
Орон нутагт үнэт металын сорьц тогтоох лаборатори байгуулах зайлшгүй шаардлага бий гэдэг. Тэгвэл төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд тус тус байгуулах болжээ. Засгийн газрын хуралдаанаар Батлагдсан төсөв, орон тоо, урсгал зардалдаа багтаан, үйл ажиллагааг 2018 оны III улиралд багтаан эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болголоо. Цаашид Үнэт металын сорьцын лабораторийн үйл ажиллагаа, техник технологийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны улсын төсөвт тусгах юм. Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны зорилтын хүрээнд “Алт 2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагааг чанар, стандарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд цаг хугацаа хэмнэж, иргэдэд шууд хүргэхэд энэхүү лабораторийн үүрэг чухал юм.




















