Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Ялгүйд тооцогдоогүй бол намын гишүүн байх эрхгүй
Л.НОМИН

Намууд хэдэн гишүүнтэй вэ гэхээр амандаа орсон тоогоо л хэлдэг. Нэг талаараа энэ бол мөрөөдлийн тоо гэхэд буруудахгүй. Монгол ардын нам 161 мянга 300, Ардчилсан нам 150 мянга, Монгол Ардын хувьсгалт нам 35 мянга, Иргэний зориг ногоон нам 35 мянга, Монголын Үндэсний ардчилсан нам 26 мянган гишүүнтэй гэж Улсын дээд шүүхийн бүртгэлд мэдүүлж.

Харин сонгууль бүрээр хэдэн зуугаар нь намдаа гишүүн элсүүлдэг гэж бодохоор энэ тоо үүнээс ч илүү байх ёстой биз. Харамсалтай нь, намууд хийсвэр тоон дээрээ дөрөөлсөөр ирснийг улс төр судлаачид хэлээд байгаа. За­рим судалгааны байгууллага ч тодорхой тоо гаргаж чаддаггүй гэдэг.

“Манай намыг тэдэн хүн сонгож элслээ” гэдэг хэвлэлийн мэдээ хөвөрч, баяр хөөртэйгээр ярилцлага өгөх дарга нар ч олшрох цаг үе дөхлөө. Сонгуулийн өмнөх жилд уламжлал шахуу болсон олноор нь намд эслүүлэх элдэв нэрт аян ч хөврөх шинжтэй. 18 нас хүрэв үү, үгүй юу хэдэн зуугаар нь намын гишүүний батлах гардуулдаг буруу жишиг энэ жилээс арилж магадгүй нь. 2012 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх талаар ярьсаар дараагийн сонгууль ч хаяанд иржээ.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж байсан. Гэвч УИХ-аас ажлын хэсэг байгуулан дангаар хуулийн төсөл боловсруулах нь өрөөсгөл гэж үзсэн учир Ерөнхийлөгчийн тамгын газарт шилжүүлсэн. Намын санхүүжилтийг хамтад нь тусгасан тус хууль маш өргөн хүрээг хамарч байгаа. 2005 онд анх баталж, хэд хэдэн өөрчлөлт цаг тухайд нь оруулж байсан ч шинэчлэн найруулах шаардлагатай болсныг хэлэх хуульч, судлаачид цөөнгүй бий. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд намын гишүүнчлэлийн талаар тодорхой заалтууд нэлээд оруулжээ. Тухайлбал, “Намд албадан болон намын анхан шатны байгууллагаас өөр газарт зохион байгуулалттайгаар бөөнөөр /Нэг газар, нэг цаг хугацаанд, нэг намд 20-оос дээш иргэнийг зохион байгуулалттайгаар/ элсүү­лэх, хуульд зааснаас бусад тохиол­долд намаас гарахыг шаардах, ша­халт үзүүлэх, гишүүнээс хаса­хыг хориглоно” гэж заасан. 2012 оны сонгуулийн өмнө МАН, МАХН-ынхан нэгнээсээ өрсөн дүүрэг, аймаг бүрт хэдэн зуун гишүүн элсүүлж байсан туршлагатай. Намын хорооддоо үүрэг даалгавар өгч, уралдаан зарлан “гишүүдийнхээ хүрээг тэлж” байсан. Одоогийн хуульд ийм зохицуулалт байхгүй учраас намууд үүнийг нь овжин ашигласаар ирсэн. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нэг дор 20-иос дээш хүн намдаа элсүүлбэл хуулийн зөрчил гэж үзэн 2-4 орчим сая төгрөгөөр намыг торгох гэнэ. Чанарт биш тоонд анхаарсаар ирсэн улс төрийн томоохон намууд яг хэдэн гишүүнтэй болох бодит тоо, судалгаа гарах цаг болсон. Хэдэн мянган гишүүнтэй гэдэг хийсвэр тоон дээрээ л дэрвэж яваа гэсэн үг. Магадгүй бодит тоог нь гаргаад ирвэл ичмээр дамшиг гээч нь болох биз. Улсын дээд шүүхэд хамгийн сүүлд бүртгүүлсэн хамгийн отгон улс төрийн хүчин Л.Гүндалайн Ард түмнээ хайрлая нам 1388 гишүүнтэй гэжээ. Тэгэхээр улс төрийн жижиг намууд л одоогоор жинхэнэ тоотой байгаа болов уу.
 
Хоосон тоон дээр үндэслэдэг улс төрийн томоохон намуудын гишүүдийн үнэн бодит тоог гаргаж ирэх заалт шинэ хуулийн төсөлд орсон. “Намын гишүүн, дэмжигч гишүүний бүртгэл нь иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэх зэрэг ажлыг Сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулна” гэдэг заалт бий. Ингэхдээ Сонгуулийн төв байгууллага тухайн  иргэний овог, нэр, хүйс, аль намын, аль анхан шатны салбар нэгжид харьяалалтай, элссэн он, сар, өдөр, гишүүнчлэлийн хэлбэр зэргээр нарийвчилсан мэдээллийг нийтэд нээлттэй хэлбэрээр байр­шуулах аж. УИХ-д орж ирээд хэлэлцүүлгийн явцад яаж өөрч­лөг­дөхийг таах аргагүй ч ийм мая­гаар ил тод болгох нь хэн хэндээ хэрэгтэй. Худал тоонд итгэж явдаг намуудын дарга нарт ч тустай.

“Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, тухайн нам зорилго, үйл ажиллагаа, гишүүдийнхээ зан байдлаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын эсрэг болох нь тогтоогдсон үндэслэлээр тараагдсан намын үүсгэн байгуулагчид, шүүхээр эрх зүйн чадамжгүйд тооцогдсон Монгол Улсын иргэн, авлига, албан тушаалын болон төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял шийтгэгдсэн Монгол Улсын иргэн ял шийтгэлгүйд тооцогдох хүртэл намын гишүүн, дэмжигч гишүүн байхыг хориглоно” гэдэг заалт анхаарал татна. УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуульд тусгасан ялгүйд тооцох заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан учир үйлчлэхгүй байгаа. Ялгүйд тооцох заалт зөвхөн энэ хуульд ч биш Улс төрийн намын тухай хуулиар нэлээд маргаан дагуулж мадагдгүй нь. Энэ заалтаар Н.Энхбаярт МАХН-ын дарга байтугай, намын гишүүн байх ч эрх үүсэхгүй. Ялгүйд тооцох асуудлыг намрын чуулганы эхэнд авч үзэн Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаас харахад ялгүйд тооцогдоогүй нэгэнд ямар ч боломж өгөхгүй нь гэсэн үг. 

УИХ-ын намрын ээлжит чуул­га­наар хэлэлцэх асуудлын дараа­лалд Улс төрийн намын тухай хууль гэдгээрээ хараахан бичигдээгүй байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас боловсруулсан учир холбогдох хэлэлцүүлэг хийгээд төслийг цахим хуудастаа байршуулжээ. Гэхдээ чуулганы явцад өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээд явдаг зарчмын дагуу асуудал орж ирэх болов уу.

Энэ оны төсвийн тодотгол, ирэх жилийн төсөв, мөнгөний бодлого батлах зэрэг хэлэлцэж шийдэх асуудал ихтэй намрын чуулганы хугацаанд өөр олон хуулийн төсөл ээлжээ хүлээж буй. Улс төрийн намын тухай хуулийг Сонгуулийн тухай хуультай зэрэг хэлэлцэх ёстой гэдэг гишүүн цөөнгүй бий. Сонгуулийн хуулийн өмнө зарим асуудлаа тодорхой болгохын тулд Улс төрийн намын тухай хуулийг эхлээд батлах шаардлагатай тулгараад байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан