууль хэрэгжих цаг хугацааг наашлуулж, энэ оноос болгох ёстой хэмээн байр сууриа хамгаалав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Давхар дээл” бол алдаа гэдгийг гишүүд ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр алдаагаа эрт засаад явчихаж болохгүй юу. Яагаад заавал 2016 он гэж. 76 гишүүний 17 нь сайд учраас УИХ-ын нэр хүнд унаад байна. УИХ нь хууль тогтоох дээд байгууллага шиг, Засгийн газар нь хууль хэрэгжүүлдэг байх хэрэгтэй” гэж байв. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Монголын ардчиллын төвшин ямар байгааг энэ хэлэлцүүлэг харууллаа. Засгийн газар олон удаа хууль зөрчсөн. Болохгүй байгаагаа мэдсэн мөртлөө яахав гээд байгаа нь утгагүй. Хуулийн хугацааг нааш татахаар бол Ерөнхийлөгч хориг тавих тухай яригдсан гэсэн үнэн үү. Энэ бол зүгээр л шоу яваад байна уу эсвэл...” гэж асуухад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “2016 онд мөрдөх хуулийг заавал өнөөдөр хэлэлцэх шаардлага бий юү гэдгийг Байнгын хороонд ярьсан. 2007 онд 16 сайдын 14 нь УИХ-ын гишүүн байсан юм билээ. Хууль тогтоох замаар Засгийн газрыг огцруулж болохгүйг гишүүд хэлсэн. Гэхдээ хариуцлагаа ухамсарлах ёстой. Хориг тавина гэж сонсоогүй. Ерөнхийлөгчийн өмнөөс хариулах боломжгүй” хэмээх хариулт өгөв.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Яагаад өнөөдөр батлах хэрэгтэй вэ гэхээр дараагийн УИХ-ын Засгийн газар ямар бүтэцтэй байх, хэнийг нэр дэвшүүлэх вэ гээд улс төрийн нам  тактикаа боловсруулах ёстой чухал хууль. Хариуцлагатай улс төрийн нам бол бодлогоо цэгцлэх хэрэгтэй” гэсэн юм.
Ингээд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсанаар “Давхар дээл”-ийг дан болгох эсэх асуудлаар дараагийн долоо хоногийн пүрэв гарагийн чуулган хүртэл парламент дахь намууд зөвшилцөх бололтой.

Г.Анар


0 Сэтгэгдэл
ДАВХАР ДЭЭЛ БИШ ЭЭ.ДАВХАР БӨГС БАЙХГҮЙ ЮУ.НЭГ ТОЛГОЙ 2 САНДАЛД СУУДАГ ЮМ.
Хамгийн их уншсан