Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эзэнтэй хэргийн хариуцлагыг ард түмэндээ үүрүүлэхгүй биз дээ Ерөнхий сайд аа


“Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх шийдвэрийг Олон улсын Арбитрын шүүхээс гаргалаа гэх мэдээлэлтэй зэрэгцэн “Гарын үсгийн эзэд нь тодорхой, эрүүл саруул байхад  Засгийн газар хариуцлага хүлээж, ард түмний татварын мөнгөнөөс хомхой нэгний идсэн хоолыг төлөхгүй биз дээ” гэх асуултыг олон хүн тавьж байна.

Үнэндээ “Жаст” гэх групп онцгой эрхтэйгээр “Эрдэнэт” үйлдвэрт хэдэн жилийн турш шатахуун нийлүүлснийхээ хариуд “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлүүлж, Засгийн газрыг өрөнд унагах нь шударга ёс уу. 2009 онд болсон энэ хэрэг 2013 онд илэрч,олон нийтэд тодорхой болоход өөрөө ч мэдэлгүй хэргийн холбогдогч болсноо зарим хүн сонсоод нүд нь орой дээрээ гарсан тухайгаа хэвлэлд нэг биш удаа ярьсан байдаг.

Жишээ нь, тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга хийж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “Ийгл” телевизэд 2013 онд өгсөн ярилцлагадаа “Нутаг руугаа явж хоёр хоног наадчихаад иртэл ийм сүрхий хэл ам гарч, бөөн шуугиан дэгдчихсэн байна. Энэ нь зүгээр ч нэг шуугиан биш, ноцтой асуудал л даа. Их олон бичиг баримттай танилцаж амжаагүй байгаа ч байр сууриа илэрхийлэхийг оролдъё.  Хамгийн гол нь энэ бол хэд хэдэн заагтай асуудал байгаа юм. 2009-2010 оны хооронд “Жаст” групп гурван удаагийн гэрээ, хэлцлээр 103.9 сая ам. доллар  “Стандарт”  банкнаас зээлсэн байна. Энэ бол тэдний л хоорондын бизнесийн асуудал.
 Хамгийн ноцтой нь энэ их мөнгийг “Жаст” групп хугацаандаа  төлж чадахгүй бол өмнөөс нь “Би төлж барагдуулна” гээд “Эрдэнэт” үйлдвэр үүрэг хүлээчихсэн юм шиг хүмүүс буруугаар ойлгоод байна.
 
Тэгэхээр “Жаст” группийн 103.9 сая ам.долларын зээлийн гэрээнд “Эрдэнэт” үйлдвэр өчүүхэн ч хамаагүй төдийгүй энэ талаар удирдлагууд нь шуугиан дэгдтэл  юу ч дуулаагүй, сонсоогүй.
 
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг бид хоёр ямар ч тийм зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг амьдралаараа батлан тангаргалахад ч бэлэн байна.” хэмээн ярьж байсныг эргэн саная. 

Тэрээр “Жаст”-д батлан даалт хийж ямар ч гарын үсэг зураагүй хэмээн батлан “Одоо хамгийн гол нь энэ айхтар санхүүгийн булхай, луйвраас “Эрдэнэт” үйлдвэр, цаашлаад Монгол Улсаа алдагдалгүй авч гарч буруутай хүмүүст нь хариуцлага ногдуулах  талаар л бүх талаасаа хүч чадлаа дайчлах нь чухал юм.” гэж байлаа. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур “Жаст”-ын Ш.Батхүү дампуурлаа зарлаж, гарын үсгийн эзэд харин өөр ажилд шилжсэн байсан учраас хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа гэх нэр зүүсээр л байлаа.

Хэдийгээр Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нар бидний гарын үсэг биш гэдэг ч өнөөдөр үүнийг баталсан зүйл байгаа бил үү.  “Жаст” группийн Ш.Батхүү эхний мэдүүлгээсээ буцахдаа “ Тиймээ хуурамч гарын үсэг ашигласан” гэж хэлсэн гэх мэдээлэл байдаг ч бас үүнийг хэн ч батлаагүй. 
 Харин ч олон улсын нэр хүнд бүхий шинжээчид тэдний гарын үсэг мөн гэдгийг баримтжуулан баталгаажуулсан учраас Өмнөд Африкийн Стандарт банк “Эрдэнэт” үйлдвэрийг Арбитрын шүүхийн өмнө аваачиж, хариуцагчаар татчихаад, өнөөдөр хөрөнгийг нь битүүмжилж, хохирлоо барагдуулахыг хүсээд буй.

Төрийн өмчит хамгийн том үйлдвэрийг барьцаалж, гадаадын банк манай бизнесмэн нөхөрт мөнгө зээлж байхад Засгийн газар тэр тусмаа тэргүүн С.Баяр нь огт сонсоогүй дуулаагүй сууж байсан гэдэг огт үнэмшимгүй нэг өнцөг бий. Учир нь  “Жаст” группийн захирал Ш.Батхүү бол үнэндээ С.Баярын халаасны хүн байсан гэдгийг ёстой МАН-ынхан байтугай, АН-ын бүхэлдээ мэднэ гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас Эрдэнэтэд хаалтгүй шатахуун нийлүүлсээр байсан юм.

Тиймээс энэ удаад Ш.Батхүүгийн магадгүй С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нарын  өмнөөс монголчууд бид хариуцлага хүлээж мөнгө төлмөөргүй байна.
“Эрдэнэт” үйлдвэрээ төрдөө авлаа гэж гайхуулаад байгаа МАН-ын Засгийн газар бид хөрөнгөө алдахгүйн тулд мөнгийг нь төлөх нь тодорхой гэж зарлаж болзошгүй байдал үүсч буйг үгүйсгэх аргагүй. 

 Харин МАН-ын дарга нарын увайгүй, хариуцлагагүй үйлдлийг ард түмний нуруун дээр үүрүүлэхийг зөвшөөрмөөргүй байна.

102 сая ам.доллар гэдэг чинь 245 тэрбум төгрөг.Үүгээр бид юу хийж болох билээ.  Бараг сум бүртээ цэцэрлэг барих мөнгө наад зах нь. 
Хүүхдээсээ харамлаж, өрнөөс өрний хооронд амь дүйж яваа Монгол Улсын ядруу эдийн засгаас яагаад хэн нэгний идсэн уусны мөнгийг төлөх ёстой вэ. Яагаад...???
Харамсалтай нь, МАН-ын Засгийн газрын үед, МАН-ын дарга нар ажиллаж байхад гарсан энэ гажуудалд МАН-ын Засгийн газар хариуцлага тооцож чадах уу гэх эргэлзээ өөрийн эрхгүй төрөх.
 
Өнөөдрийн жагсаалд бухимдаж УИХ-ын чуулганы танхимд “ Хэний үед тавигдсан өр вэ. Хэнээс хариуцлага нэхээд байгаа юм бэ” хэмээн сөрөг хүчнээ өөрөөр хэлбэл АН-ыг буруутгаж, хашгичиж суугаа МАН-ын гишүүд С.Баярын Засгийн газраас хариуцлага нэхэж чадах уу.

МАН-ын тэр тусмаа МАН-ын дарга С.Баярын Засгийн газрын үед  гарсан гажуудал чинь өнөөдөр Монголыг 30 гаруй жил тэжээсэн “Эрдэнэт” үйлдвэрийг залгихад хүрээд байгаад хэн хариуцлага үүрэх ёстойг зоригтойхон асуугаад чангахан дуугарчих хүн энэ танхимд хэд байгаа бол. Намаар талцаж, бурууг бусад руу чихэж хэрэлдсээр суутал Засгийн газар нь олон улсын шүүхэд дуудагдаад, саалийн үнээний чинь дөрвөн хөхийг боочихлоо. Ард түмэн хомхой нэгний хоолны мөнгийг төлөх нь чадалтай байгаа гэж үү.
Ёстой Д.Сугарын хэлснээр энэ айхтар санхүүгийн булхай, луйвраас “Эрдэнэт” үйлдвэр, цаашлаад Монгол Улсаа алдагдалгүй авч гарч буруутай хүмүүст нь хариуцлага ногдуулахад бүх талаасаа хүч чадлаа дайчлах ёстой биз дээ.
 
Тиймээс У.Хүрэлсүх сайд аа, хариуцлага хүлээх эздийг нь тодруулж, ард түмэнд  ил тодоор мэдээлэл өгнө үү.
0 Сэтгэгдэл
Энэ бүхнийг зохион байгуулсан с.баяр хурдан үхэж далд ороосой энэ улс,ард түмэнд хонзонтой юм шиг хорлонтой үхвэл таарах өвгөн бэ???
Хамгийн их уншсан