Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
З.ЭНХБОЛД: М.ЭНХСАЙХАН ГЭДЭГ НЭГ САЙДААР ХОЁР САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ХУВЬ ЗАЯАГ ТОГЛУУЛАХГҮЙ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд зарим сэтгүүлчтэй цаг үеийн асуудлаар ярилцаж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Тэрээр ярилцлагадаа ямар ямар асуудал хөндсөнийг хүргэж байна.

Монголын үндэсний олон нийтийн телевиз:-Намынхаа 25 жилийн ойн хурал дээр та Ардчилсан нам фракцгүй боллоо гэж мэдэгдсэн. Энэ хэр боломжтой зүйл юм бол?

-Фракц бол хэсэг гэсэн үг. Нам намаараа л нэг хэсэг болж байгаа юм. Германы Социал демократ нам дотор, Христийн ардчилсан нам дотор янз бүрийн фракц байдаггүй. Тиймээс бид дэлхийн улс төрийн жишгийг дагаж явах хэрэгтэй болчихоод байна. Хамгийн том зорилго нь намын жирийн гишүүдийн захиалга байсан. Тэгээд л фракцгүй болсон гэж хэлсэн. Цаашид би асуудалд фракцын арга барилаар хандахгүй. Жилийн дараа нэр дэвших 76 хүнээ ҮЗХ сонгох ёстой. Тэгэхдээ намын жирийн ги­шүү­дээсээ хамгийн их санал ав­сан хүнийг л гаргана. Аль фракцынх вэ гэдгийг нь огтхон ч сонирхохгүй. УИХ-д сонгогдох магадлалтай хүнээ олж сонгохын тулд фракцгүй болж байгаа.

ТВ-5 телевиз :-Та “Толгой компаниудаас хамааралтай намуудын санхүүжилтийн асуудлыг цэгцэлнэ” гэж ярилцлага өгсөн. Тэгэхээр 2016 оны сонгуулийн санхүүжилтээ яаж бүрдүүлнэ гэж төлөвлөж байгаа вэ. Улс төрийн намын, Сонгуулийн тухай хуульд энэ нь яаж тусах вэ?

-Намын санхүүжилт бол шийдэхээс өөр аргагүй хэцүү асуудал болчихсон. Үүнийг намын дарга нар хамгийн их мэдэрч байна. Би урьд нь намын даргын ажил хийж байгаагүй учраас тэр асуудал надаас их хол байжээ. УИХ-д суудалтай намуудын даргатай нартай яриад нам шилэн данстай байхгүй бол иргэдийн итгэл алдагдаад байна. Том компаниудын халаасанд орсон байна гэдгийг ерөнхийдөө ойлголцсон. Үүнтэй холбоотой Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл бэлдчихээд жил боллоо. Энэ гурван хуулиа ярьсаар эцэст нь нийлүүлж нэг болгох нь зүйтэй юм байна. Улс төрийн намын тухай хуулиа хүчингүй болгож, санхүүжилт нь тодорхой байх хэрэгтэй. Хэнээс хэдэн төгрөг авч зарцуулсан нь тодорхой, улсын төсвөөс авдаг санхүүжилтээ нэмье гэж байгаа. Германд гэхэд улсын төсвөөс авдаг мөнгө нь нэлээд их юм билээ. Тэгж байж том компаниудын халаасанд орохгүй байх бодлого хэрэгжинэ. Өнөөд­рийн хувилбараар УИХ-д суудал авсан намуудад санал тус бүрийг нь мянган төгрөгөөр үржиж өгдөг. Энэ нь сонгуулийн дараа л намд орж ирээд л дуусна. Мөн жил бүр УИХ-ын гишүүний тоог үржих нь 10 сая төгрөг олгодог. АН 350 сая төгрөгөө Сангийн яамнаас аваад тайлангаа өгдөг. Энэ 350 сая төгрөг намын хэвийн үйл ажиллагаа явуулахад багадаад байгаа учраас нэмэх бодлого баримтлах гэж байгаа. Гэхдээ нам 100 хувь улсын төсөв дээр сууж болохгүй. Сая Германд хийсэн айлчлалын үеэр Бундестагийн дарга нартай энэ асуудлаар санал солилцсон. Тэр жишгээр явахаар бид бэлтгэж байгаа. Гишүүдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэх ёстой юм байна. Санхүүжилтийнхээ 50 хувийг гишүүдээсээ авах нөхцөлийг тавьдаг юм билээ, Герман. 50 хувиа аваагүй бол улсаас өгдөг мөнгийг багасгачихдаг.

В-5 телевиз :-Нэр дэвшигчдээс мөнгө авах уу?


-Нэр дэвшигчдээс мөнгө авахыг тэглэнэ. Урьд нь авч байсан 50 сая төгрөгийг авахаа болино. Чи тойргийнхоо сонгогчдод наад мөнгөө зарцуул гэх юм. Намуудын гол бэрхшээл сонгуулийн үед гарч байгаа. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог. АН хамгийн сүүлд хоёр бил үү гурван тэрбум төгрөгийн тайлан СЕХ-нд өгсөн. Ирэх сонгуулиар ийм хэмжээний мөнгө гарах байх гэж тооцож байгаа. Гэхдээ Сонгуулийн хуулиар мөнгө бага зарцуулахаар бодож зохих өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. УИХ-аар хэлэлцэгдэж гарах гэж байгаа Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуульд тусгалаа олоод гарна. УИХ-д суудалтай намууд үндсэндээ тохироод олигархиудаасаа салъя гэсэн.

Eagle телевиз:-АН-ыг фракцгүй болсон гэж итгэлтэй хэлээд байна. Нэг удаагийн уулзалтаар энэ асуудлыг шийдчихсэн гэхээр итгэл төрөхгүй байна?

-Ер нь фракцуудыг урамшуулсан тогтолцоог Алтанхуяг даргын үед явуулсан. Тийм учраас намайг дарга болох хүртэл фракцууд чөлөөтэй байж түүнийгээ ажлаа явуулах арга гэж үздэг байсан. Энэ нь тухайн даргын өөрийнх нь үзэл баримтлал. Намын дүрмэнд фракцтай байна, фракц нь тэгнэ гэсэн заалт байхгүй. Та бүхэн санаж байгаа бол 2006 онд Элбэгдорж Ерөнхий сайдаасаа огцорч АН-ын дарга болохдоо бас фракцгүй болно гээд сонгуульд тодорхой амжилт гаргаж байсан. Сонгууль дөхсөн үед фракцаараа ялгарч болохгүй. Сонгууль сахилга батыг шаарддаг. Гэтэл тав, зургаан групп болчихоод өөр өөр зүйл яриад байхаар сонгуульд амжилт олохгүй нь тодорхой. Фракцыг дуртай нь байгуулаад дуртай үедээ салгачихаж болдоггүй зүйл учраас үүнийг дэмжихээ больё гэж байгаа юм.

UBS телевиз:-Энэ санаачил­гатай зэрэгцээд АН-ын зарим гишүүд өрх тус­гаарлах тухай яриа гарах боллоо. Фракцгүй болно гэдэг уриалгаас дайжсан үйлдэл гэж болох уу?

-Гүндалайг хэлж байгаа бол байнга л орж гарч байдаг болохоор сонин биш. Миний мэдэхээр хоёр дахиа АН-д орж, хоёр дахиа шинэ нам байгуулж байна уу. Тэгэхээр Гүндалай шиг тогтворгүй хүмүүсээр АН дутахгүй. Гүндалайг сайд болгоогүй учраас АН-аас гарсан. Та бүхэнд тайлбарласан уу, үгүй юу. “Шинэ байгуулагдаж байгаа засагт сайд болгохгүй бол АН-аас гарлаа” гэсэн. Тэгэхэд нь “Чамайг сайд болгохгүй ээ. Намаа байгуулна уу, өөрөө мэд” гэсэн. Ийм шантаажчингуудаар АН дутахгүй. Өөр нам байгуулна гэж байгаа тухай нь сонсоогүй.

UBS телевиз:-Намын төсөв гэдэг татварын мөнгө учраас ард түмнээс асуух боломж бий юу. Хоёр төслийг урагшлуулах, машины жолооны хүрдийг  баруун уу, зүүн үү гээд санал асуулгаар шийдлийг хайдаг болсон?

-Сайханбилэг Ерөнхий сайд ард түмний дунд асуулга явуулсныг зөв, буруу гээд ярьж л байгаа. Гэхдээ тэр асуулгын дүнд итгэхэд хэцүү. 10 жилийн сурагч хүүхдүүд ч баахан санал өгчихнө. Утасны цаана хэн байгааг мэдэхгүйгээр асуух нь мөнгөний гарз болсон хэрэг юм. Үнэхээр сонгогч бүхэн утасныхаа дугаарыг хэлж, албан ёсны бүртгэлтэй гэдгээ тодорхойлоод санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн үед асууж болно. Харин намын санхүүжилтийн тухай та бүхэнд ярьж байгаа нь “Та бүхнийг цааш нь түгээгээд өгөөч ээ” гэж байгаа хэрэг. Тэгээд УИХ-аар хэлэлцэх үеэр хэн дуртай нь саналаа хэлж, цаасаар ирүүлж болно.

ТВ-5 телевиз:-Танаас өмнө нь намын дарга нь Ерөнхий сайдын албыг давхар хашиж ирсэн. Харин та УИХ-ын дарга. Үүнийг яаж хардаг вэ?

-Яагаад Ерөнхий сайд болоогүй вэ гэвэл намын дүрмээр АН 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 31 суудал авсан. Явцын дунд Батцогт, Арвин Өвөрхангайн хоёр нэмэгдэж, 35 суудалтай болсон. Тэгэхээр намын дарга Ерөнхий сайд болох дүрмийн шаардлага хангагдахгүй байгаа юм. Хоёрдугаарт, энэ удаагийн Засгийн газрыг эдийн засгийн хямралтай тэмцэх гэж байгуулсан. Аль ч нам олонхи болоогүй тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болох нь зохимжгүй юм гэж үзсэн. Мөн улс төржилтөөс эдийн засгаа хол байлгая гэсэн зорилгоор аль нэг намын дарга бус хүнийг Ерөнхий сайдаар томилсон. Асуудалд улс төрийн өнцгөөр хандаж хийх ажлаа УИХ-ынхаа танхимд хязгаарлая, гүйцэтгэх засаглалд намын дарга нар орчихоор ажлаа хийхийн оронд манай нам илүү гэдэг байдлаар асуудалд хандахад хүргэдэг. Та бүхэн санаж байгаа бол Баяр Ерөнхий сайдын үед манай намын дарга Тэргүүн шадар сайд байлаа. Сү.Батболд Ерөнхий сайдын үед бас Тэргүүн шадар сайд байсан. Тэр үед С.Баяр, Сү.Батболд Н.Алтанхуягт үүрэг өгөх нь олон суудалтай намын дарга нь цөөн суудалтай намын даргадаа үүрэг даалгавар өгч байгаа юм шиг зохимжгүй зүйлүүд ажиглагдсан учраас бүх намын дарга нь УИХ-даа л сууя гэсэн. МАХН, МҮАН-аас бусад бүх намын дарга нар УИХ-д бий.

“Өдрийн сонин”:-Сонгуулийн тогтолцоогоо ард түмнээс асууна гээд байгаа. 76 жижиг тойрог уу, 48:28 байх уу гээд л... АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн тогтолцоог ард түмнээс асууя гэсэн тогтоолын төсөл өргөн барьсан. Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монголын ард түмэнд жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш. Тэгвэл зургаан тэрбум төгрөг хаанаас олох вэ. Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу гэдэг асуулт гарч ирж байгаа. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөрөөр монголчууд санал асуулга явуулж байгаагүй. Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд Сонгуулийн тухай хууль байна. Харин тойргоо жижигрүүлэх үү, томруулах уу гэж асуудаг нь мөнгөний гарз. Сонгуульдаа шударга оролцдог, бага мөнгө зарцуулдаг зэрэг асуудлаар уралдахаас бус сонгуулийн тогтолцоо амин чухал асуудал биш. Тиймээс АН дэмжихгүй.

Ikon.mn сайт:-Сонгууль дөхөж намуудын рейтингийн судалгаа гарч эхэллээ. АН-ын рейтинг нэлээд унасан байна. Жилийн хугацаанд намынхаа нэр хүндийг сэргээх боломж байгаа гэж харж байна уу?


-Рейтинг гэдэг харьцангуй ойлголт. Өнөөдөр асуухад нэг өөр, маргааш асуухад бас өөр гардаг. Даяарчлал гэдэг зүйл явагдсанаас хойш дэлхий нийтэд төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл тогтмол бууж байна. Энэ бол зөвхөн Монголын үзэгдэл биш.  Гэхдээ дараалал огтоос өөрчлөгдөхгүй байгаа. Тиймээс бид рейтингээ өсгөх бууруулахдаа биш ард түмний амин чухал асуудлыг шийдэхэд анхаарах ёстой. Рейтинг сэтгүүлчдийн сонирхдог асуудал байдаг учраас 1960 оноос 2015 он хүртэлх Америкийн ард түмний төрдөө итгэх итгэлийн судалгааг та нарт үзүүлэхээр авч ирлээ. Кеннедиг Ерөнхийлөгч байхад буюу 1960 онд ард түмний 80 хувь нь төрдөө итгэдэг байсан бол 2015 онд 24 хувь болтлоо буурсан байгаа юм. Гэхдээ л энэ нь төр барьдаг хоёр намыг орхиж шинэ намыг гаргаж ирэх хүчин зүйл болдоггүй юм. Ингэж 55 жилийн турш төр, төрийг бүрдүүлдэг улс төрийн намын үүрэг роль өөрчлөгдөөд байна. Санаж байгаа бол 1990 онд намуудын нийлбэр рейтинг бараг 99 хувьтай байсан. Саяын судалгаагаар 50 хувьтай байна. Манайд 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл бүлэг тавьсан босго давснаас хойш гурав дахь намын үүрэг гарч ирсэн. Энэ нь зөвхөн АН-ын асуудал биш бүх нам ард иргэдийнхээ төрд, улс төрд итгэх итгэлийг сэргээх тал дээр шинийг бодох шаардлага гарч ирсэнийг харуулж байгаа. Тийм учраас хуулиудад өөрчлөлт оруулж дансаа шилэн болгож, хэнээс хандив авснаа ил гарга, намынхаа гишүүдээр шийдвэр гаргуул. Ер нь, АН гишүүдээрээ шийдвэр гаргуулалгүй олон жил явлаа. Дунд нь төлөөллийн байгууллага бий болгочихоод байгаа. Аймгийн, сумын намын хороо гэх зэргээр. Одоо намын жирийн гишүүдээсээ асуудаг болъё. Тэд л гол асуудлаа шийдвэрлэж байх хэрэгтэй. Магадгүй зовлонтой байх ч үүнээс өөр сайн арга бодож олоогүй байна. Итгэл бага байгаа нь Улс төрийн намын тухай хуулиа шинэчил гэсэн үг юм. Өмнөх шиг косметик засвар хийгээд явах боломжгүй болсны илрэл.

ТВ-5 телевиз:-Боловсон хүч­ний тухайд ямар бодолтой байдаг вэ. Сонгуулиар хурган даргын цүнх барьж гүйсэн нь яам, тамгын газарт алба, хэлтэс удирд­даг жишиг тогтчихлоо. Боловсон хүчний чадвар, чансаанд ямар шаардлага тавих вэ?

-Төрийн алба намаас хамаар­даг­гүй. Гэхдээ намууд сонгуулиар ажил­ласан хүмүүсээ урамшуулахын тулд Төрийн албаны тухай хуулийг зөрч­дөг. Би хаврын чуулганы нээлтэд үг хэлэхдээ Чинзориг сайдын гаргасан тушаалыг буруу, залруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Яагаад буруу вэ гэвэл сайд болонгуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин зөвхөн Чинзоригийнх биш. Манай намынхан ч ийм. Хөдөлмөрийн хуучин сайд нь ажилт­нуудаа үүрэг гүйцэтгэгчээр ажил­луулсан алдаа бий. Тэр нь Чинзоригийн ажилтнуудаа халах үндэслэл байж болохгүй. МАН засагт орсон гэдгээрээ өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулах гэдэг бодлогыг үүнээс хойш зогсооё. Төрийн алба намуудад хөтлөгдөж явдагийг буруу гэж үздэг. Ингээд биелүүлэхгүй бол сайдын суудалтай нь л ярина.

“Ардчилал” сонин: -АН Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн ротацийг хийлгүй багагүй хугацаа өнгөрсөн. Шинээр ҮЗХ-ны гишүүн болж орж ирсэн гишүүдийг баталгаажуулах ҮЗХ-ны хурал, намын Их хурлаа хийх санал гишүүдээс хэлээд байгаа. Үүнд хариулт өгвөл?


-АН-ын хамгийн сүүлийн ҮЗХ-ны хурал дээр намын Их хурлаа Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа хийнэ гэдгээ хэлсэн. Эхлээд бүх намыг дүрмээ өөрчлөхийг шаардах юм. Янз бүрийн бүтэцтэй намууд байна. Гишүүдээсээ асуудаг, төлөөллийн байгууллагаараа дамжуулан асуудлаа шийддэг, ганцаараа сууж байгаад бүх асуудлаа шийддэг нам ч байна. Улс төрийн нам гэдэг гэрчилгээтэй л бол нэг хуулиар явъя гэсэн үүрэг өгөх гээд байгаа юм. Жишээ нь, УИХ-д суудалтай бүх нам жирийн гишүүдээсээ асууж дотроо сонгууль явуулна. Иргэд сонгогчидтой илүү ойрхон байх төслүүд хийж байгаа.
Сүүлийн зургаан жил намын эв нэгдлээ хадгална гэж дотоодын бүх сонгуулиа хаасан. Тэгэхээр ҮЗХ-ны хурал болохгүй, Их хурал ч хийхгүй жил болгон гуравны нэгээ сольдог байсан өөрчлөлтөө ч зогсоочихсон. Дөрөвдүгээр сарын 7-нд баярын хурлын үеэр хэдэн хүн “Зургаан жил хаасан намынхаа хаалга, цонхыг онгойлго, бид ормоор байна” гэсэн лоозон барьсан харагдсан. Тэднийг тэндээ ингээд байж л байг гэсэн боловч манай хэдэн гишүүн очоод хөөчихсөн. Энэ бол байдаг л, хэвийн зүйл. УИХ-ын сонгууль, аймгийн ИТХ, нийслэлийн ИТХ-д дэвших гэсэн олон сайн боловсон хүчин байна. Гэтэл бид хаалга, цонхоо хаагаад битүүлж байсан нь буруу. Намын даргын албыг аваад төрийн албанд шилжсэн хүмүүсийн оронд нөхөн сонгууль явуулахыг зөвшөөрсөн. Зөвшөөрөнгүүт сонгуульд ялагдсан гомдогсод нь суулт хийгээд эхэллээ. Харамсалтай нь, энэ бол намын төлөвшилд нөлөөлөөд байгаа юм. Аль ч улсын аль ч нам гишүүдээсээ асуудаг. Тэр дундаа ялагдсан нь ялсан хүндээ баяр хүргэдэг болохоос суулт зарлаж явдаггүй юм билээ. Ийм улс төрийн соёл манай намд аяндаа төлөвшинө. Эхний юм болохоор будилаантай харагдаж байж магадгүй. Бид хаалга, цонхоо нээж шинэ хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй. Зургаан жил хаалга, цонхоо хаачихлаа гэж надад биш намын өмнөх удирдлагуудад хаяглагдсан үг байсан. Тэр залуустай Эрхэмбаяр генсек уулзсан. Ер нь, намын тухай хуулиар нэлээн олон асуудлыг бүх намд адилхан үүрэг болгох гээд байгаа юм. Тэгэхгүйгээр бид ҮЗХ-ны 228 хүн дотроос УИХ-д нэр дэвшүүлнэ гэвэл ялалт харагдахгүй байгаа юм. Олон хүнтэй уулзаж үзэхэд нэр дэвших шаардлага хангахгүй нь гэдгээ хэлсэн нь бий. Лоозон барьж байсан Мөнх-Эрдэнэ гэж залуутай ган­цаар­чилж уулзаж ярилцаад тохироод гар бариад л гарсан. Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. “Баян­хонгор аймаг Ганбат, Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байх­гүй” гэж хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал. 35 гишүүний тойрогт намын дотоод сонгууль зарлахгүй гэсэн үг. Тэгж хэлэхэд “За ойлголоо” гээд л гарсан. Гарангуутаа “АН-ын дарга огцор, би нэр дэвшинэ” гэсэн нөхөр. Баянхонгор аймагт очоод Баттулга, Ганбат гишүүнээс илүү рейтингтэй би нэр дэвшинэ гээд явж байгаа нөхөр. Энэ мэтчлэн намын доторхи сахилга батаа барих л ёстой. Ийм амбийцаа дарах ёстой. Монгол Улсын хаана ч очоод нэр дэвших эрх Мөнх-Эрдэнэд байгаа. Гэтэл заавал Баянхонгор аймагт нэр дэвшинэ гээд яваад байгаа учраас үгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ мэтээс болоод АН хагарч байна гээд байгаа юм.    
 
News.mn сайт:-МАН жижиг тойргоор сонгууль явуулъя гэсэн. АН сонгуулийн тойрогт ямар бодлогыг дэмжиж байгаа вэ?

-Жижиг 76-н тойргоор яагаад сүүлийн хоёр сонгуулийг явуулаагүй юм бэ гэдгийг ярих ёстой. 2000 оны сонгуулийг жижиг 76-н тойргоор явуулсан. Үүний хамгийн том дутагдал бол 2000 онд МАХН /одоогийн МАН/ нийт ард иргэдийн 51 хувийн саналыг авч чадаагүй. Бүх саналыг тоолоод үзвэл 51 хувийн санал авч чадаагүй мөртлөө УИХ-ын 76 суудлын 72-ыг авсан. Багахан илүү саналтай байсан ч олонхи болсон. Үндсэндээ Монголын ард түмний 50 хувь нь МАХН санал өгөөгүй байхад парламентын суудлын 90 гаруй хувийн авч болж байна. Ийм учраас 2008, 2012 онд тойргийг томсгож явуулсан юм. Жагсаалт бол хүмүүсийн саналыг байгаагаар нь тусгадаг арга. Намын нэрээр санал авбал АН-д 50 хувь нь, МАН-д 40 хувь нь ч юм уу саналаа өглөө гэж бодъё. Гэтэл тэр саналаар парламентын суудлыг 40, 50 хувь гээд хувааж авна. Түүнээс жижиг 76 дээр гардаг шиг гажуудал гарахгүй. Ард түмний өгсөн санал тэр чигээрээ УИХ-д тусах ёстой болохоос намын жагсаалтын ард хэдэн хүн нуугдаад гишүүн болохыг хэлээгүй юм. Монголын эрхзүйн систем Германы хууль эрхзүйн тогтолцоотой төстэй. Германы парламентын ги­шүү­дийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь на­маас сонгогддог системийг авсан нь хэлэлцүүлгийн явцад гуравны нэг, гуравны хоёр болж өөрчлөгдсөн. Жижиг 76 руу оръё гэдэг нь одоогийн тогтолцоог улам муутгах учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Сонгуулийн системийн гол шалгуур бий. Ард түмний өгсөн санал төлөөллийн байгууллагад хэдэн хувийн алдаатай тусах вэ гэж. Хамгийн их алдаа гардаг нь жижиг 76 тойрог. Санал өгсөн хоёр хүний нэгийнх нь санал огт тооцогддоггүй. АН-д 50 хувь, МАН-д 50 хувийн санал өглөө гэж бодоход жижиг тойргоор бол 76 гишүүнийг АН-гүйгээр авчихвал яах вэ. Жижиг 76 тойрог бол ингэж болдог хувилбар. Адилхан санал авсан боловч 0 суудал авдаг онолын магадлал байгаа юм. Түүнийг 2000 онд бид харсан шүү дээ. Энэ тохиолдол сумын Иргэдийн хурал, аймгийн ИТХ-д, нийслэлийн ИТХ, дүүргийн ИТХ-д ч тохиолдоно. Холимог системээ сайжруулах хэрэгцээ бол бий. Жишээ нь, АН-ын дүрмээр бол 76*3=228 гэж тооцож ҮЗХ-ны гишүүдээ сонгодог. Нэг суудалд гурван хүн бэлтгэж байгаа гэсэн зорилгоор энэ тоог гаргасан. Тэр гурвын хамгийн сайн нь 76-д өрсөлдөнө. Дүрмээр 228 хүн бүгд нэр дэвших эрхтэй. Гэтэл 2012 онд намын жагсаалтыг гаргахдаа ямар алдаа хийсэн бэ гэхээр хэзээ ч УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг жагсаалтад оруулсан. Тэр нь атаархал дагуулсан. Өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй Бурмаа, Батчимэг, Түвдэндорж, Эрдэнэбат жагсаалтад  ороод гишүүн болсон. Тэгэхээр тодорхой хэмжээнд атаархал гарсан. Энэ удаагийн жагсаалтад УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй. Бусад нам яахыг мэдэхгүй. Зарчмуудаа 228 гишүүнтэй яриад эхэлсэн. Жагсаалтаар гарсан хүн дахиад орж ирэх эрхгүй. Жишээ нь, би дахиад жагсаалтад орохгүй, аль нэг тойрогт өрсөлдөнө. Ийм байдлаар жагсаалтаа хариуцлагатай болгочихвол ард түмний намд итгэх итгэл сайжирна. Нөгөө атаархал ч алга болно. Чи жагсаалтад ормоор байвал УИХ-ын гишүүн байж үз. УИХ-д нэр дэвших бол дор хаяж сумын хурал, цаашлаад аймгийн, дүүргийн нийслэлийн хуралд төлөөлөгч бай. Шат дамжлагаа хийхгүй болохоор Баянхонгорын уяачдын холбооны тэргүүн шиг хаана ч сонгогдож үзээгүй мөртлөө шууд УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөөд байгаа юм. Ийм засаг захиргаагүй байдал хаана ч байж болохгүй. Энэ бол АН-ын дарга Энхболдын шалгуур биш. Ямар ч байсан ард түмний сонголтоор ороод дараагийн шатанд явна.

UBS телевиз:- Энэ тэгэхээр залуучууддаа улам л хаалттай болгоод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байна. 20-25 жилийн өмнө АН-ын удирдлагад байсан хүмүүс өнөөдөр хэвээрээ яваа. Залуучууд хэрхэн орж ирэх боломж хэрхэн бүрдэх юм бол?

-Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй хүн гэж харж байгаа. Эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй. Бид дотроо ийм бодлого явуулахаар төлөвлөж байгаа. Ерөнхий сайд Сайханбилэг, АН-ын дарга Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Бат-Үүл, Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байна. Үе солигдож байгаа үед оочер дайрахыг зөвшөөрөхгүй. АН-ын дотоод ажилд хэрхэн оролцсон бэ гээд оноо өгдөг тогтолцоо бий. Улс төрийн албан тушаал бол 1600-1700 багийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, түүний орлогч, сайд, дэд сайд нар. АН 2016 оны сонгуульд бүтэн яллаа гэхэд бид ихдээ л 3000 орчим хүн солих эрхтэй. Үүнээс цааш Төрийн албаны хуулиар хориотой. Энэ 3000 дотор орсон АН-ын үнэ цэнэ бүхий гишүүн. Гэхдээ тэр шалгуурыг бид тогтоохгүй. Өөрөө өрсөлдөөд багийн Засаг дарга болоод, сумын ИТХ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болоод явах эрхийг бид нээж өгөх тоглоомын дүрмийг нээх гэж байгаа хэрэг. Ирэх сонгуулиар 1950-аад онд төрсөн нь болиод 1960-аад оныхон орно шүү гэж механик аргаар байж үзэж болохгүй. Маш олон удаа сонгогдсон настай мөртлөө маш залуу сэтгэлгээтэй гишүүн ч бий. Залуу мөртлөө маш хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүс ч байна. Тэгэхээр улстөр бол насны тухай асуудал биш юмаа.

ТВ-5 телевиз:- Шантааж хийдэг Ан-ын гишүүд, УИХ-ын гишүүд ч байгаа. Тэгэхээр энэ улс төрөөс гарч чадна гэж та бодож байна уу. Шантаажны улс төрийг хэрхэн харж байгаа вэ?

-Намын санхүүжилт, хэн ямар албан тушаалд дэвшиж байгаа вэ гээд бүгдийг ил болгочих. Жирийн гишүүд, олон түмнээр шийдүүлсэн зүйл бол хэзээ ч алдахгүй. Хэдхэн хүн шийдсэн асуудалд алдаа мадаг гаргах аюултай. Тиймээс хаалга, цонхоо нээж өгье, гишүүдэд чөлөөтэй өрсөлдөх боломж олгоё, ард түмнээс ямар оноо авснаар чинь үнэлье. Ард түмнээс оноо авч чадаагүй бол АН-д үнэлэгдэхгүй. Улаанбаатарын нэг хорооны дарга болсон АН-ын гишүүн Дорж УИХ-ын хоёр гишүүнийг мөргөөд оронд нь дэвших гэж байгаа уяачдын холбооны даргаас илүү үнэлгээ авна. Яагаад гэвэл сонгуульд өрсөлдөж хороон дарга болсон хүн. Энэ мэтээр дэг журам тогтооно.

“Өдрийн сонин”:- Намын өмчийг юу гэж үзэж байгаа вэ. Т.Хасбаатар гэхэд МАН-ын байрыг нэхээд яваад байгаа?

-Хасбаатар АН-ын гишүүн биш. Өвөрхангайн АН-аас хөөгдсөн. Тиймээс тэр талаар ямар нэг тайлбар хэлэхгүй. Нам ер нь өмчгүй байх нь зүйтэй. Хууль гарвал намынхаа энэ байшинг хүлээлгэж өгнө. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгнө. Нам гэдэг компаниудтай адил өмч хөрөнгөтэй биш. Улс орныг авч явах бодлого боловсруулдаг, сонгуулиар бодлогоо тайлбарлаж ард түмнээс санал авдаг байгууллага. Манайх хуучин шилэн байшингаа зарчихсан. Тэнд оронд нь барих гэж байгаа байшинд манайд нэг давхар ирнэ. Бидэнд өөр өмч хөрөнгө байхгүй. Орон нутагт ч мөн адил улсын өмчийн байртай бол буцааж өгнө.

News.mn сайт:- Жагсаалтад орсон гишүүдтэйгээ ямар хариуцлага ярих вэ?

-Жагсаалтаас байна уу, тойргоос сонгогдсон байна уу УИХ-ын гишүүдийн хооронд ямар нэг ялгаа байхгүй. Бүлгийнхээ гишүүдийг захиргаадаж кноп даруулах биш итгэл үнэмшлээр нь кноп даруулах намын, бүлгийн удирдлагын үүрэг. Тэр үед хэлж ч байсан. Санал зөрөлдөх зүйл байлгүй яахав. Ухамсаргүйгээр кноп дардаг байж болохгүй. Санал зөрөлдөөнөө дотроо л шийддэг байх ёстой.

UBS телевиз:-Ард түмний саналаар намын жагсаалтыг эрэмбэлэх боломжтой юу?

-2012 онд Сонгуулийн хууль батлахдаа бид маш их ярьсан. Нам болгоны 28 популистыг гаргачих гээд байсан. Урдуур бичигдэхийн тулд үлдсэн 27-гоо муулаад, намайг дэмжээд өгөөч гээд байвал улс орны эв нэгдэл гээд олон зүйлд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Ер нь, нээлттэй жагсаалт, хаалттай жагсаалт гэж бий. Сонгуулийн хуулийг бүх нам хэлэлцэж байж гаргадаг. Хэрвээ намууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол хуучин хуулиараа явна. Тойргийн асуудал МАН, АН хоёр өөр өөр байр суурьтай байгаа. Сонгуулийн хуулийн маргааныг шийдвэрлэх хэсэгт өөрчлөлт оруулахыг бүх нам дэмжиж байгаа.

Ikon.mn сайт :- Засгийн газрын хэд хэдэн сайдыг Таван толгойн гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж мэдэгдсэн. Өмнө нь илэрхийлж байсан таны байр суурьтай зөрчилдсөн мэт харагдаад байна?


-1960 оноос эхлээд 15 жил улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд тэр үед ашиглах гэж оролдоод хэд хэдэн шалтгаанаар чадаагүй орхисон. 1996 оны Ашигт малтмалын хуулиар хэн дуртай нь хүссэн лицензээ авч Сү.Батболдын компани Таван толгойн лицензийг нь авсан. Тэгээд Сү.Батболдын авсан лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаа худагийг өгсөн. Нэг толгой болох Ухаа худагийг “Эм Си Эс” аваад явж байна. Үлдсэн дөрвөн толгойн хувьцаанаас тав орчим хувийг компаниудад өгсөн. Гурван сая хүнд хувьцаа өгсөн ч одоо 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч байна. Энд байгаа бүх хүн, би ч гэсэн хувьцаа эзэмшигч. Оюутнууд, ахмад настнууд хувьцаагаа авсан.
2006 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Ард түмнийхээ Таван толгойг ард түмэндээ өгье” гэж “Өдрийн сонин”-нд бичиж байсан. Тэр үед манай намын дарга Элбэгдорж ийм санаачилга гаргаад Сү.Батболдоос лицензийг аваад Ухаа худагийг өгсөн. Нийтдээ 6,5 тэрбум тонн, тав хуваахаар 800-900 мянган тонноор үндсэндээ тэгш хуваагддаг. Үлдсэн нөөцийн 85 хувь нь төрийн өмчийн компанид, таван хувь нь хувийн компаниудад, 10 орчим хувь нь ард түмний өмч. Төрийн хувиа ажиллуулах гээд Энэбиш, Батсуурь гээд захирал томилсон ч шоронд ордог бүтэл муутай компани болчихоод байгаа юм. Гэрээг тэгж зогсоохоос өөр арга байсангүй. УИХ-ын вэб сайтад Таван толгойн гэрээг зурах гэж байна гэж албан ёсоор санал авахаар явуулсан хувилбар нь бий. Уг нь, УИХ-ын чуулганы нээлтэд хэлэхээр бэлтгэсэн үгээ Таван толгойн асуудалгүйгээр бэлэн болгочихсон байсан. Өглөө нь гэрээг аваад үзэхэд Монголын ард түмний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн дүр зураг л буусан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр Таван толгой жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд хоёр хувийн тусгай рояалти авахаар байгаа. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болчихсон байгаа юм. Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр ард түмний Таван толгойн 51 хувь нь “Энержи ресурс”-т, 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шенхуа”-д очихоор нийт 70 жил ард түмнээ Тавантолгойгоос юу ч горьдох ёсгүй болсон байсан. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Таван толгой” компани 2 хувиас илүү татвар авахгүй, яахав үнэ өсвөл энэ нь 3, 4 хувь болохоор гэрээний заалт бол байгаа. Гэхдээ маш олон хууль зөрчсөн. Өөрийнхөө талбай руу бид орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал бол чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан учраас би тэгж зогсоохоос өөр арга байгаагүй. Төрийн гурван өндөрлөг эв найртай байна гэдэг хамтдаа хууль зөрчихийг хэлэхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явуулахыг шаардаж байгаа юм. 2006 оноос хойш ард түмний Таван толгойг яаж үр ашигтай ажиллуулах вэ гэж УИХ, Засгийн газар ч хангалттай олон шийдвэр гаргасан. Гэтэл Энхсайханы нууцаар байгуулах гэж байсан гэрээ тэр бүх шийдвэрийг байхгүй юм шиг л бодож шийдсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-аар оруулж шийдүүл гэсэн. Тэгвэл Энхсайханы баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно. Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиолцсон. Дараа нь энэ чинь хуурамч гэрээ, жинхэнэ нь өөр гэх юм ярьсан. УИХ-ын албан ёсны цахим хуудаст хаврын чуулганы нээлтийн өглөө Гадаад хэргийн яам, Хуульзүйн яам руу санал авахаар явуулсан албан ёсны гэрээний хувилбарыг оруулсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй. Дараа нь одоо яг энэ хувилбараар зурна гэсэн гэрээг бас оруулсан. Энэ хоёр гэрээг харьцуулаад харах хэрэгтэй. Би хоёр сая иргэний хувьцааг хэрхэх вэ гэдэгт хариуцлага хүлээсэн хүн учраас УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр тоглуулмааргүй байна. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.

Ikon.mn сайт:- 14 хоногт амжих  болов уу?


-Орж ирээгүй байгаа учраас ярьж болохгүй байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бид гурав ингэж ярьсан. Оюу толгой дээр гаргасан алдааг давтах нь. Оюу толгойтой олон мянган хуудастай гэрээ байгуулаад одоо заалт болгоноор нь ороогдоод байгаа. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр Хөрөнгө оруулалтын хуулиар том хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа үндсэн дөрвөн татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. Маш ноцтой заалтууд гэрээний хоёр хувилбарт бий. Гансүх зөвлөхөөр гэрээний заалтуудыг шүүлгэж байгаа учир тэр талаар өөрөөс нь асууж болно. Хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх тэр болгоныг өөрөө тогтооно гэсэн байсан. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна гэж бий. Энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүй гээд тохирсон нь аюултай. Дараа нь энэ бүх хуулийг мөрдөхгүй гэвэл дараагийн УИХ-аар шаардлага тавихаар Лондонгийн Арбитрын шүүхээр миний олох байсан ашгийг өг гэх мэт ийм л балай асуудал үүсэх гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав муудалцаад байна гэж гадуур яриад байна. Тэгж юмыг хялбаршуулж ойлгож болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой.

ТВ-5 телевиз:- Эдийн засаг ийм хүнд байхад ямар ч үнэ цэнээр ч хамаагүй мөнгө олох Засгийн газрын арга гэж байна. Баялгаа зарж мөнгө олохоос өөр боломж бидэнд алга уу?

-Ямар ч хамаагүй үнэ цэнээр гээд мөнгө олох гэж улайрч болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой. Эдийн засаг хүнд байгаа ч Таван толгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр 2 хувийн рояалтигаар бэлэглэчих гэвэл би лав өгөхгүй. Баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Ам.доллараар юм худалдаа хийхээ болих хэрэгтэй. Ингээд ам.доллараар юм аваад л байвал ханш нь 10.000 төгрөг болно. Бүх зүйлээ дотооддоо хийх арга зам байна. Гэхдээ 2012 онд Монголын ард түмэнд байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэе гэж санал өгсөн. Тэр бодлогоосоо УИХ буцахгүй. Энэ төсөл явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. Дараа нь биднийг хүн бүр хараана. Хамгийн ноцтой нь “Энержи ресурс” авангуутаа маргааш нь “Шенхуа” 100 хувь шилжүүлээд авах бүх зам нь нээгдсэн байгаа. Олон мянган хуудастай гэрээгээ боль гэдэг зөвлөгөө Ерөнхийлөгч бид хоёр Ерөнхий сайдад өгсөн. Шүүх дээр очиход Монголын Засгийн газар үүрэг хүлээхгүй л байх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь нүүрсээ зараад бизнесээ хийгээд явна л биз. Ер нь Засгийн газар нь яахаараа зах зээлийн биш үнээр нүүрсээ зарахыг зөрвшөөрдөг юм. Оюу толгой дээр шүүмжилдэг шиг бүх мөнгөө гадаадад байршуулах нь байна шүү дээ.

ТВ-5 телевиз:-УИХ-аар хэлэлцэхээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм бэ?


-УИХ хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэний эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна.

“Ардчилал” сонин:- УИХ-аар оруулахаар улстөрчдийн, намуудын өгөөш болох гээд байна гэж тайлбарлах нь бий?

-УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл тэр чигээр нь оруулж болно. Ямар ч асуудалгүй. Зүгээр л сонголтын асуудал. Таван толгойгоо үнэ төлбөргүйгээр “Энержи ресурс”, “Шенхуа” хоёрт өгөөд явуулъя гэвэл явуулъя. Үгүй ээ, үнэ цэнэтэй эд, ингэж явж болохгүй гэвэл тэр шийдвэрээ л гаргана. Тэгэхээр УИХ нийт сонгогчдынхоо өмнө тайлбар хийх чадамжтай боломжтой л байх ёстой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан