Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Парламентад тайлангаа тавьсан Ерөнхийлөгчийг гишүүд асуултаар булав

 Б.ШИРНЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д 2009 оноос хойш хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн өрөөг “Иргэний танхим” болгохоос ажлаа эхэлсэн гэж хэлсэн бөгөөд “Төрийн ордон иргэдийг хүлээж авах хоёр жижигхэн өрөөтэй байсан. Иргэдээ цуглуулаад хийх ажлаа хэлэлцдэг танхим байгаагүй. Тиймээс асуудлыг иргэдийн оролцоотой шийдэхийн тулд “Иргэний танхим”-тай байх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх танхимд 453 арга хэмжээг зохион байгуулснаас 17-д өөрийн биеэр оролцсон байна” гэлээ. Түүнчлэн тэрээр иргэдээ асуудал шийдэхэд оролцуулаад хангалтгүй учраас Төсвийн тухай хуульд “Орон нутгийн хөгжлийн сан”-г бий болгож, иргэдийн эдийн засгийн оролцоог дээшлүүлсэн гэж үзэж байна. Дээрх сангаар дамжин 2013 онд 189 тэрбум төгрөг, 2014 онд 195 тэрбум төгрөг зарцуулжээ.


ЦААШИД...

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш гадаад, дотоодын 1200 гаруй уулзалт, зөвлөлгөөнд оролцсон байна. Тэрээр 40 хууль санаачилснаас 23-ыг нь УИХ баталж, наймыг нь эргүүлэн татсан, буцаасан эсвэл батлаагүй байгаа аж. Харин өнөөдрийн байдлаар түүний санаачилсан есөн хууль УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа юм байна. Тиймээс Ц.Элбэгдорж “Би цаашдаа 30 гаруй хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих болно. Ирэх жил энэ индэр дээрээс З.Энхболд тэргүүтэй УИХ-д баярлалаа гэж хэлмээр байна” гэж хэлсэн юм. Энэ нь өөрийнх нь санаачилсан, өргөн барьсан хуулийн төслийг УИХ дэмжихийг уриалсан утгатай үг байв. Харин тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын шийдвэрт таван удаа хориг тавьсан бөгөөд хоёр дахь бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих эрхээ эдлээгүй байна. Тэрээр үлдсэн бүрэн эрхийнхээ хугацаанд 30 гаруй хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих дотор Иргэний оролцооны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Өмчийн эрхийн, Гэрээний эрхийн, Үндэсний аюулгүй байдлын тухай, Тагнуулын байдлын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Батлан хамгаалах, Онцгой байдал, Дайчилгааны тухай зэрэг хууль багтсан байна.

Харин эдгээрээс хам­гийн түрүүнд Сонгогдсон бо­лон томилогдсон албан тушаалт­нуудтай хариуцлага тооцох тухай хуулийн төслийг батлуулахаар шахаж ажиллана гэсэн юм. Энэ талаар тэрээр хэлсэн үгэндээ “Бизнес эрхэлж байгаа хүмүүс алдаа гаргаад хохирол учрах юм бол хохирлоо өөрсдөө төлдөг. Гэтэл улстөрч алдаа гаргах, буруу шийдвэр гаргах юм бол түүнийг нь ард түмэн төлдөг. Үүнд цэг тавих хэрэгтэй” гэв. Мөн шүүхийн шинэчлэлийн амин сүнс болсон Засгийн газраас өргөн барих гэж байгаа Эрүүгийн, Мөрдөх албаны зэрэг хуулиа баталж чадахгүй бол шүүх шинэчлэл талдаа ч хүрэхгүй гэж үзэж байгаа тухай ярилаа.


ТАВАНТОЛГОЙН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

УИХ-ын гишүүн Д.Дэм­бэрэл Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржоос Тавантолгойн асууд­лаар байр сууриа илэр­хийлэхийг хүссэн юм. Тэ­рээр Д.Дэмбэрэл гишүүний асуултад дараахь байдлаар хариуллаа. “Цагийн юмыг цагт нь хийхгүй бол бидэнд цаг хугацаа, бусад улс орон гэсэн том өрсөлдөгч байгаа. Цагийн юмыг цагт нь хийж чадахгүй бол цаашаа улам их зардал гардаг. УИХ асуудлыг хэлэлцэж чадна, чадахгүй гэсэн асуудал биш. УИХ-д өөрийнх нь хийх ёстой ажил байгаа. Засгийн газарт, аж ахуйн нэгжүүдэд өөр өөрийнх нь хийх ажил бий. Миний өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Аж ахуйн нэгжийнхээ хүрээнд хоорондоо гэрээ, хэлэлцээрээ хийгээд явчих боломжтой асуудал. Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлаа Засгийн газар хуулийн дагуу шийдэхэд л энэ асуудал бүрэн явах боломжтой шүү дээ. Бид асуудлаа шийдчихээд өмнө нь хууль гаргаагүй юм шиг, ийм бүтэц байхгүй юм шиг харах хэрэггүй. Ер нь муухай хэрүүл, талцал, сүйтгэл рүү бид явж ормооргүй байгаа юм. Монголчуудын хоорондоо талцаж, хэрэлдэж байгаа байдал Монголыг мохоох гэсэн тэр хэсгийнхний хувьд хүчилтөрөгч шүү дээ. Та бүхэнд ганц жишээ хэлэхэд, 39 сая тонн нүүрсийг жилдээ төмөр замаар зөөнө гэж бодоход өдөртөө 1400 вагон ачна. Өдөртөө 1400 тэвш нүүрс явж байж 39 саяд арай гэж хүрч байгаа. Та нар суугаад 1400 тэвш зурах гээд оролд. Залхуу чинь хүрнэ. Энэ бол зураг эвлүүлэхээс шал өөр асуудал. Тийм учраас энд хөрөнгө оруулалт хийнэ, бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол үнэхээр чухал асуудал. Тэгэхээр түвшин түвшиндээ, хуулийнхаа хүрээнд л асуудлаа шийдсэн нь зөв болов уу гэж бодож байна” гэлээ.

Ц.Элбэгдорж: Тавантолгойн асуудал улс төрчдийн амны зугаа битгий болоосой

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайд ямар бодолтой байгаа вэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг та эсэргүүцдэг. Тэгсэн мөртлөө “давхар дээл”-ийг тайлуулах хуулийн төслийг УИХ дэмжээгүй батлахад та бидний гаргасан шийдвэрт яагаад хориг тавиагүй вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: Өнгөрсөн 23 жилийн үйлчлэлийг бид эргэн харж, дүгнэх цаг болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэж сонссон. Энэ ажлын хэсэг ямар өөрчлөлт оруулах гэж байгаагаа нийтэд нээлттэй ярих хэрэгтэй. Би ч сонсоогүй байна. Өмнө нь оруулсан буюу дордуулсан гэж үзээд байгаа долоон заалтыг ярилцаж нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй. Харин УИХ-аар батлаагүй шийдвэр дээр хориг тавих эрх Ерөнхийлөгчид байхгүй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Сонгогдох үедээ дандаа хэлдэг байсан “Шударга л байцгаая. Баялаг бүтээгчдээ хайрлая. Дарга нарын засаглалыг халъя” гэх мэт. Энэ ам ажлын нэгдэл хэрхэн хангагдсан бэ. Давхар алба хашихыг дандаа эсэргүүцэж байна гэж та бас хэлдэг. Энд сууж байгаа хүмүүсээс Засгийн газрын гишүүн сонгоод тогтоол батлаад явуулахад таныг хориг тавих нь уу гэж бид хараад л байсан. Та хориг тавихгүй л байна лээ. Та төрийн мэргэшсэн албыг халж болдоггүй тогтвортой ажиллах ёстой гэж байсан. Гэтэл хэдэн мянгаар нь халсан. Одоо ч халж байгаа. Энэ асуудал дээр та бас үзэл бодлоо илэрхийлэхгүй байна. Таныг битгий хориг тавиарай гээд шахаад байсан уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: Давхар хашихгүй ээ гэсэн хуулийг л УИХ баталчихмаар байгаа юм. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асууд­лыг багцаар нь шийдье гэж тохирсон шүү дээ. Бүтэц бүрэлдэхүүнийг хөдөл­гөх­гүйгээр баталъя гэсэн. Одоо үүнийгээ бид хуульжуулаад шийдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Тавантолгойн асуудал бол жирийн нэг хөрөнгө оруулалтын асуудал биш. Яагаад гэвэл Монголын гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг цорын ганц орд. Та Монголын асуудлыг ганц дарга шийдэхгүй гэж хэлсэн. Гэтэл ард түмний хувь заяа болсон энэ том ордыг ганц М.Энхсайхан ганцаараа шийдээд явж байна. Мөн бидэнд ирүүлсэн гэрээ нь гарын үсэг зурах гэрээ нь биш байсан гэж байгаа юм. Гурван сая хүний эрх ашгийг хамгаалдаг Ерөнхийлөгчийн хувьд энэ гэрээг юу гэж харж байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж: Асуудлаа шийдэх, шийдэх түвшиндээ л шийдэх хэрэгтэй. Тавантолгойн асуудлыг улстөрчдийн  амны зугаа, хоолоо хийдэг, хуваагдаж ярьдаг муухай хэрүүл битгий болгоосой л гэж бодож байна. 1072 хувьцааг мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлыг Засгийн газар, УИХ тусдаа ярина. Үүнийгээ гишүүд маш сайн мэдмээр юм. М.Энхсайхан сайдаас асуух хэрэгтэй. Өмнө нь 16 гишүүн асуулаа гээд олон асуулт явуулсан байна лээ. Түүнд нь М.Энхсайхан гишүүн бүгдэд нь хариулсан байсан.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Эдийн засгийн хүндрэл монгол төрийн тулгамдсан асуудал боллоо. Зээл авах нь биднийг эрх барьж байх хугацаанд л замхарчихгүй бол цаашдаа яах нь хамаагүй гэж байгаад санаа зовж байна. Хэн нэг компанийг, аль нэг улс төрийн хүчнийг хүндрэлээс авч гарахын тулд улсаараа дэнжин тавьж болохгүй байх гэж би бодож байна. Тавантолгой Оюутолгойн араас орж байна. Ийм маягаар явуулах ёсгүй байх. Тавантолгой гэхээс илүүтэй монгол төрийн гурван толгойн асуудлыг шийдэх нь чухал байж магадгүй. “Гацуурт” ордыг ухуулахгүй гэсэн шийдвэрийг иргэд гаргасан байна. Үүнд өөрийн зохих дэмжлэгийг үзүүлээсэй гэж хүсч байна… Та Ц.Мөнхбаярыг суллах талаар ямар бодолтой байгаа вэ. Таны үхтэл орших газар чинь Монгол. Танд нэгэн цагт Капла биш Мөнхбаяр тусалж магадгүй учраас түүний асуудалд анхаарал хандуулж байгаа байх гэж бодож байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж:
Баялагтай орнуудын асуудлаа шийдсэн байдлаас сургамжууд гарч ирдэг. Улс төрийн амьдралд оролцож байгаа хүн өмнө орсон, сүүлд орсон гэдэг ойлголт байдаггүй. Орсон л бол хариуцлагаа хүлээгээд л яв. Өмнөх үеийнхнийхээ сайн хийсэн ажлыг цааш нь үргэлжлүүлээд алдаа гаргасан бол сургамжаа аваад явдаг байх хэрэгтэй. 1990 онд ийм зарчмаар явсан. Энэ зарчмаараа л хандаад явна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Би энд бодит үнэний талаар хэлье гэж бодож байна. Ерөнхийлөгийн хийсэн ажлыг жингийн туухай дээр тавиад үзвэл цагаанаасаа хар нь илүү байгаа гэж иргэд үзэж байна. Нэг сумын ой болоход төрийн одон тэмдгүүд багц багцаараа тараагдаж байна. Хүрэх ёстой эзэндээ хүрч байна уу. Хоёрдугаарт нь, Ерөнхийлөгчийн сонгууль хэр үнэн шударга явсан гэж та үзэж байна вэ. 2009 оны сонгуульд С.Баяр сайдтай хуйвалдаж гарсан. 2013 оны сонгуульд өрсөлдөгчөө байхгүй болгож, Н.Удвал сайдыг нэр дэвшүүлэхийг захиалж гарсан. Энэ сонгуулийг та хуулийн дагуу явсан гэж үзэж байна уу. Гуравт, уучлал үзүүлэхдээ ард түмний болоод улс орны эрх ашгийг хэрхэн харж байна. Иргэд “хүний амь нас бүрэлгэсэн хүнийг гаргаад, нөгөөх нь дахиад хүн алчихлаа” гэж ярьж байна. Улсад өчнөөн хэмжээний хохирол учруулсан хүний шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад уучлал үзүүлсэн гэдгийг бас шүүмжилж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Нямдорж гишүүн захиалж ярьдаг гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн. Энэ хэлмэгдүүлэлт зогсох болоогүй юу. Дөрөвт, та бол төрийн тэргүүн эв нэгдлийг илэрхийлэгч. Бодит байдал дээр эв нэгдэл гэж алга. Хууль хүчний байгууллагыг ашиглан, өрсөлдөгчгүй болсон. Нам дотроо төдийгүй, намуудыг хагалган бутаргасан. Их эвслийн биш Шийдлийн биш Элбэгдоржийн Засгийн газар гэж ард түмэн үзэж байна. Тавд, Ноён уулыг “Би байгаа цагт ухуулахгүй” гэж та хэлсэн. Одоо ухуулах гэж сууж байгаагаа шударга ёсонд нийцэж байгаа бодож байна уу. Зургаад нь, Эдийн засгийн реформ дээр “гутлаа оёод л интернэтээр зараад  болж байна” гэж та хэлсэн. Ийм амьдралгүй зүйл ярьж болохгүй.

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж: Тө­рийн шагналтай холбоотой асуудалд өөрчлөлт хийе гэж байгаа. Намуудаас төлөөлөл орсон. З.Баянсэлэнгэ гишүүн өөрөө орсон. Ер нь, төрийн шагналтай холбоотой асуудлаар ямар өөрчлөлт хийх вэ гэдэг саналаа УИХ-д өргөн барина гэж бодож байгаа. Улс төрийн системийг өөрчилж байхад энэ асуудлыг давхар шийдэх боломж байсан. Шагнал дээр тодорхой асуудлууд бий. Төрийн шагналтай асуудлаар УИХ-д хуулийн төсөл өргөн барих юм бол асуудлыг шийдтэл нь шагнал олгох явдлыг хүлээх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль ямар явсныг шийддэг асуудал тусдаа. Шүүхийн эцсийн шийдвэр заавал Дээд шүүх дээр гардаг асуудал биш. Давж заалдаагүй бол тэр эцсийн шийдвэр. Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал асуугаад байх шиг байна. Тэр хүн уучлалаа үзээд эх нутагтаа ирж очоод явж байгаа. Энхтуяа, Хуяг гээд хоёр нөхөр гараад явчихсан гээд байдаг юм. Гэмгүй бол энд тэнд зугтаад явах шаардлагагүй. Ноён уултай холбоотой асуудал дээр би нэг байр суурьтай л байгаа. Орон нутгийнхантай нь очиж ярь. Байгаль орчинд хохиролтой үйл ажиллагаа явуулж болохгүй. Тэр газрыг хамгаалаад, булш бунхныг нь олж илрүүлээд олны хүртээл болгох дээр нь тухайн аж ахуйн нэгж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ноён уулын булш бунхнаас гарсан зүйл Монголд байдаггүй шүү дээ.  Ордны гадаа хоол унд идэхгүй гэж байхаар Орос руу явж нэхвэл арай ойрхон харагдах байх. Бусад өөр үлдсэн зүйл байгаа бол аж ахуйн нэгж нь туслаад хил бүсийг нь тогтоох хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
bayanselenge ENKHBAYRIIN TUSHAALAAR IHL YM ASUUH SHIG BOLLOO
erunhiilugch mash olon ajliig hiij bas hiiheer tuluwlusun bna taalagdaj bna shv
Давхар хашихгүй ээ гэсэн хуулийг л УИХ баталчихмаар байгаа юм. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асууд­лыг багцаар нь шийдье гэж тохирсон шүү дээ. Бүтэц бүрэлдэхүүнийг хөдөл­гөх­гүйгээр баталъя гэсэн. Одоо үүнийгээ бид хуульжуулаад шийдэх хэрэгтэй.
Хамгийн их уншсан