Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татахыг гишүүдийн олонхи дэмжжээ


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хурлаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Я.Санжмятав  нар  нэр дэвшигчид болон Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөс асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар үг хэлсэн байна. Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8-100 хувийн дэмжлэг авав. Мөн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулахаар тогтжээ.
Нэр дэвшигч О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984-1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал,  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх,  2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны 0З дугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.

Харин нэр дэвшигч Н.Тулга  нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1987 онд Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийг тус тус төгссөн, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой. 1987-1990 онд ГХЯ-ны Төлөвлөлт, боловсруулалтын хэлтэст туслах ажилтан, 1990-1992 онд Нэгдүгээр хэлтэст атташе, 1992-1995 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1995-1998 ГХЯ-ны Ази, Африкийн газарт атташе, 1999-2000 онд тус яамны Улс төрийн газарт мэргэжилтэн, 2000-2001 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2001-2005 онд ГХЯ-ны Эрх зуй, консулын газарт зөвлөх, 2005-2008 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 2008-2009 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, 2009-2011 онд Үндэсний аюулгуй байдлын зөвлөлд ахлах референт, 2011-2012 онд Сингапур Улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх, 2012 онд ГХЯ-ны Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2012 онд Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012-2013 онд Олон улсын байгууллагын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2013-2017 онд Монгол Улсаас ИБУИНВУ-Д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2017 оны 05 дугаар сараас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн болон дипломатын албанд 29 жил тус тус ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан