Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УЛИРААГҮЙ “ШОУ”
Цагтаа цалгиж, цалингаа буухаар хамт наргиж явсан эрхмүүд үйл хэргийн салаанаас бус үзэл бодлын зөрүүнээс улбаалж хагарсан нь саяхан. Монгол Улсын сүүлийн 100 жилийг 80 хувийг нь хамарсан түүхээ хоёул өөрийн болгож ярих нь хамжиж яваад хагарсан намуудын тавилан гэлтэй. Сүүлийн үед МАН, МАХН-ын хоорондын сөргөлдөөн улам газар авсан.
Хамгийн сүүлийн хоёр жишээ хоорондоо 24 цагийн зөрүүтэй болсноос үзвэл бие биедээ “сул цохилт” олголгүй өгөө аваатай явах тактик баримталсан бололтой. Гэвч улс төрийн намууд бие биеэ үйлдлээр буулгаж авах цаг буюу сонгууль дөхөөгүй тул ердөө шуугиан дэгдээж, шум тарааж, “шоу үзүүлж” үгээр идэхээс хэтэрсэнгүй. Хоёул улаан булангаас гарч “тоглож” байгаа болоод ч тэр үү хэрэгжүүлж буй тактик нь хоорондоо төстэй.

Хуучин намын хуумгай “цохилт”

Довтолгоог МАН эхлүүлэхдээ эсрэг хүчнээ шууд л “Татан буулгана” гэх мэдээлэл түгээв. Хэвлэлийн бага хурал хийж “МАХН-ын бага хурлын гишүүний хувьд Дээд шүүхэд тус намыг татан буулгах нэхэмжлэл хүргүүлсэн” гэцгээв. Нэхэмжлэлийн үндэслэл нь Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн “...ард түмний эв нэгдлийг бусниулсан...” гэх хоёр дахь заалт.

“Бүх ард түмний их хуралдай” ТББ, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооныхон үүнийг тайлбарлахдаа “МАХН цөөн хэдэн хүний орогнох газар болж хувирлаа. Ард түмний эрх ашиг чухал уу, Н.Энхбаяр, Ч.Улаан, Б.Тулга, Д.Тэрбишдагва, Э.Эрдэнэжамъяан нарын эрх ашиг чухал юм уу” гэх нь тэр. Гэвч үнэн хэрэгтээ намын гишүүд ийнхүү мэдээлж, нэхэмжлэл гаргаад, өөрийн намаа татан буулгахыг хүсээгүй гэдгийг нарийн бичгийн дарга нар нь тайлбарлав. Тодруулбал, дээрх хүмүүс нь аль эрт буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын гишүүнчлэлээс татгалзсан гэнэ. Харин төрийн бус байгууллага, хувийн холбоогоо удирдсан хэвээр. Тийм болохоор иргэд олон нийтийг, манай намын гишүүдийг төөрөгдүүлж байна. Үнэндээ тэд МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны 305 тоот өрөөнд байрлаж, тодорхой хэмжээнд санхүүжиж, тэр намын дэмжигчид болсон. Тиймээс эсрэг улс төрийн хүчин МАХН-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс халдах гэсэн хэрэг гэж тайлбарлав. Хиймэл, хуурамч сэтгэл нь тавхан үгэндээ танигдлаа гэдэг шиг МАН-аас илгээсэн муухан цохилт хоёрхон цагийн дотор үнэн мөн нь илэрсэн билээ. Хуучны нам хөнгөхөн шоу хийсэн нь энэ.

Хувьсгалт намын худлаа “цохилт”

Үүний маргааш МАХН-ын нэр холбогдсон маш том шуугиан дэгдэж, хүн бүр “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ шиг “Үнэн үү?” хэмээн нэг нэгнээсээ асуув. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн хүч үзсэн Б.Бат-Эрдэнэ МАХН-д элсэхээр болсон гэнэ. Түүнтэй хамт хөл нийлэн хуучин намдаа элсч буй хүн нь урьд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж асан Ц.Шаравдорж гэсэн юм. Гэвч хамгийн их анхаарал татсан нь Б.Бат-Эрдэнэ гишүүн. Учир нь, намынхаа хэдэн арван гишүүний итгэлийг дааж Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан, олон мянган дэмжигчтэй уулзаж улсаа бүтэн тойрохдоо уйлж, дуулж байсан гээд бүгд нүдний өмнө үзэгдэх шиг боллоо. Тэрээр МАХН-д элслээ гэж бодвол энэ их итгэл, найдвар, горьдлого, бишрэлийн харцан дээгүүр том алхаж гаргах хэрэгтэй байсан юм. Тийм ч учраас тухайн өдрийн хамгийн том шуугиан байв. Гэвч үдийн 13 цагт үнэн мөн нь илэрч, хулхи шуугиан гэдэг нь тодорхой болж, Б.Бат-Эрдэнэ гишүүн “Үгүй” гэж товчхон хариулт хэллээ.
Улс төрийн хүнд хэцүү, ээдрээтэй нөхцөл байдалтай байхад МАН өөрийн лидерээ, аваргаа МАХН-д элсэнэ гэж мэдээлэхгүй нь мэдээж. Тэгэхээр энэ бүхэн МАХН-аас нисгэсэн “бор шувуу” болох нь төд удалгүй тодорхой болов. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Тийм ээ, өнөөдөр ахмадын уулзалтын үеэр намын батлахаа гардан авна” гэж ам алдсан нь бүр ч итгэл төрүүлсэн.
Тэр болтол Б.Бат-Эрдэнэ гишүүн твиттерт ч, фэйсбүүкт ч, мессежэнд ч хариу өгөөгүй тул итгэл, гайхашрал улам зузаарсан. Ахмадын уулзалт дундаа орсон ч Б.Бат-Эрдэнэ ирсэнгүй, харин Ц.Шаравдорж иржээ. МАХН-д “шинээр” элсэгчдийн ирц 50 хувьд хүрсэн тул үлдсэн 50 хувь нь удахгүй ирчих юм шиг санагдаж байсан ч тэрээр Төрийн ордонд “Тийм биш” гэдгээ товч тодорхой илэрхийлснээр Хувьсгалт намын “цохилт” худлаа байсныг нотлов.
Ийнхүү угсаа гарал нэгтэй улс төрийн намын “урлагийн шоу”-ны буухиа үргэлжилсээр. Хошин урлагийн тоглолтоос ч хөгтэй болон хувирч буй энэ олон шоунд төгсгөл гэж бий болов уу. Эгэл олон дэмжигчид үүнд тааламжгүй хандах бөгөөд “Улс төрийн явуургүй арга, улирч хоцрогдсон дэмий ажил” гэж шүүмжилж байлаа. Хэн илүүгээ харуулъя гэвэл хорвоо дэлхий уужим, хийх ажил их хэвээрээ л юмсан. Магадгүй МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа ирэхийг дөхүүлж хийж буй нэг бэлтгэл ажил ч байж мэдэх юм.

Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
neeree yagaad bugd tag chig bna. xen xen ni
Хамгийн их уншсан