“Жаст” группийн захирал Ш.Батхүү гэгч нөхөр “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгон барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан ч өнөөг хүртэл төлж дуусаагүй учраас Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилж, хоногийн 75 сая төгрөгийн хүү төлөх болсон гэх мэдээллийн талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж дараахь тайлбарыг өглөө.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж:
Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Тиймээс Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Баталгаа гаргасан гээд байгаа асуудалд Эрүүгийн хэрэг үүсчихсэн. Аль 2013, 2014 онд. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэрэг. Сүүлд Хадгаламж банкийг хураах юм болоод Батхүү гэдэг хүн орон шоронд суусан шүү дээ. Тэр үеэс л гэсэн үг. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс болоод хүү, алданги гэх зүйлүүд бий. Цаашид энэ тал дээр яриа хэлэлцээр хийх зүйл ч байгаа юм билээ. Харин тэр битүүмжилсэн гэдэг асуудал бол худлаа. Худлаа мэдээлэл тарааж олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байгаа зүйл.
Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаанууд нь хийгдчихсэн ч олигтой юм болоогүй шинжтэй. 102 сая долларын торгууль тавьсан гэдэг нь худлаа. Нийт дүнгээрээ 51 сая долларын л үндсэн зээл. Тэр яригдаад байгаа үлдсэн мөнгө нь одоогоор тооцогдож байгаа алданги, хүү нь юм билээ. Үүнд дээр “Эрдэнэт” үйлдвэрийнхэн Стандарт банктай ярилцах зүйлүүд харагддаг.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед танилцуулга ирж, үүнийг нь судлах ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлыг нь манай яамны Төрийн нарийн бичгийн дарга толгойлсон юм билээ. Гэхдээ маргаанд Засгийн газар, Хууль зүйн яамнаас оролцсон зүйл байхгүй.
Энэ маргаан бол “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банк хоёрын л асуудал.





















