Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
Х.БАТТУЛГА: Бид хашир байх нь зөв. Гэхдээ дэлхийн эдийн засаг улс төрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог болох ёстой


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад энэ сарын 9-10-нд оролцоод ирсэн. Тэрээр тус уулзалтынхаа  талаарх  дэлгэрэнгүй ярилцлагыг айлчлалын  бүрэлдэхүүнд явсан сэтгүүлчдэд өглөө. 
Ярилцлагын түрүүнд Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай улс ШХАБ-д 14 жил ажиглагчаар оролцжээ.  Миний хувьд Ерөнхийлөгч болоод анх удаагаа энэ уулзалтад оролцож байна. Мэдээж хамгийн чухал нь Монгол, ОХУ, БНХАУ улсын гурван талт уулзалт байлаа. Уулзалтаар улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлсон. “Дунд хугацааны замын зураглал” болон олон жил яригдсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг байгуулсан нь том амжилт байлаа. Мөн манай улс хоёр хөрш улсын худалдааны эргэлтийг  дамжин өнгөрүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Анх удаагаа ОХУ–ын Ерөнхийлөгч дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тиймээс бид бүс нутгийн хувьд хамгийн ойрхон ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагчийн манайд санал болгосон тодорхой төслүүдийг Ерөнхийлөгч В.Путинд танилцуулж гардуулж өгсөн” хэмээн тодотгосон юм.
 -ШХАБ-ын уулзалтын хүрээнд гол анхаарал татсан асуудал нь Эдийн засгийн коридор байгуулах  байлаа. 2016 онд Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан ч  түүнээс хойш бодит ажил хийгдээгүй. Та удаашралтай байгаа шалтгааныг хэрхэн харж байгаа вэ. Бидний талаас санхүүжилтийн асуудал байна уу?
-Мэдээж санхүүжилтийн асуудал бий. Бид ШХАБ-т 14 жил ажиглагчаар явж байна. Хашир байх нь зөв л дөө. Гэхдээ өнөөгийн ШХАБ-ын нөхцөл байдал өөр. Өнгөрсөн жил 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг, 200 сая хүн амтай Пакистан улс ШХАБ-т элссэн. Хоёулаа цөмийн зэвсэгтэй. Энэ явдал нь ШХАБ-ын анх байгуулагдахдаа яригдаж байсан нөхцөл байдлыг өөрчилсөн томоохон хүчин зүйл болсон. Та бүхний анзаарсанаар өргөтгөсөн хурал дээр үг хэлж буй төлөөлөгчид бүгд эдийн засгийн асуудлыг шүүмжилж, бодит алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн шүү дээ. Үүний хариу болгож энэ жил ШХАБ-ыг удирдаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан.Энэ нь 5 орчим тэрбум доллар. Энэ мөнгө нь яригдаад байгаа дэд бүтцийг холбох ажилд зориулагдах юм. 22 жилийн өмнө байгуулагдсан ШХАБ-ын үйл ажиллагааг анх байгуулагдсан хотоор нь буруу ойлгон олон нийтийн сүлжээнд Шанхайн байгууллага мэтээр ташаа мэдээлэл явж байсан. ШХАБ-ыг гишүүн орнууд жил бүр ээлжлэн удирддаг. Ирэх жил Киргизстан улс даргалах болсон тул  тус улсад дараагийн уулзалт болохоор товлогдлоо 
 - ШХАБ-д гишүүнээр элсэх тухайд УИХ өнөөдөр хаалттай хуралдаж байна. Та Ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 
-Манай УИХ-ын гишүүд хүртэл ШХАБ-ын тал дээр ойлголт муутай байна. Олон нийтийн санал асуулга явуулна гэх мэтчилэн. Уг нь Үндсэн хуулийг өөрчлөх гэх зэргийн асуудалд л орон даяар сануулга асуулга явуулдаг.  Монгол Улсын хувьд бүс нутагтаа хоёр том  хөршийн дунд оршдог.Далайд гарцгүй орны хувьд бараа, таваар, бүтээгдэхүүн борлуулах боломж тун хомс. Бид ОХУ болон Хятад руу  бараа бүтээгдэхүүн экспортлоход 20-35 хувийн гаалийн татвар төлдөг. Энэ утгаараа бараа бүтээгдэхүүн маань  20-35 хувийн өндөр үнэтэйгээр хил давна. Өндөр үнэтэй бараа өрсөлдөх чадваргүй гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Би их ярьж байна даа. Хэрэгжүүлэх гэж их ч зорьсон. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр улс орон хөгжихгүй. Аж үйлдвэр гэдэг ажилгүйдлийг массаар нь багасгадаг салбар. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарагдахгүй бол үйлдвэр дампуурдаг. Үүнийг л УИХ-ын гишүүд маань хармаар байгаа юм. Та бүхэн санаж байгаа бол  сонгуулийн үеэр  хоёр хөршийн гаалийн татварыг тэглэнэ гэж байсан. Ингэж байж бидний бараа бүтээгдэхүүн зарагдана уу гэхээс өөр ямар ч боломж байхгүй. Яг үнэндээ бол цаасан дээр буугаагүй л болохоос  Монгол Улс 1990 оноос хойш эдийн засгийн хоригт орчихсон яваа юм шүү дээ. Татварын бодлого улс орны хөгжлийн бодлоготой шууд хамааралтай.Тийм ч учраас хоёр хөршөөсөө эхэлье гээд байгаа юм. Та ажигласан бол дэлхийн эдийн засаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөдөлгөөнд орсон.Бид энэ хөдөлгөөний эерэг, сайн талыг нь тусгаж аваад дүгнэлт гаргах ёстой юм. Дүгнэлтээ яаж гаргаснаас шалтгаалж цаашдын оролцоо, бодлогоо гаргана.Ийм байхгүй юм бол бид 19-р зууных шиг хөмөрсөн тогоон дотроо л байгаад байна. Дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улс төрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгох ёстой. Бид байгалийн баялагтай, мал түүхий эдээ хөгжүүлнэ гэдэг ч хил, гаалийн бодлого одоогийнхоороо байвал яаж ч чадахгүй. Манай газар нутгаар дамжин өнгөрөхөд 1000 гаруйхан км. Энэ бол том газар нутагтай БНХАУ,ОХУ-ын хувьд бага тоо юм. 2020 он гэхэд манай хоёр хөрш гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх гэж байна. Тиймээс бид боломжоо сурталчилж, ажил хэрэг болгох шаардлагатай.
 -ОХУ-ын талаас судалгаагаа сайтар гаргаарай гэсэн. Мөн БНХАУ-ын удирдагч шинэ цикл эхэллээ гэж хэлсэн. Шинэ цикл гэдгийг та хэрхэн харж байна?
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны гуравдугаар сард болсон. Мөн БНХАУ-ын дарга дахин сонгогдсон. Монгол Улсад найман жилийн дараа Ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн. Үүнийг шинэ цикл гэж нэрлээд байгаа юм болов уу. Иймээс энэ шинэ циклийг идэвхтэй алхам хийж эхлүүлэх нь зүйтэй, үүнийгээ ШХАБ-ын уулзалтын үеэр зарласан билээ.Түрүүнд ярилцлага эхлэхийн өмнө хэлсэн. Саяхан манай улсад ирсэн Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслийг надад өгснийг би ОХУ-ын Ерөнхийлөгчид өөрт нь гардуулсан гэж. Танайхны судалгаа шүү гэсэн баримт болгож өгсөн юм. Мөн би Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа баг, хамт олонтойгоо нийлээд ямар ч тохиолдолд Сибир, Манжуур зэрэг өөр замаар бараа бүтээгдэхүүн дамжихаас илүүтэй манай улсаар дамжих нь худалдан авагч болоод борлуулагч талдаа ашигтай гэсэн судалгааг хийж байлаа. Одоо ажлын хэсэг байгуулагдаж хоёр тал хамтарсан судалгаа хийж, маш богино хугацаанд боловсруулаад хоёр улсын Ерөнхийлөгчид судалгаа очих юм.
-Хоёр талын уулзалтуудаар цаашдаа ажил хэрэг болгоод явах ямар асуудлууд яригдсан бэ. Ялангуяа, Энэтхэг, Киргиз, Казакстаны уулзалтын талаар тийм ч их мэдээлэл байхгүй байна.
-Казакстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж байгаа. Цаашдаа тогтвортой ажиллах байх. Тус улсын зүгээс хөрш орны харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн. Би түүнд нийслэлээ нүүлгэж байгаа бодлого болоод 100 алхам зэрэг хөтөлбөрийнх нь талаар дурдахад тэд биднийг дээрх туршлагуудаас нь судлах хэрэгтэй гэж байсан шүү. Харин Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар авах асуудал хоёр улсын Засгийн газрын түвшинд идэвхтэй яригдаж байгаа. 
 -Монгол болоод БНХАУ нийлээд дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг гэсэн асуудал мөн уулзалтын үеэр яригдсан. Энэ салбарын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж байна вэ?
-Ноолуурын салбар нь Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг. Малчид ноолуураар амьжиргаагаа залгуулдаг. Харамсалтай нь, бид ноолуураа бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа. БНХАУ-тай буюу Өвөр Монголтой нийлээд манайх дэлхийн ноолуурын 90-95 орчим хувийг  бүрдүүлж байна. Сүүлийн үед  Хятад, АНУ-ын худалдааны дайн гэж яригдаад байгаа гаалийн татвартай холбоотой асуудалд оёмол бүтээгдэхүүний татвар нэмэгдэх асуудал яригдаж байгаа юм. Харин манай улс АНУ-ын Конгресст Монгол Улсын оёмол бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавиад, тус улсын Конгресст лобби бүлэг байгуулсан. Мөн би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичихдээ энэ асуудлаар дэмжлэг хүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ингээд манай бүтээгдэхүүн АНУ болон Европ руу татваргүйгээр экспортод гарвал бид түүхий эдээрээ нэгдэж, нэг бүтээгдэхүүн гаргаад дэлхийд экспортолж болохгүй гэж. Нэг ийм л санаа явж байгаа юм.
-Та ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ кибер халдлага болон терроризмтой тэмцэх асуудлыг хөндөн ярьсан. Мөн бусад улсын Төрийн тэргүүнүүдийн адил Афганистаны асуудлаар тусламж дэмжлэг үзүүлэх ёстой хэмээх байр суурийг илэрхийлсэн. Энэ чиглэлд бидэнд хамтарч ажиллах ямар боломж байгаа юм бэ?
- Афганистан ШХАБ-д элсэх өргөдлөө өгөөд жил гаруй болж байгаа ч одоохондоо гишүүн орон болгох нь яригдаагүй л байгаа. Гэсэн ч тус улсад болж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын гишүүн улсууд анхаарал хандуулахаа хэлсэн. Харин терроризм гэдэг зүйл манай улсад үгүй ч бүс нутагт байгаа тохиолдолд бид хамтарч ажиллах ёстой. Кибер халдлага гэхэд манай улсад хэдийнэ ороод ирчихсэн. Мөн хар тамхины наймаа зэрэг асуудлаар бид бусад улсаас дэмжлэг тусламж авах ёстой.

Б.Эрдэнэтуяа

 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан