Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчимэг: 1072 ширхэг хувьцаанаас жил бүр ноогдол ашиг хүртэх цаг ойрхон

УИХ-ын дарга 2015 оны 101 дүгээр захирамжаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай  байгуулахаар төлөвлөж буй Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн УИХ-д өргөн мэдүүлсэн “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа –Худаг Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх ашиглах шилжүүлэх гэрээ болон бусад шаардлагатай асуудлыг судлах Ажлын хэсэг УИХ-д байгуулагдсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцсаныг хүргэе.

-Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн даргаар ажиллаад иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааг эргэлтэд оруулах ёстой гэж та хэлсэн. Гэвч өнөөдөр энэ хувьцаа бол хэзээ ч бүтэшгүй үлгэр мэтээр ярьж байна ?
-Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа байгаа. Гар дээр минь тийм хувьцаа байхгүй гэж та бодож байгаа бол //registration.schcd.mn/ сайтаар ороод өөрийн овог нэрийг регистрийн дугаар­тайгаа хийхэд таны эзэмшиж буй хувьцааны талаар мэдээлэл гараад ирнэ. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани байгуулагдаад нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан бөгөөд тэр үеийн нэрлэсэн үнээр энэ нь 14 их наяд төгрөгийн үнэлгээтэй. Нэг хувьцааны үнэ 933 төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэж бодвол бидэнд өгсөн 1072 ширхэг хувьцаа 1 сая төгрөгийн үнэтэй болж байгаа юм.    Таван­толгойн орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай 7.2 тэрбум тонн нүүрсний нөөц­тэй, үүний 75 хувь нь ган хайлуулахад ашигладаг өндөр чанарын коксжих нүүрстэй орд. Өнөөдрийн дэлхийн зах зээлийн үнэлгээгээр 1 тонн нүүрс 30 доллар гэж тооцоход зөвхөн коксжих нүүрснийх нь үнэлгээ 162 тэрбум доллар буюу 290 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ нь нүүрсний үнэ хамгийн доод цэгтээ хүрсэн уналттай үеийн үнэлгээ. Иргэд, аж ахуйн нэгж болон төрд оногдож буй 14 их наяд төгрөгийн хувьцаа нь энэ том ордын дөнгөж 4 хувьтай тэнцэж байгаагаас харахад жилд олборлох хэмжээгээ нэмэгдүүлж, төмөр замаа барьж шинэ техник технологи нэвтрүүлснээр иргэддээ хувьцаа нэмж өгөх, ноогдол ашиг хуваарилах маш том ирээдүй харагдаж байгаа юм.

-Ер нь иргэд нь хувьцаа эзэмшээд ноогдол ашиг хүртсэн туршлага байдаг юм болов уу?
-Иргэд аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшүүлээд ноог­дол ашиг хуваарилж болдог жишээг Тавантолгойн орд газарт орших жижиг Таван­толгой орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанаас харж болно.
Жижиг Таван­толгой ком­па­нийн гол хувьцаа эзэмшигч нь Өмнөговь айм­гийн захиргаа бөгөөд 1160 иргэн болон бусад аж ахуйн нэгжүүд үлдсэн хувьцааг эзэмшдэг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд энэ жижигхэн орд газраас нийт 31 сая гаруй тонн нүүрс олборлож, хувьцаа эзэмшигчиддээ 240 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хуваарилсан байна. Энэ утгаараа Өмнөговь айм­гийнхан биднийг бодвол азтай хүмүүс. Иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компани ч өн­гөр­сөн хугацаанд тас­ралтгүй ашигтай ажиллаж ирсэн байна. 2009 онд байгуу­лагд­сан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл 10 сая тонн нүүрс олборлож, борлуулалт хийсээр ирсэн бөгөөд ард иргэдэд олгох ёстой хувь­цааны ноогдол ашгийг “Чалко”-д төлөх өрөндөө суут­гуулсаар иржээ. 2008 оны сонгуульд Монгол Улсын иргэн бүрт “Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг гэж АН нэг сая төгрөг, МАН 1.5 сая төгрөг олгоно гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд 2009-2012 он хүртэл та бид сар бүр 70 мянган төгрөг, сонгуулийн өмнө ахмад настнууд нэг сая төгрөг хүртэл бэлнээр хүртэж байсан. Энэ бэлэн мөнгийг иргэдэд тараахын тулд “Эрдэнэс Тавантолгой”-гоо Хятадын “Чалко” компанид өгч урьдчилгаа төлбөрт нь 300 сая доллар буюу 400 тэрбум төгрөг авсан байдаг. “Эрдэнэс Тавантолгой” өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар, иргэдэд урьдчилан тараасан энэ их мөнгийг эргүүлэн төлсөөр байна.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нэлээд маргаан дагуулсны эцэст Засгийн газар гэрээгээ бу­цаан татлаа. Та ямар дүгнэлт гаргасан бэ? Мэдээж ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд шүү дээ?
-150 жилийн нөөцтэй 290 их наядаар үнэлэгдэх хэмжээний ийм баялаг эзэмшиж байгаа нь монголчууд бидний хувьд томоохон аз завшаан юм. Зөв бодлогоор олборлож, борлуулж, хөрөнгө оруулалт хийж чадвал маш хурдан хугацаанд улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах баялаг бол яахын аргагүй Тавантолгой. Гэтэл шийдлийн Засгийн газраас М.Энхсайхан сайдын ахалж хийгдсэн Тавантолгойн хөрөн­гө оруулалтын гэрээ нь энэ баялгаа гадныханд зүгээр бэлэглэж буй луйврын шинж чанартай гэрээ байлаа. Тус гэрээний дагуу 290 их наяд төгрөгийн үнэлгээтэй ордоо тэр чигээр нь Хятадын “Шинхуа” болон Монголын хувийн “Энержи ресурс” ком­панид 60 жилийн хугацаа­гаар эзэмшүүлэх, дээр нь Тавантолгойгоос хил хүр­тэлх 270 км төмөр замаа өгөх, гэрээний хугацааг цааш нь 40 жилээр сунгах буюу нийт 100 жилээр өгөх тохиролцоотой гэрээ байлаа. Монголын гэж нэрлэгдэж буй “Энержи ресурс” компанийн 30 хувийг монголчууд 70 хувийг гадныхан, тэр дундаа хятадууд эзэмшиж байгаа нь “Энержи ресурс” дээр нэмэх нь “Шинхуа” гэсэн нэгдлийн ихэнх хувийг Хятадын тал эзэмшихээр харагдаж байгаа юм.
Энэ их баялгийнхаа 2 хувийг л үүнийхээ төлбөрт авч байхаар тохирч урьдчилгаа төлбөрт нь 200 сая долларыг жилийн 4.5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байгаа юм. УИХ-ын хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурвал Засгийн газрын тухайн сайдыг огц­руулахаа мэдэгдсэнээр УИХ-аар хэлэлцэхээр болсон. Манай ажлын хэсэг 3000 гаруй хуудастай материалыг судалж, 50 гаруй хуудастай дүгнэлт бэлтгэсэн. Хууль тог­тоомжуудыг зөрчсөн заал­туу­дыг нэг бүрчлэн тайлбарласан. Хөрөнгө оруулаг­чийн санхүү­гийн тал дээр дүгнэлт гарга­сан. Мөн УИХ-ын  тогтоолын төсөл боловсруулж байна. Энэ тогтоолын төслөөр цаа­шид Тавантолгойн ордыг ашиглахад хэд хэдэн зарчмыг баримтлах ёстой гэж оруулсан.Үүнд стратегийн чухал төмөр замын суурь бүтэц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 268 км төмөр зам болон хөндлөн чиглэлийн 1328 км төмөр замын 51 хувийг “МТЗ” төрийн өмчит компани эзэмших бөгөөд үлдсэн 49 хувь дээр нь бусад хөрөнгө оруулагчид оролцох,  Тавантолгойн ордыг ашиглах эрхийг Эрдэнэс ТТ ХК-д өгөх, мөн иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн заалтууд орно.

-Уг гэрээгээр маш олон хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн?
-Тэрхүү гэрээ нь  УИХ-ын тогтоолууд, ЗГ-ын тогтоо­лууд, ҮАБЗ-ийн зөвлөмж, Ашигт малтмалын тухай хуу­лийн заалтууд, Тээврийн тухай хууль зөрчсөн бай­гаа. Энэхүү гэрээгээр “Эрдэнэс Тавантолгой” нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ “Энержи Ресурс”-т 30+30 жилээр шилжүүлэхээр заасан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиг­чийн эрх, үүрэгтэй холбоотой заалтуудыг бүхэлд нь зөрчиж байна. Гэрээний заалтаар “Энержи ресурс” нь Цанхийн талбайгаас олборлосон нүүр­сийг өмчлөх эрхтэй байхаар заажээ. Үндсэн хуулиар “газрын хэвлий түүний баялаг нь төрийн өмч” гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар төр байгалийн баялгийг өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй бөгөөд зөвхөн ашиглах эрхийг тусгай зөвшөөрлөөр дамжуулан олгож байна. “Энержи ресурс” нь гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа хөрөнгө оруулагчид эсхүл санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй. Хөрөнгө оруулагчид нь Люк­­сембургийн ММС ба “Шенхуа Чайна”, санхүү­жүүлэгчид нь “Энержи ресурс”-т зээл олгож байгаа гадаа­дын зээлийн агент­лагууд, хөгжлийн банкууд, арил­жааны банкууд, олон улсын хөрөнгө оруулагч нар юм. Хэрэв ашиггүй ажиллаад барьцаагаа алдах тохиолдолд дээрх хөрөнгө оруулагч болон санхүүжүүлэгчдэд Таван­толгойгоо алдана гэсэн үг.

-Таныг Тавантолгойг гацаагч гэж нэрлээд байгаа?
-Тавантолгой зогсчихоод байгаа юм байхгүй. Зөвхөн шинээр орж ирсэн гэрээг л зогсоосон тухай асуудал шүү дээ. Гэрээг дээр ярьсан хувилбараар явуулж болохгүй байсан учраас зогсоосон. Харин “Эрдэнэс Тавантолгой” бол тусдаа асуудал. Энэхүү гэрээн дээр гурван сарын турш ажиллаж, нэлээд нарийн судалсан. Хууль зөрчсөн зүйл заалтууд нэлээд байсныг илрүүлсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 35 мянган хүний саналыг авч 300 мянган хүний эрх ашгийг хамгаалж УИХ-д сууж байгаа. Монгол Улсын хүн амын 11 хувийг төлөөлж төр түшилцэж байгаа учраас сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ УИХ-д биелүүлж тодор­хой ажлуудыг хийх ёстой. Ялангуяа Тавантолгойн асуудал дээр ард иргэдийн 1072 хувьцааны эрх ашгийг хамгаалагч нь бол тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нь байх ёстой.

-Тэгэхээр ажлын хэсэг Тавантолгойн гэрээний төсөлд үнэлэлт дүгнэлтээ өгчихлөө гэж ойлгож байна. Боловсруулсан төслөө УИХ-д хэзээ өргөн барих вэ. Ер нь энэ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ энэ намрын чуулганаар хэлэлцэгдэж, нэг тийш шийдэгдэх үү?
-Тавантолгойн гэрээнд дүг­нэлт гаргах ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Ажлын хэсэг ажиллаж байх хугацаанд засгийн газар гэрээгээ буцаан татсан байгаа. Энэ намрын чуулганаар УИХ-аар хэлэлцүүлэхээр гэрээг дахин оруулж ирэх байх. Тэгэхээр бидний зүгээс УИХ-ын тогтоол гаргаж, гэрээнд тусгах заалтууд дээр чиглэл өгөхөөр тогтоолын төсөл бо­ловсруулаад байгаа. Энэ тог­тоолоор Тавантолгойн орд газрыг цаашид эзэмших, хөгжүүлэх, ашиглах эрхийг Эрдэнэс Тавантолгой ХК 51 хувиас доошгүй эзэмших ёстой.  Тавантолгой Гашуун­сухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит МТЗ ком­пани мөн 51 хувиас доошгүй эзэмшинэ гэж заасан байгаа. Үлдсэн 49 хувь дээр нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулах асуудал нээлттэй байна. Мөн иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг үүрэгжүүлж өгсөн. Миний санаачлан өргөн барих гэж буй энэ тогтоолын төсөл дээр УИХ-ын 30 гаруй гишүүд хамтран өргөн барихаар гарын үсгээ зурсан байгаа.
Эцэст нь хэлэхэд Таван­толгойгоос иргэн бүрийн эзэм­шиж буй хувьцаанд ноогдол ашиг хуваарилах хуулийн зохицуулалттай болгох хүртэл тэмцсээр байх болно.

ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААР УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭВЛЭЛД ӨГСӨН ЯРИЛЦЛАГУУДААС ЭШЛЭВ

Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд Засгийн газар хяналт тавих эрхгүй

•Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар “Энержи ресурс” нь уулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө, барилгын болон уул уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруу­лалтын нөхцлийг тодорхойлж, уур­хай хөгжүүлэх, хайгуул хийх төлөв­лөгөө гаргах, тайланг бие даан өөрийн үзэмжээр гаргах бүрэн эрхтэй байхаар заасан байна. Эдгээр заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг зөрчиж байгаа. Дээрх бүх эрх үүрэг нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг бө­гөөд гэрээний дагуу тусгай зөв­шөө­рөл эзэмшигч нь “Эрдэнэс Таван­толгой” компани юм. “Энержи ре­сурс” нь гэрээний хугацаанд төс­лийн зардлыг нэмж тооцох, ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт хийх замаар хөрөнгө оруулалтаа өсгөх, хайгуулын зардлаа хэт өндөр гаргаж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй гэдэг байдлаар ямар ч хугацаагаар гэрээг сунгах боломжийг бий болгож бай­на. Мөн хөрөнгө оруулагчдын энэхүү үйл ажиллагаанд Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” ямар ч хяналт тавих боломжгүй байна.
 
Төмөр замын онцгой эрхийг Энержи 30 жил 100 хувь өмчилнө

•Хөрөнгө оруулалтын гэрээний Төмөр замын суурь бүтэц байгуулах гэсэн  2.6-д зааснаар Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрхийг “Энержи Ресурс” нь 30 жил 100 хувь өмчилнө. 30 жилийн дараа 51 хувийг төрд үнэгүй шилжүүлж, 49 хувийг төрд худалдаж болно гэсэн нь Төмөр замын тээврийн тухай хуулийн  “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцлөөр шинээр байгуулж болно” гэсэнтэй нийцэхгүй байна.
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бусад хуулийн зөрчжээ

•Монгол Улсын Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмжөөр “төмөр замын суурь бүтцийн концессийг төрийн өмчит эсхүл төрийн өмч давам­гайлсан хуулийн этгээдэд олгох” гэж заасан байдаг.  ҮАБ-ын энэхүү зөвлөмжийн дагуу Засгийн газар 2012 онд 121-р тогтоол гаргаж Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тусгай зөвшөөрлийг төрийн өмчит МТЗ ХК-д олгосон. Иймд энэ чиглэлийн төмөр замын суурь бүтцийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэх нь ҮАБ-ын зөвлөмж, УИХ-ын 2010 оны 32-р тогтоол, ЗГ-ын 2012 оны 121-р тогтоол, 2013 оны 28-р тогтоолыг тус тус зөрчиж байгаа.
 
Эрдэнэс Тавантолгой Энержи Ресурт 100 хувь эрхээ шилжүүлнэ, гэхдээ өртэй үлдэнэ

•ЗГ-ын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-д “Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуул­сан гэрээний үүргийг хариуцах” гэсэн заалт байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар “Чалко”-той байгуулсан гэрээ нь “Энержи Ресурс”-т шилжихгүй бөгөөд “Чалко” болон “Эрдэнэс Тавантолгой” нь “Чалко”-гийн гэрээний талууд хэвээр үлдэнэ” гэсэн байна. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” -гоос бусдад тавьсан өр зээлийг хөрөнгө оруулагчид шийдэхгүй гэсэн үг юм. “Эрдэнэс Тавантолгой”  нь Хөгжлийн банкинд 250 сая доллар, бусад өр 30 сая доллар, бусдад төлөх 50 тэрбум төгрөгийн өртэй. Мөн Австралийн “Макмахон” компанид үйл ажиллагааны өр төлбөр байгаа болно. Гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой”  нь “Энержи Ресурс”-т 100 хувь бүх эрх үүргээ шилжүүлсэн тул эдгээр өрийг төлөх ямар ч боломжгүй юм.

Энержи Ресурс монопол эрх эдэлнэ

•“Эрдэнэс Тавантолгой”-н эзэм­шиж буй Тавантолгойн ордын нөөц 6.5 тэрбум тонн. “Энержи ресурс”-ийн “Ухаахудаг” ордын нөөц нь 400 сая тонн. Энэ гэрээгээр “Энержи ресурс” нь өөрөөсөө асар том нөөцтэй бизнесийн өрсөлдөгчөө чадавхигүй болгож, өөртөө тааламжтай бизнесийн орчин бий болгож байна.
 
Засгийн газар Ухаахудагийн ордтой холбоотой үүрэг хүлээх шаардлагагүй

•Хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 ба 2.3 заалтаар Тавантолгойн ордын нүүрсийг Ухаа худагийн ордтой уялдуулж хөгжүүлэх, бусад уурхайгаас олборлосон нүүр­сийг хольж хэрэглэх, “Эрдэнэс Таван­толгой”  болон “Энержи Ресурс” нь Цанхийн болон Ухаа худагийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилээр эзэмших, мөн 20 жилээр 2 удаа сунгах нийтдээ 70 жил хүчинтэй байлгах үүрэг хүлээсэн байна. Мөн гэрээний нөхцөл нь Ухаахудагийн ордтой холбоотой үйл ажиллагаанд мөн хамаарахаар заажээ. ТТ ордыг ашиглах гэрээний хүрээнд хувийн эзэмшилд байгаа Ухаахудагийн ордыг ашиглах үйл ажиллагаа хамаарах ёсгүй бөгөөд Засгийн газар Ухаахудагийн ордтой холбоотой үүрэг хүлээх шаардлагагүй юм.

 Хувьцаа эзэмшигч монголчуудын эрх ашгийг хангасан зохицуулалтыг тусгаагүй

•“Эрдэнэс Тавантолгой”   ХК нь 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан, нэрлэсэн үнэ нь 993 төгрөг, нийт үнэлгээ нь 14 их наяд төгрөг байна. Иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалт Тавантолгойн гэрээнд тусгагдаагүй байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшигч иргэдийн саналын эрхийг хассан Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолын тухайн заалтыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

200 сая доллар бол хөрөнгө оруулалт биш хүүтэй зээл

•Хөрөнгө оруулалтын гэрээний 3.3 дахь заалтаар “Энержи ресурс” нь ирээдүйд төлөх татвар болон хамтын ажиллагааны төлбөрөөс суутган тооцох нөхцөлтэйгөөр 200 сая долларын урьдчилгааг жилийн 4.5%-ийн хүүтэйгээр “Эрдэнэс Тавантолгой” өгч байна. Энэ бол хүүтэй зээл юм.

0 Сэтгэгдэл
ENsaihan hujaag shorond hiij shond tolgoigiin olgooch eh ornoo hudaldsan cadahgui huvalznuud mini ue udmaaraa uhej dald orcgoo tumnii haraa l idsen hog shaarnuud mini ,,,
Их хурлын эмэгтэй гишүүд тэмцээд байхад эрчүүд нь яагаад дуугүй байгаад байдаг байна аа
Хамгийн их уншсан