
Тийм учраас, нийт монголчууддаа хаалттай чуулганд хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Ер нь болох удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож, хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр бүрдчихээд байна.
Өнөөгийн эдийн загийн байдлын хямралын уг сурвалж нь бол шударга ёсны хямрал л байгаа юм. Өнөөдөр Монголын улс төрд шударга ёсны хямрал нүүрлэчихээд байна. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэт харагдуулснаар цаад талд нь болохоор хуйвалдааны төр хүчирхэгжээд байгаа юм. Эх орноо гэх сэтгэлгүй ханаж цаддаггүй хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо уваагүй ашиглаж, монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нухчин дарж, Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж, баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь, бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчид ч гэсэн хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна. Ер нь энэ хуйвалдааны төр Монголын ард түмний хүсэл захиалгаар бий болсон ардчилсан намын нэр хүндэд зориудаар бас халдаж байна.
Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг харлуулж, Ардчилсан нам засаглаж чаддаггүй юм, хоорондоо хагараад ажил хийдэггүй нам юм гэж харагдуулах энэ ажлыг зориуд санаатайгаар зохион байгуулсаар байна, үргэлжлүүлсээр байна. Энэ хуйвалдаанд нэг хэсэг нь барьцаалагдчихсан байгаа. Сөрөг хүчин гэж байгаа МАН чимээгүйхэн гэтээд л баясаад л сууж байгааг бүү март.
Хуйвалдааны төр бол бүлэглэл үүсгэж, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Цөөхөн хүн бүхий хонгилыг энэ хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр хонгилоороо ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүйгээр зохиомол хэрэг үүсгэж, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсээ шийдвэр гарах эрхийг нь сүрдүүлээд барьцаалаад сейфинд хийгээд цоожилчихдог болсон. Цоожтой сейфинд чухал шийдвэр гаргагчдын эрх мэдлийг барьцаалсан энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд аюул занал учруулахуйц хэмжээний эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн засгийн газрыг хуйвалдаанаар огцоруулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авснаас шууд харагдаж байгаа юм. Энэ хуйвалдагчид ард түмний амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, зохиомол дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлсийг эмх замбараагүй байдалд оруулж эх толгой нь мэдэгдэхээ больж байна. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж хүчирхэгжсэн бүлэлглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ.
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг гэж ардын зүйр үг бий. Энэ бүхийг удирдан зохион байгуулж байгаа нэг хүнийг би өнөөдөр нэр цохон зарлахаас өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу чихэгдэхээсээ бүгд айдаг болсон. Хэлмэгдэхээсээ айдаг болсон. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашигийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол шударга байцгаая гэж хэлдэг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг сонирхлоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад авилгатай тэмцэх ч амаргүй ажил юм, Авилгатай тэмцэх амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтээр ард түмнээсээ тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч гэсэн айх зүйл арга аа. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй, өөрийнх нь бүлэглэлд ордоггүй, тийм учраас надруу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой. Угаасаа ч хоёр, гурван жилийн турш асар их материал бэлдсэн байгаа.
Ардчиллаа хамгаалж үлдэх тэр цаг ирсэн. Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авилгачид худал ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа луйварддаг тэр цаг дууссан. Монголын маань заяа их юм. Монгол хүний ухаан уужим хараа хол. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намынхаа гишүүд дэмжигчид мөн Монголынхоо ард түмнийг уриалж байна. Шударга ёсны хямралыг зогсоож, шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын төлөө би эцсээн хүртэл тэмцэх болно. Бидний Монгол үүрд бадраг.






















