Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-ын шалгалтаар орон нутагт илэрсэн зөрчлүүд

АТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу АТГ-ын ажлын хэсгүүд 21 аймаг 98 суманд  ажилласан байна. Тус газраас орон нутагт ажилласан ажлын явцын үеэр гарсан зөрчил дутагдлын талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм.


АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээллийнхээ эхэнд хоёр асуудалд онцгойлон тайлбар хийх шаардлагатай байгааг дурдаад Нэгдүгээрт, яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн өмчит хуулийн этгээдэд, орон нутагт ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлуудын зарим нь Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах, хяналт тавих асуудал биш ч эдгээр зөрчлүүд нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх гол үндэс суурь нь болдог. Мөн эдгээр зөрчлийг холбогдох байгууллагуудад нь хуулийн хүрээнд шилжүүлсэн. Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газарт хэн нэгэн албан тушаалтныг улс төрийн болон бусад зорилгоор “харлуулах”, “чадах”, өрсөлдөгчөө “зайлуулах” гэсэн зорилготой гомдол, мэдээлэл иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлдэг асуудал орон нутагт байна. Баримтаар тогтоогдохгүй, ам дамжин ярьсан хов живийн шинжтэй зүйлсийг шалгуулахаар өгөөд Авлигатай тэмцэх газар шалгахгүй байна, хуйвалдаж байна гэх яриа гаргадаг асуудал улс төрийн үйл явц идэвхитэй өрнөж байгаа үед түгээмэл гарч байна. Түүнчлэн төрийн албан хаагчид улс төржиж, хуваагдан талцсан байдалтай. Үүнээс үүдэн төрийн үйлчилгээ цалгардаж, иргэдийг чирэгдүүлдэг, зохиомол эрэлт бий болгож, түүнд тулгуурлан авлига, хээл хахууль үүсгэх нөхцөл бий болгож байгаа асуудлууд ч гарч байна гэсэн юм.
2017 оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 21 аймаг, тэдгээрийн 98 сумын төрийн байгууллагуудад ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах явцад гарсан зарим зөрчлийн талаар мэдээлэл хүргэж байна. 

1.Засаг даргын нөөц хөрөнгийг орон нутагт зохих журмын дагуу биш үр ашиггүй зарцуулдаг. Жишээ нь: 2016 онд Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83 сая 800.000 төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 18 сая 900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41 сая 400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152 сая 406.498 төгрөгийг тус тус зарцуулсан байна. 2017 оны захирамжаараа шагнал, урамшуулалд 38 сая 946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24 сая 405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24 сая 465.220 төгрөгийг, бусад зардалд 119 сая 694.745 төгрөгийг зарцуулсан.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч 2016 онд аймгийн Засаг даргад урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоход шаардагдах 8 сая 101,374.00 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргах захирамж гарган  шийдвэрлэсэн . Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2017 оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг зарцуулсан байна.

2.Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй бус явуулдгаас өөрийн аав, ээж, ах, дүү хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээддээ илт давуу байдал олгож, зээл өгсөн байдал нэг бус удаа гарчээ. Дээрээс нь зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, хяналт сул, эргэн төлөлт хийдэггүй, үр ашиггүй зарцуулсан, эзэнгүйдсэн байдалтай байгаа нь АТГ-ын шалгалтаар нийтлэг илэрчээ. 
Жишээ нь: Увс аймгийн Наранбулаг сум “Сум хөгжүүлэх сан”-гаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон ч үйлдвэр нь баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байсныг тодруулахад тухайн суманд байгаа шавар тоосго хийхэд шаардлага хангаагүй гэсэн хариулт өгчээ.

 Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон, Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авсан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий этгээд /тухайн суманд байнга оршин суудаггүй/ сум хөгжүүлэх сангаас 16 сая төгрөгийн зээл авсан тохиолдлууд гарсан байна. Харамсалтай нь зээл нь өнөөг хүртэл төлөгдөөгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулжээ.

3. ИТХ-ын Тэргүүлэгчид  шийдвэр гаргаж төлбөр хураамж тогтоосон зөрчлүүд орон нутагт түгээмэл илэрчээ. Жишээ нь: Хэнтий аймгийн Баянхутаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор эрүүл мэндийн шинжилгээний үнэ тухай, тогтоолоор түрээсийн төлбөрийн жишиг үнэ, тогтоолоор шүлхий өвчин гарсантай холбогдуулан постоор өнгөрч буй авто машинаас авах хураамжийг тус тус тогтоосон байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэнд амины орон сууцны болон аж ахуйн нэгж байгуулагад төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь баталсан. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор “Зүүн Чойр” хийдэд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон.

4. Төрийн захиргааны албан тушаалтан, улс төрийн албан тушаалыг давхар хашдаг. Өөрөөр хэлбэл, аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймаг дахь газрын дарга зэрэг албан тушаалд давхар ажиллаж байжээ. 
Жишээ нь: Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч 7 хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна. 
Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, орон нутгийн өмчийн албаны дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хан Хэнтий байгалийн цогцолборт газрын дарга зэрэг 8 төрийн захиргааны албан тушаалд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид давхар ажиллаж байна. 
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг 4 албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх мэтээр ажиллаж байна. 

5. Улс төрийн албан тушаалтнууд төрийн захиргааны албан тушаалд ажиллахыг эрх бүхий албан тушаалтнаас шаарддаг, албан тушаал өгөхгүй бол улс төржиж, намчирхах зэргээр тухайн албан тушаалтныг огцруулах асуудал ярьж, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулах явдал орон нутагт элбэг байна гэж үзжээ.
Жишээ нь: Ховд аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн учир хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох 12 шийдвэр гарсан байна. 
2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Нэр бүхий албан хаагчид нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийт 96 сая 964,192.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ. 
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад 2016-2017 онд 50 хүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас нь чөлөөлж, нийт 76 сая 237,881 төгрөгийн тэтгэмж олгосон, мөн онуудад 15 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон нөхөн олговорт 14 хүнд улсын төсвөөс 27 сая 931,796 төгрөг олгосон байна.

6. Хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэн иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж болохуйц нөхцөл байдлыг үүсгэсэн байна гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй шийдвэрүүд гаргажээ.
 Жишээ нь: Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны тушаалуудаар нэр бүхий эмч нарт “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчлэх жор” бичих эрхийг олгож, заримынх нь эрхийг хассан байна. Энэхүү шийдвэртэй танилцахад хүчингүй болсон хуулийн зүйлийг үндэслэсэн, нийгмийн даатгалын байгууллагын хуулиар хэрэгжүүлэх чиг үүргийг үндэслэл болгосон нь иргэдэд чирэгдэл учруулж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон зохицуулалт болсон байна. 
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 33 дугаар тогтоолоор өөрсдөдөө сар бүр 10,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ба тогтоолд үндэслэсэн болгосон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 заалтуудад урамшуулал олгохтой холбоотой зохицуулалт байхгүй байна. 
Дундговь аймгийн Хулд суманд жонш олборлодог 4 аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг санхүүгийн тайлан тооцонд оруулаагүй. 2017 оны 1 дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олборлосон жоншны тонн тутмаас 6000 төгрөгийн хураамж хууль бусаар авдаг. 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчин аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдээр ажилтан, албан хаагчдын нэг өдрийн цалинг хандив болгон авсан, хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой шийдвэр /тендер, эрх олгох/ гаргасан тохиолдол түгээмэл байна.

7. Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын хуульд заасан шаардлага хангаагүй хүмүүсийг албан тушаалд томилсон байна. 
Жишээ нь: Увс аймгийн Наранбулаг суманд төрийн албаны шалгалт өгөөгүй, дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага хангаагүй хүнийг томилон ажиллуулж байсан. Түүнчлэн эхнэр, нөхөр, төрсөн дүү, хүргэн бэр гэх мэт өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан мэдэгдэл, тайлбар гаргадаггүй. Жишээлбэл, сумын төсөв, мөнгөний дийлэнх хувь нь дотуур байрны хүнс, сургуулийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Ховд аймагт сумын Засаг даргаар нөхөр нь сургуулийн захирлаар эхнэр нь ажиллаж сумын төсвөөс тодорхой мөнгөн хөрөнгийг сургуулийн захиралд шилжүүлж, захиран зарцуулах эрх олгохдоо ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа талаар хуульд заасны дагуу мэдэгдэж, тайлбарлаагүй, энэ талаар ямар ч ойлголтгүй байсан аж. 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан өөрийн хувь эзэмшдэг ресторанд зочид төлөөлөгчдийн хүлээн авалт зохион байгуулах, сургалт, семинарт сум орон нутгаас ирсэн төлөөлөгчдийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж, Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө шилжүүлсэн. 

8. Үр дүнгийн урамшууллыг ажлын үзүүлэлтийг харгалзан үзэхгүйгээр шудрага бусаар олгодог, төрийн албан хаагчид өөрт нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлдэг, төрийн үйлчилгээ хууль, дүрэм, журмын дагуу явагдах хэм хэмжээ алдагдсан, хуулиас давсан тушаал, шийдвэр гаргадаг, журам баталдаг зэрэг асуудал түгээмэл байгаа аж. 
Жишээ нь: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Татварын ерөнхий хуулийг зөрчин татварын хэмжээ тогтоосон байна. Тодорхой төрлийн нэг удаагийн үйлчилгээ эрхэлсний татвар гэж иргэд, аж ахуйн нэгжээс төлбөр авч, уг төлбөрийг хандивын дансанд төвлөрүүлсэн байна. 
Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс өргөдлийн 4 төрлийн маягтыг өөрсдөө хэвлэж 100-200 төгрөгөөр иргэдэд худалдаалж байсан.
Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян улаан, Арвайхээр зэрэг сумдад Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг өөрсдөө дур мэдэн тайлбарласан журмыг давхардуулан гаргасан. 
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд тусгай зөвшөөрөл шаардахгүй аж ахуйн үйл ажиллагаанд Засаг даргын орлогч ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй зөвшөөрөл олгож байсан. Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нэр бүхий 2 албан хаагчид цалингийн шатлал 6 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байтал 2016 оны 12 дугаар сард дээрхи 2 албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгосон байна. 
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 1 албан хаагчид 2 сарын үндсэн цалин 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад сарын дараа уг этгээдийг үндсэн цалингийн 30 хувиар шагнасан байна.

9. Худалдан авалтыг зохион байгуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлж, төсвийн үр ашигтай байх зарчмыг алдагдуулдаг, гэрээт ажлыг хүлээн аваагүй байж санхүүжилт бүрэн олгосны улмаас үлдэгдэл ажлаа хийлгэж чаддаггүй байдал түгээмэл байна. 
Жишээ нь: Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С нь 2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байв. 
Ховд аймгийн төвд цэцэрлэгжүүлэлтийн ажил хийлгэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарлаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч 7 сая төгрөгийн ажил хийгдээгүй, хүлээн авсан актгүйгээр санхүүжилт бүрэн олгосон, уг ажлыг гүйцэтгэж байсан орон нутгийн өмчит хуулийн этгээд татан буугдсан байдалтай байна. 
Дорноговь аймагт усан спорт сургалтын төвийг шинэчилж, өргөтгөл барих нээлттэй тендер зарлаж 2 компани саналаа ирүүлсэн. Уг сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яам хянан үзээд захиалагчийн төсөвт өртгөөс өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан байх тул тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргасан. Гэтэл дахин тендер зарлалгүйгээр уг ХХК-тай гэрээ байгуулсан. 
Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна. 
Завхан аймагт сумын Засаг даргын төрсөн дүү сумын төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад оруулах, халаалтаар хангах ажлын тендерийг авч, ажлыг гүйцэтгэсэн. Хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар тайлбар гаргаагүй байна. Мөн дээрхээс гадна Үнэлгээний хороонд орсон албан хаагчид ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсээгүй талаар хуульд заасны дагуу мэдэгдэл гаргаж, тайлбарладаггүй, мэдэгдэл гаргасан ч хэлбэрийн төдий бөглөдөг, А3 сертификатгүй хүнийг үнэлгээний хороонд оруулдаг, ажил хүлээн авсан эсэх нь тодорхойгүй буюу акт үйлдээгүй байгаа зэрэг зөрчлүүд аймаг, сумдад түгээмэл байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан