Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Хоёр жил дуншсан Хүүхэд харах үйлчилгээний хууль удахгүй батлагдах нь
Л.НОМИН

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлэгт орохын тулд олон бартаа саадыг давсан. Засгийн газар, УИХ-ын гишүүд өргөн бариад буцсан учир Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн хувилбараар нь хэлэлцэж эхлээд байв. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг стандартуудыг нарийн тусгасангүй гэж ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусч, Байнгын хороод, чуулганаар хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэн үндсэндээ батлагдахад бэлэн боллоо.

Тогтоосон шаардлагыг хангах иргэд 18-60 хүртэлх насны 2-5 насны 15 хүртэлх тооны хүүхдийг стандартад нийцсэн байранд харсан тохиолдолд төрөөс хувьсах зардал олгох тухай хуулийн төсөлд тусгасан. Сангийн сайд 50 орчим мянган хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол олгох хүүхэд харах үйлчилгээнд хамруулахад шаардагдах 60 тэрбум төгрөгийг гаргах боломжгүй гэснийг МАН-ынхан ишлэж байв. Чуулганы хуралдаанаар өчигдөр хуулийн төслийг хэлэлцэх явцад ч үүнийг хөндөж харагдсан. Хэлэлцэхээс өмнө УИХ-ын даргаас Ардын намын бүлэг гурав хоногийн завсарлага нэмж авахыг хүссэн ч З.Энхболд дарга зөвшөөрсөнгүй. Завсарлага хүссэн МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ажлын хэсэгт багтаж ажилласан мөртлөө хуулийн төслийг зориуд гацаах гээд байгаа мэт байдал гаргаж буйг гишүүд  шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Амаараа эсэргүүцээд ажлаараа дэмжиж байгаа” гэдэг үгийг Ардын намынханд хаяглаж хэлэв. Өөрийн намын гишүүний оруулсан саналаа чуулганы үеэр эсэргүүцэж үг хэлж байсан гишүүд ч мэр сэр байсан. Ингээд гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Бид хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцээгүй. Хуульд хүүхдийн эрүүл мэнд, амь нас, байр хоол, зохицуулсан стандарт байхгүй. Холбогдох стандартын талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, Засгийн газраас санал авсан.

Сангийн сайд судалж үзээд хэрэгжүүлэхэд 60 тэрбум төгрөг шаардлагатай ч үүнийг гаргах боломж муу гэсэн. Нэг хүүхдэд дөрвөн ам.метрээс багагүй зай ногдох ёстой стандарт бий. Гэтэл үүнийг хоёр дахин бууруулсан нь стандарт зөрчиж байгаа.

НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт: Засгийн газар энэ хуулийн төслийг дэмжиж санал өгсөн. Гэтэл Сангийн сайд нь боломжгүй гээд өөр зүйл яриад байдаг. Засгийн газар чинь танхимын зарчмаар ажилладаггүй юм уу. Стандартыг Засгийн газар тогтоох тухай хуулийн төсөлд заасан. Сайн боловсруулсан хууль, Ажлын хэсэг ч сайн ажилласан.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл: МАН-ын бүлэг Байнгын хорооноос завсарлага авчихаад эргээд орж ирэхдээ саналууд гаргаж тавьсан. Саналууд нь дэмжигдсэн. Нийтлэг стандартыг Засгийн газар дэмжсэнээр тодорхой болно. Нэг хүүхдэд ногдох талбай хоёр ам.метр гэсэн санал хасагдсан. Та бүхний оруулсан бүх санал дэмжигдээд явна.

УИХ-ын гишүүн Я.Сод­баатар: Одоогийн хэлбэр бол олон сөрөг дагавар үзүүлэх байх. Асуудлыг шийдэхээс өмнө хүүхдээр улс төр хийгээд байна. Хурдан мөнгөө өгөөч гэсэн байдалтай хандаж байна. Салхинд хөөгдөж байгаа юм шиг яваад байна. Хэрэгжих хугацааг есдүгээр сараас гэж байгааг эргэж хараач. Энэ үйлчилгээнд яг хэдэн хүүхэд хамрагдах юм бэ. Төсөл дээр худлаа тоо л яваад байна. 50 гаруй мянган хүүхэд хамрагдаж чадах уу. Үүний чинь цаана нь өөр зүйл л яваад байна.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл: УИХ-ын гишүүд санаа тавьж байгаа учраас энэ хуулийн төсөл батлагдчих байх. Хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулъя, эсвэл эцэг эхэд нь хариуцуулъя гэлээ. Цэцэрлэг бариад хүүхдүүдээ хамруулъя гэвэл 600 тэрбум төгрөг орно. Эцэг эхчүүд хүүхдээ харвал цалингийн доод хэмжээгээр бодоход 130 тэрбум төгрөг болно. Харин Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх юм бол 60 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ ялгааг харж байгаа байх. Засгийн газар хуулийг биелүүлэхгүй гэх эрхгүй.

УИХ-ын гишүүн Д.Хаян­хярваа: Аюулгүй байдал зэрэг олон асуудал байгаа. Хоол, хүнсний шинжилгээг бүрэн хийж чадах уу. Нэг хүн хүүхэд харах эрх авлаа гэхэд өөр бусдад орхиод явахгүй байхад баталгааг гаргаж чадах уу. Тэр хүн нь нийгмийн халдварт өвчтэй байвал яах вэ. Нэг хүүхдэд өгөх хувьсах зардал 115 мянган төгрөг. Ер нь бэлтгэл ажил чухал. Хэрэгжүүлэх хугацаандаа байр, камержуулалтаа хийж амжих уу.

УИХ-ын гишүүн Г.Баяр­сайхан:
Энэ бол нүдээ олсон хууль. Хулхи гэр бүлд мөнгө өгч байгаа асуудал биш. Бодитой хэрэгжээд явах боломж байна. Хөгийн юм хийдгээ боль. Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзах бүрт цэцэрлэг дутмаг гэж яригддаг. Дөрвөн цэцэрлэгийн шав тавиад мөнгөгүй гацсан. Бямбацогт гишүүн миний урдуур ороод хоёр ч цэцэрлэгийн мөнгө шийдүүлж байсан шүү. Хүүхдийг битгий сонгуультай холбоод бай.

УИХ-ын гишүүн Г.Уянга:
Хүүхэд бүрт хувьсах зардал өгье гэж ярьж байсан. Хуулийн төсөл анхныхаасаа өөрчлөгдөөд ороод ирлээ. Бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй. Нэг хэсэг нь дахиад үлдэнэ. Хүүхэд харах үйлчилгээнд төлбөр авна. Төлбөрт нь хязгаар тавьж чадах уу. Цэцэрлэг шиг өндөр стандарт тавьж болохгүй.

НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт:
Хүүхдийг аюулгүй байлгах нь хуулийн гол зорилго. Гишүүд бэлэн мөнгө тараадаг байдал руу орох гээд байна. Аав ээжид нь мөнгө өгчихөөр аюулгүй байдлыг хангаж чадах уу. Зааж сургаад явах нь чухал шүү дээ. УИХ-аар хэлэлцүүлэх гэж хоёр жил болсон хуулийн төсөл. Энэ хооронд хүлээлт бий болсон. АН сонгуулийн сүлжээ хийлээ гэж хардаад байх юм. Ингэж болохгүй ээ. Ховдод очихоор хүмүүс энэ хуулийг хэзээ батлах вэ гэж асуугаад байна.  Батцогт сонгуульдаа зориулж батлуулах нь гэж болохгүй. МАН-ын гишүүд ч гэсэн дэмжээд явж байгаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны голлон хэрэгжүүлэх уг хуулийн төсөлд хүүхэд харах үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож өгөхөөр тусгаж. Хуулийн төсөлд нийт зарчмын зөрүүтэй 39, найруулгын шинжтэй 11 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловс­рол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Ямар нэг шалтаг, шалтгаан тоочиж хойшлуулан саад хийхгүй л бол энэ хуулийн төсөл ирэх долоо хоногт батлагдана.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан