Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Амарсанаа: Ерөнхийлөгчийн сонгуулиа алдахгүйн тулд яаралтай шинэчлэл хийх шаардлагатай

Ардчилсан хувьсгалын анхдагч, МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг С.Амарсанаатай ярилцлаа.

-Ардчилсан намынхан дотроо толхилцоонтой байна. Энэ нь наанаа ил болчихсон зүйл. Өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрх барьж байхдаа эвийг сахиж чадсангүй дээ?

-Өнгөрсөн сонгуулиар ард түмэн Ардчилсан намын үйл ажиллагаанд дүн тавьчихсан. Манай нам дангаараа дийлэнх олонхи болж чадаагүй ч хамгийн олон суудалтай байсан. Энэ хугацаанд чамлахааргүй ажил хийсэн ч ард түмний дунд нэр хүндээ алдсан нь харамсалтай. Үүний тод жишээ нь өнгөрсөн сонгууль байв. Сонгуулийн дүнг харж байхад нэг талаас харамсалтай байсан ч нөгөө талдаа эрэгцүүлж бодох, нам доторх алдаа завхралаа засах сургамж өглөө. Ардчилсан нам ингэж ялагдсан нь ард түмэнд хохиролтой. Нэг улс төрийн хүчин хэт дийлэнх олонхи болчихоор сөрөг хүчин түүнд нөлөөлөх ямар ч боломжгүй болдог. Тийм хэмжээнд хүртлээ Ардчилсан нам цөөхөн суудалтай болно гэдэг нь эцсийн дүндээ ард түмэнд ямар ч ашиггүй юм. Үүнийг бид 2000 онд харсан. Гэвч энэ байдал дахин давтагдлаа. Харамсалтай байна.

-Нам ялагдах болсон шалтгаан нь нам доторх лидерүүдийн хоорондын тулаан байсан гэдэгтэй санал нийлэх үү. Дарга нарын толхилцоон нь сүүлдээ хувийн ашиг сонирхол болж бие биенээ хорьж, цагдах хэмжээнд хүртлээ гаарах шив?

-Би мөн тэгж л харж байгаа. Нам доторх бүлэглэлүүд хоорондын зөрчилдөөн, дайсагналцал намын нэр хүндийг ард түмний дунд маш муухайгаар унагасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ нь өнгөрсөн дөрвөн жилд гарсан шинэ зүйл биш. Түүнээс өмнө 1998-1999 онуудад манай намынхан хэд хэдэн Засгийн газраа сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад огцруулсан. Үүний уршгаар 2000 оны сонгуулиар нэр хүндгүй болж Ардчилсан нам ганц суудалтай болтлоо ялагдаж байсан.

Энэ удаа нам доторх фракц нэртэй мөнгөний төлөөх бүлэглэлүүдийн толхилцоон нам ялагдах эхний хүчин зүйлс болсон. Түүнчлэн намын дүрмээ үл тоомсорлон, хэрэгжүүлдэггүй байдал нь гаарсан. Намын Их хурлаа ч хуралдуулж чадахгүй, ҮЗХ-гоо шинэчилж чадалгүй бугшиж явсаар намын нэр хүндийг шороотой нь хутгасан. Яагаад энэ хоёр хүчин зүйл гараад ирэв гэхээр Ардчилсан нам үнэт зүйлсээ дагаж мөрдөхөө байчихсан юм. Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлс нь намын анхан шатны байгууллага дээрээсээ алдагдчихсан. Өнөө фракц гэдэг гайтай зүйл чинь намын анхан шатны байгууллагадаа хүртэл орчихсон. ҮЗХ-ноосоо эхлээд намын дүрмээ хэрэгжүүлэхээ байчихаар нам яаж өнгөтэй, өөдтэй байх юм бэ. Манайхан өөрсдөө л дүрмээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон.

Ардчилсан нам 2000 оны сонгуульд ямар болтлоо ялагдаж байлаа гэдгээ бүр мартсан. Үнэт зүйлээ умартаж, өмнөх зорилгоо баллуурдсаны нэг жишээг хэлье. 1990 оны гуравдугаар сарын 23-нд нам төрийн удирдлагыг салгаж байсан юм. Тэр үед МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нь АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байлаа. Одоогийнхоор намын дарга нь УИХ-ын дарга гэсэн үг. Тиймээс МоАН, МоАХ-ноос шаардлага тавиад 1990 оны гуравдугаар сард болсон АИХ-ын ээлжит бус чуулганаар үүнийг тусгаарласан. Харамсалтай нь УИХ-ын дарга намын дарга байдаг хуучны тэр жишиг рүү манайхан халтирчихсан. Ийм ухралт байж болохгүй. Намын гишүүд нь сөрөг хүчнийхээ шаардлагыг дагаад өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулсан гэхчилэн алдаанууд Ардчилсан намыг өнөөдрийн энэ бэрхшээлийг туулах эхлэл болсон.

-1990 онд Монгол Улсад ардчиллыг хөгжүүлье гэж зүтгэж, тэмцэж явсан таны итгэл үнэмшил, мөрөөдөл хэр биелсэн байна вэ. Нэг талдаа ардчилал хөгжиж маш сайхан болсон гээд байгаа ч нөгөө талд нь хүлээн зөвшөөрөх хэмжээнд очоогүй гэх юм л даа?

-Хүссэн хэмжээнд төгс төгөлдөр болсон зүйл алга. Саад тотгор ихтэй байгаа ч урагшаа явж л байна. Ухралт ч их байна. Өмнө нь хийсэн зүйлээ үгүйсгэж байгаад харамсдаг. Ардчилсан нам ялагдаагүй бол үүнийгээ засахгүй цаашаа үргэлжлэх байсан. Өнгөрсөн сонгууль манай намын хувьд нэг талдаа харамсалтай ялагдал хэдий ч нөгөө талдаа боломж өгч, намаа шинэчил, шинэчилж чадахгүй бол та нарын хийж бүтээсэн бүхэн үгүй болно гэдэг том сэрэмжлүүлгийг өгсөн.

Ардчилсан нам Монголын багана болсон том намын хувьд үүрэх хариуцлага нь өндөр байдаг. Улс орны хөгжлөөс эхлээд, ардчиллын ололтыг батлан хамгаалах тал дээр том хариуцлага хүлээсэн нам. Тэр утгаараа Ардчилсан нам яаралтай шинэчлэгдэх хэрэгтэй. Туулсан замаа эргэн хараад алдаагаа засч, дүрмээ шинэчлэх цаг болсон. Ардчилсан намын шинэчлэл хэр байхаас шалтгаалан улс орны хөгжил, эрх чөлөөний байдал хангагдах уу гэдэг нь тодорхой болно. Харин шинэчлэгдэж чадахгүй бол үр дүн харамсалтай гарна. Ард түмний ардчилалд итгэл алдах байдал улам нэмэгдэнэ. Хуучинсаг үзэл бодолтой МАН-ынхан дийлэнх олонхи болчихлоо. УИХ-д Ардчилсан нам ямар ч нөлөөгүй болтлоо унасан. Ардчилсан намын есөн гишүүн байсан байгаагүй МАН-ын 65 гишүүн ямар ч хуулийг батлаад явна. Энэ чинь өөрөө эмгэнэл байхгүй юу. Ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараагийн Ерөнхийлөгч зайлшгүй Ардчилсан намаас байх ёстой. Цаг үеийн шаардлага нь тэр. МАН-аас нэр дэвших хүн Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол 1990 оны байдал тэр чигтээ давтагдана. Тэр үед нэг нам үнэмлэхүй байсан. Дээр нь тэр намын хүн Төрийн тэргүүн болчихоор улс орны нийгэм, эдийн засгийн байдалд ноёрхлоо тогтоочихоор ямар ч хяналтгүй болдог. Ардчилалд тулгарсан ийм том аюул, эрсдэл байна. Ерөнхийлөгчийн сонгуулиа алдахгүйн тулд яаралтай шинэчлэл хийх шаардлагатай.

-Нам шинэчлэгдэнэ гэхээр яг яаж шинэчлэгдэх ёстой юм бэ. Зарим хүмүүс бол Ардчилсан нам тараад дахин шинээр зохион байгуулалтад орох ёстой гэж байна. Гэхдээ тийм боломж бий юу. Болдог юм аа гэхэд нөгөө л хүмүүс чинь эргээд ирнэ биз дээ?

-Хамтран тэмцэж явсан журмын нөхөд маань таны асуусныг хэлж байна. Манайхан сэтгэл хөдлөлөөрөө яриад байгаа юм. Ардчилсан нам шинэчлэгдэхгүй байгаа болохоор бухимдсан сэтгэлээ илэрхийлэн нам тарах ёстой гэж байгаа болов уу. Миний хувьд Ардчилсан нам татах ёсгүй, тарах эрхгүй гэж үздэг. Учир нь улс төрийн хоёрхон том хүчний нэг нь манай нам. Тэр утгаараа Ардчилсан нам зайлшгүй байх ёстой. Нам тарах нь хуулиар зохицуулагддаг. Улс төрийн намуудын тухай хуульд хоёр заалт бий. Нэгдүгээрт, намын эрх барих дээд байгууллага буюу Их хурал таръя гэсэн шийдвэр гаргавал тарж болдог. Гэхдээ намын Их хурлаас тийм шийдвэр гарах боломж нь бага. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах, улс орны аюулгүй байдалд заналхийлэх, ялгаварлан гадуурхах, цэрэгжсэн нам бүлэглэл болох гэсэн заалт байдаг. Улсын дээд шүүхэд нам тарах өргөдлөө өгчихөд тав хоногийн дотор шийдэх хуулийн заалттай. Ардчилсан намыг тараана гэхээсээ илүүтэйгээр шинэчлэлийг дорвитой хийх цаг болсон. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болох тул түүнээс өмнө нам доторх хатигаа шахаж идээ бээрийг нь цэвэрлэх хэрэгтэй.

-Дахин асуухад тийм боломж байгаа юм уу?

-Тийм боломж байгаа. Намын хуучин удирдлагууд нь алдаагаа хүлээн зөвшөөрөөд хариуцлагаа хүлээн нам биш ҮЗХ тарах учиртай юм. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат “Их хурлаа хийж дүрмээ баталчихаад ҮЗХ татан буугдана” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ хуучин ҮЗХ шинэ дүрмээ баталж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Миний бодлоор эхний ээлжинд ҮЗХ тарах ёстой. Их хурлыг заавал арванхоёрдугаар сарын зургаанд хуралдуулна гэж тулгах шаардлага байхгүй. ҮЗХ тарж, дүрмээ батлаад дахин ҮЗХ бүрэлдэн намын анхан шатны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулан Их хурлын төлөөлөгчдөө сонгох нь зөв. Тэр Их хурал чинь намын дүрмээ батлах ёстой. Намын дүрмийн хамгийн эхэнд фракцийг хориглох ёстой гэж боддог. Монгол шиг оронд нэг нам дотор фракц байх шаардлагагүй. Нам гэдэг нь улс төрийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаар нэгддэг хүмүүсийн нэгдэл байхгүй юу. Үзэл бодол нийлэхгүй бол намаас гараад өөрөө нам байгуулаад явах боломж бий. Заавал Ардчилсан нам гэдэг нэрийн доор албан тушаал, эд хөрөнгөтэй болох гэсэн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх бүлэглэлүүдэд нам ямар ч зай тавьж өгөх ёсгүй. Фракц нэрийн дор албан тушаал, эд хөрөнгөний төлөө л энэ хүмүүс тэмцэлдэж байна.

Үнэхээр намын үзэл баримтлалтай нэгдэхгүй, дүрмийг нь мөрдөхгүй юм бол намд байх ямар шаардлагатай юм. Хуучин шиг ганц намтай байгаад шинэ нам байгуулах боломжгүй байсан бол үзэл бодолдоо тулгуурлан нам дотор фракц байж болно. Түүнээс биш бизнесийн ашиг сонирхол, насны хязгаарлал, өмнө нь байсан нам, найз нөхдийн хүрээнд нэгдсэн фракцууд намыг сөнөөж байгаа. Энэ бол манай намын 20 гаруй жил явж ирсэн ужиг өвчин. Анх МҮАН, МҮДН, МоАН гээд намууд байсан. Сүүлд нэгдээд явахад Ардчилсан нам гэдэг нэг том малгайн доор угшил угшлаараа бүлэглэл болоод явсан. Энэ нь явсаар 1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барихад намын угшлаараа талцан байлдсаар 2000 онд яалаа даа. Бүгд гудамжинд гарсан. Хоорондоо ингэж дайсагналцах нь намын нэр хүндийг муухайгаар унагадаг юм байна. Улс орны хөгжилд хор хөнөөлтэй, тогтворгүй байдал үүсгэчихдэг юм байна. Улс төрийн тогтворгүй байдал үүсчихээр гадаадын хөрөнгө оруулалтаас эхлээд монгол руу гэсэн бүхэн цаашаа тэмүүлдэг болчихдог юм байна. Төр засгийн ажил, уламжлал алдагдаад эцсийн дүндээ намын жирийн гишүүд хамгийн ихээр хохирдог.

-Яг яаж хохирдог гэж?

-Ингэж муухай ялагдчихаар намын харьяалалтай бүх хүнийг ажлаас халдаг. 2000 оны сонгуулийн дараа МАН тухайн үеийн МАХН үнэмлэхүй олонхи болоод Ардчилсан намын угшилтай 15 мянга гаруй хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Өнгөрсөн сонгуулиар илт ялагдсан болохоор Ардчилсан намын угшилтай хүмүүсийг ажлаас халж байна. Судалгаа авч байгаад 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг халж байгаа. Энэ нь залуучууд улс төрд орж идэвхтэй байя гэдэг хүсэл эрмэлзлийг устгаж байгаа хэрэг. Залуусын хувьд ямар ч ирээдүй харагдахаа байчихсан. Ардчилсан нам шинэчлэгдээд 2020 онд яллаа гэхэд Ардын намын хүмүүсийг дахин бүгдийг нь халах уу, яах уу гээд цаашаа явах бүртээ өш хонзон, хорсол болон хувирдаг.

Одоо Ардчилсан нам дотор шинэчлэл явуулахаас гадна Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэр хүрээнд хатуу гишүүнчлэлийг хориглох хэрэгтэй. Өнөөдөр намууд хороо бүр дээр үүртэй, дүүрэг бүр дээр хороотой гээд сум, аймаг гээд бүгдийг нь өөрчлөх цаг болсон. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялагдсан нь улс төрийн системд томоохон шинэчлэл хийх ёстой гэдгийг батлан харууллаа. Ардчилсан намаас гадна парламентын тухай ярих хэрэгтэй. Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гээд заачихсан байхад өөрчилсөн.

хориглох шаардлагатай.

-З.Энхболд Ардчилсан намын дарга байхдаа фракцгүй Ардчилсан нам санаачилга гаргаж байсан. Өнөөдөр харин байдал хэвээрээ л байна...

-Фракцгүй болох ёстой. Ардчилсан намд хүчтэй байгаа фракцууд өөрсдийн хүчийг алдахгүйг хичээнэ. Тиймээс фракцийг хүчээр дүрмэнд суулгаж хориглох хэрэгтэй. ҮЗХ-г сонгодог журмыг өөрчилж тухайн орон нутгаасаа намын гишүүд сонгох шаардлагатай. Тэнд амьдардаг, намдаа олон жил зүтгэсэн, мэдлэг боловсролтой, манлайлагчдыг сонгохгүй бол Улаанбаатарт насаараа амьдарсан нөхөр аймагт давхиж очоод мөнгө тараагаад ҮЗХ-ны гишүүн болчихдог юм. Өөрөө мөнгөгүй байлаа гэхэд ивээн тэтгэгч бүлэглэлүүд өмнөөс нь мөнгийг нь өгчихдөг. ҮЗХ-д орохын тулд мөнгө тараадаг, бизнесийн бүлэглэлүүд мөнгийг нь өгдөг болчихсон. Нуух юм байхгүй. ҮЗХ дотор шударга зүйл гэж байхаа больсон. Удирдлагаа шүүмжлэх ч эрхгүй. Намын үүр, хороонд аль бүлэглэлийн дарга байна тэр өөрийн фракцийн хүмүүсийг л оруулдаг. Бусад хүмүүсийг хуйвалдаан гэхчилэн янз бүрийн зүйлээр дардаг. Одоо Ардчилсан нам дүрмийн зөв шийдэл олох ёстой. Өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэм чинь гишүүнчлэл нь нэрийн төдий фракцуудыг хамгаалсан байдалтай болчихсон. Аль ч үүрт ерөнхийдөө 200 орчим гишүүн бүртгэлтэй байдаг. Тэднээс дөрөвний нэг нь л татвараа төлдөг. Бусад нь өгдөггүй. Тэгэнгүүт үүрийн дарга нар өөрсдөө мөнгийг нь төлчихдөг. Татвараа төлсөн хүмүүс үүр доторх сонгуульд оролцоно гэдэг. Үүрийн дарга өөрийнхөө фракцийн хүмүүсийн мөнгийг төлчихсөн болохоор фракцийнхаа хүнийг дэмжүүлдэг. Энэ мэтчилэн анхан шатнаасаа ялзарчихсан байхгүй юу. Би намын анхан шатанд харьяалагддаг болохоор энэ бүгдийг сайн мэднэ. Үүрийн даргад ойр байсан нь ажилд орох боломж арай их олддог. Хоёрын хооронд фракцийг бий болгодог, ивээн тэтгэдэг гишүүнчлэл байснаас ардчилсан орнуудын жишгээр гишүүнчлэлгүй болгочихвол жирийн гишүүдэд амар. Дараа нь тэр намынх, энэ намынх гээд цол гуншин дуудуулж ажлаасаа халагдан гудамжинд хөөгдөхгүй. Дүрэмдээ л өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Гэхдээ Ардчилсан намын дүрэм маш сайн болсон гэж танай намынхан ярьдаг шүү дээ?

-Магтаж яриад байдаг ч дүрмээ хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэх механизм нь байхгүй болчихсон. Одоо дүрмийг хэрэгжүүлэх механизмыг нь бий болгох хэрэгтэй. Хэрэгжүүлэх механизм нь байхгүй учраас муу дүрэм байхгүй юу. Нэг үгээр хэлбэл, хүнд үзүүлдэг цаас. Тухайлбал, өөрсдийнхөө Засгийн газрыг сөрөг хүчинтэйгээ нийлж унагасан хүмүүсийг намаас хасна гээд заачихсан байдаг юм. Түүнийг нь хэн ч хэрэгжүүлсэнгүй. Зүгээр бөгс арчих цаас болчихсон. Би намын дүрмийг сайн гэдэгтэй санал нийлдэггүй. Хэрэв тийм байсан бол яагаад дүрмээ биелүүлдэггүй юм. Яагаад анхан шатнаасаа энэ нам ялзралд орчихсон юм. Яагаад энэ дүрмийг хэн ч хэрэгжүүлье гэж боддоггүй юм. Яагаад хэн ч тоодоггүй юм. Хариуцлага хүлээлгэдэг байж л тэр хууль юм уу дүрэм болно биз дээ. Дүрмийг хэрэгжүүлдэггүй, зарим нь мэдэх ч үгүй яваа. Энэ байдал завхралыг бий болгоод байна. Ядаж дүрмээ биелүүлье гээд айдаг, ичдэг байх ёстой. Намын дүрмийг хүлээн зөвшөөрч орчихоод “Наадах чинь юу юм. Хуц” гэж болохгүй. Э.Бат-Үүлийн хэлдгээр хэдэн бүлэг дээрэмчдийн бөөгнөрөл болчихлоо.

-Ардчилсан нам лидергүй болчихлоо гэдэг зүйл яригдах болсон. Фракцийн дарга нараас нэг нь лидер болох гэдэг ч бусад нь хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага их юм билээ?

-Хуучин нийгмээс өвлөж авсан, марксизм, ленинизмээс үлдсэн сэтгэлгээний хоцрогдол одоог хүртэл явсаар байна. Заавал нэг лидер хайх хэрэггүй. Ленин, Сталин, Д.Сүхбаатар гээд заавал нэг лидер хайдаг чинь хуучин нийгмийн сэтгэлгээний үлдэгдэл юм. Ардчилсан улсад нэг хүнийг лидер гээд бурханчлан шүтэж ангал руу хүртэл яваад ордог зарчим байхгүй. Ардчилал хөгжсөн орнуудыг хараад байгаарай. Лидер дагасан нам улс төрийн хүчин гэж бараг байхгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд мундаг чадалтай, бусдыгаа манлайлдаг хүн гарч ирж удирдаад дөрвөн жил болоод дараагийн сонгуульд ялбал дахиж нэг удаа сонгогдоод больдог. Тэр хүн больсон ч лидер байхгүй болчихлоо гээд уйлж, дуулаад байгаа юм байдаггүй. Бид үнэхээр ардчилсан улс босон юм бол тэр зарчмаараа явах нь зөв. Сэтгэлгээний хоцрогдол манайд арилах болоогүй. Миний үеийн хүмүүс амьдралынхаа талыг социализмд өнгөрүүлсэн болохоор заавал лидертэй байх хуучин сэтгэлгээнээсээ салж чаддаггүй. Хутагт хувилгаан тодруулж байгаа юм шиг лидер тодруулах хэрэггүй. Үнэхээр лидер болохоор хүн өөрөө үзэл санаагаараа манлайлаад товойгоод гараад ирчих ёстой. Ленин, Сталин, Чойбалсан байхгүй бол бүгд өнчирчихдөг юм шиг санаж байгаа бол сэтгэлгээний хоцрогдол шүү. Тиймээс Ардчилсан намд шинэ манлайлагч гарч ирэх цаг болсон. Тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгээд л яваад өгөх хэрэгтэй.

-Ардчилсан намынхан бие биедээ хэр хайртай хүмүүс вэ. Нэг намд мөр зэрэгцэж явсан хүнээ өмгөөлж, хамгаалах талдаа маруухан байна уу гэж хааяа харагддаг. Тухайлбал, Л.Гансүхийг Нүүрс хөтөлбөрийн мөнгө шамшигдууллаа гэхэд зүхэх хүн олон байснаас хамгаалах хүн бараг гараагүй. Залуу цагаасаа хойш улс төрд хамт зүтгэсэн хүмүүс нь хүртэл нүүр буруулж байх жишээтэй. Өнөөдөр Э.Бат-Үүл даргыг С.Зоригийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан үед ядаж өмөөрөөд ярилцлага өгөх хүн цөөхөн байх юм?

-Одоо болтол дотроо эв нэгдэлгүй байна. Үүнд би санаа зовж явдаг. Улс төрд олон жилийнхээ амьдралыг зориулсан, туршлагатай, нам дотроо нэр хүндтэй болчихсон хүмүүс хоорондоо ямар ч эв нэгдэлгүй байна л даа. Бие биенийгээ хардаж сэрддэг. Манай хуулийн байгууллага огт шинэчлэгдээгүй нь үүнд нөлөөлөөд байх юм. Өнгөрсөн дөрвөн жил хууль эрхзүйн шинэчлэлээ хийх гээд чадсангүй. Энэ маш харамсалтай зүйл болчихлоо. Хүний эрхийг хамгаалдаг эрх зүйн орчноо баталгаатай болгож чадаагүйд харамсдаг. Хуучнаараа ажиллаж байгаа хуулийн байгууллагынхныг улс төрийн хүчнүүд өөрсдийн хүслээр ажиллуулдаг болсон. Хуулийнханд зах зээлийн эдийн засгийг ойлгох ойлголт алга. Тухайлбал, Л.Гансүхтэй холбоотой нүүрсний хэрэг чинь хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээ. Ард түмэнд нүүрсийг хямд өгсөн. Ард түмэн хожсон. Нүүрс гэдэг чинь түүхий эд. Зах зээлийнхээ хэрэгцээг дагаад түүхий эдийн үнэ өсч, буурдаг. Үүн дээр дөрөөлөөд хоёр аж ахуйн нэгж хоорондоо гэрээ байгуулсан байсан ч улс төр ороод тэр хүнийг шоронд явуулчихсан. Би хувьдаа хэлмэгдүүлэлт л гэж үздэг. Нүүрс нэг өдөр ямар ч үнэгүй болж болно. Эсхүл эсрэгээрээ асар өндөр үнэтэй болж ч болно. Олон улсын зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 200 ам.доллар давчихлаа. Гэтэл Чалко 27 ам.доллараар зараад байна гэдэг чинь зах зээлийн л юм яваад байна гэсэн үг. Зах зээлийн үнийн дээшээ, доошоо савлах савлагааг ашиглаж аль нэг улс төрийн бүлэглэлийг дарж авах үзэгдэл дахин гарах ёсгүй. Хоёр аж ахуйн нэгж гэрээ хийгээд хохирогчгүй гээд байхад АТГ нь идсэн байна гэж тулгасаар байгаад ял өгчихсөн. Зах зээлийн нийгэмд байдаг өсч, унадаг харьцаа. Тиймээс улс төрийг эдийн засгаас салгах ёстой.

МАН-ынхан дийлэнх олонхи болоод Э.Бат-Үүлийг 18 жилийн өмнө болсон хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан. 18 жилийн хугацаанд шалгаж байхгүй яасан юм. Э.Бат-Үүлийг илт гүтгэн гүжирдэж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө ийм зүйл рүү орчихсон. Энэ бүхнээс харахад хууль эрхзүйн шинэчлэлээ даруйхан хийх цаг иржээ гэдэг нь харагддаг. МАН Их хуралд 65 суудал авсан болохоор сөрөг хүчний есөн гишүүн юу ч хэлээд 2020 он хүртэл “Хуцав аа, та нар. Бүх зүйл хуулийн дагуу явж байна” гэнэ. Сөрөг хүчин ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс шинэ үзэл санаагаар ард түмнийг гэгээрүүлэх хэрэгтэй. “Өдрийн сонин” шиг хүчтэй хэвлэлийн байгууллага маш сайн ажиллах ёстой. Ардчиллыг хамгаалах ганц хүч чөлөөт хэвлэл болж байна. Үнэндээ хэвлэлээс өөр хамгаалах хүч Их хурал дотор алга. Ядаж байхад цөөнхийн хэдэн гишүүн нь хуучинсаг хүмүүс байх юм. Зөвлөхүүдийг томилсон гэхээр нь сонирхоод уншсан чинь Л.Эрдэнэчимэг, З.Энхболд, Р.Бурмаа гэх мэт намаа сөнөөсөн хүмүүсээ орон тооны бус зөвлөхөөр тавьсан байсан. Тэднээс ямар ч шинэчлэл хүлээх найдлага миний хувьд алга.

Улс төрийн шинэчлэл зогсч байгаад харамсч байна. Шинэ Засгийн газар нураана, зогсооно, болиулна гэдэг зүйл ярих боллоо. Шинэ сэтгэлгээ, шинэ арга зам энэ хүмүүст алга. Залуусынхаа өмнөөс л харамсах юм. Өсч өндийж байгаа залуу үе минь яана даа. Залуу хүний ирээдүй гэрэлтэж байх ёстой. Гэтэл хуучинсаг сэтгэлгээ, хуучин арга барил. Харамсалтай. Эдийн засаг хоёр гурван жилдээ хүндрэлтэй байх болов уу. Энэ цаг үеийг ашиглаад АН шинэчлэгдэх ёстой. Гэхдээ заавал шинэ дугуй зохиох албагүй. Хөгжсөн орнуудын жишгийг дагах ёстой.

-Сүүлийн үед Их хурлын 76 гишүүн хангалтгүй байна. Дээд, доод танхимтай болж мэргэжлийн хүмүүсийг нь төрд ажиллуулах ёстой гэдэг саналууд гарч байгаа?

-Нэлээд олон жилийн өмнөөс гарч байсан санал. Саналаас гадна яг ийм тогтолцоо манайд байсан. 1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгуулийн дараа УБХ, АИХ гээд парламент нь хоёр хэлбэрийн тогтолцоотой байсан. Тэр үед сайн ажилласан гэж боддог. Улсын Бага хурал нь 50 гишүүнтэй байсан. Ардын Их хурал нь шинэ Үндсэн хууль батлахад л хуралдсан. Байнгын ажиллагаатай УБХ нь 50 хүнтэй, тэр нь пропорционалиар сонгогддог. АИХ нь жилдээ нэг удаа ч юм уу хуралдаад явдаг байж болно. Ийм санал гаргаж буй хүмүүсийн саналыг судалж үзэх хэрэгтэй. Э.Бат-Үүл энэ саналыг эрт гаргасан. Сайд нарын зөвлөлийн дарга байсан Д.Содном гуай зөв гэж ярьсан байхыг уншлаа. Төрийн соёрхолт Д.Сосорбарам энэ талаар ярьж эхэллээ. Манай улсад зөв гэж бодож байгаа. Миний мэдэхийн Америкийн парламент нь хоёр шатлалтай. Конгресс гээд төлөөлөгчдийн танхим мөн сенатын танхимтай. Америк хоёр намтай. Дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орны туршлага байна. Манай улсад амжилттай хэрэгжүүлж байсан туршлага бий. Гэхдээ энэ дөрвөн жилд ийм шатлалтай болох ямар ч боломжгүй. УИХ-д нэг нам дийлэнх олонхи байгаа нөхцөлд яагаад ч хүлээж авахгүй. Үүнийг УИХ дотор хүчний харилцаа ойролцоо, олон намын төлөөлөл болоод хоорондоо ярьж зөвшилцөлд хүрж байж өөрчлөгдөнө. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.

-АН олонхи байхдаа Үндсэн хуулиа өөрчлөх гээд чадаагүй...

-Би үндсэн хуулиа өөрчлөх асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэж үздэг. Б.Чимэд гуайг би хүндэтгэдэг юм. Бичсэн ярилцлага, өгүүллийг нь уншиж судалж байсан. Б.Чимэд гуай Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагагүй гэдэг байсан юм. Би ч гэсэн ийм бодолтой. Цаг үеийн шаардлагаар нэмэлт өөрчлөлт оруулж болно. Америкийн үндсэн хуулийн сонгодог жишээ байна. Үндсэн хууль нь өөрөө цөөн хэдэн зүйл ангитай, хэзээ ч өөрчлөгддөггүй байж л байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд УИХ-ын дөрөвний гурав нь нэгдэж санал өгч байж өөрчлөлт оруулах эсэх нь шийдэгддэг. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь санал нэгдэнэ гэдэг амаргүй. Нэг нам үнэмлэхүй олонхи болсон нөхцөлд л хийж болох ч бусад улс төрийн хүчнийг оролцуулаагүй учир хүчтэй эсэргүүцэлтэй тулна. Манай нам бас тийм өөрчлөлт хийнэ гэж үзэж байснаа мухар сүсгийн чанартай марзан юм яриад хэдэн мянган жилийн өмнөх бөөгийн юм оруулаад бүтэлгүйтсэн. Хөгжлөөрөө дэлхийд манлайлаад хүн ам нь баян чинээлэг, урт удаан наслаад бүх зүйлээрээ гайхагдаж буй тэр улсуудын туулсан зам туршлагаар л явах хэрэгтэй. Хэсэг хүмүүс баяжиж, цатгалдаад нийт ард түмнээ харанхуй бүдүүлгээр нь үлдээж болохгүй. Дэлхий даяаршаад хавтгай болчихсон. Манай улс өрх тусгаарлая гээд ч чадахгүй. Тийм болохоор дэвшилтэт орнуудын туршлагыг дагах цаг ирсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт тогтолцоон дээр ер нь энэ санааг хэлэлцэж байх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд бусдын саналыг чөлөөтэй сонсдог, хэлэлцдэг, баяжуулдаг байх учиртай.

-С.Зориг агсны амиа алдсан харуусалтай өдөр саяхан боллоо. Энэ хэрэг илэрчихээсэй гэж битүүхэндээ хүлээдэг байсан биз?

-Сүүлийн үед хэвлэлээр гарсан мэдээллээс үзэхэд мөрдөн байцаалтын ажил дуусаж байгаа юм билээ. Хэрэгт холбогдогсдыг илрүүлсэн талаар прокурор мэдээлэл хийсэн. Би ийм урт хугацаа алдсанд маш их харамсдаг. Хэргийг илрүүлэх улс төрийн сонирхол байгаагүй юм болов уу гэж боддог. Энэ хэргийг улс төрийн хэрэгсэл болгох сонирхол улс төрийн тодорхой хүчинд байсан юм болов уу. Маш олон жил өнгөрлөө. Одоо прокурор мэдэгдэл хийчихсэн юм чинь мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа олон нийтэд мэдэгдэх байлгүй.

-С.Зориг агсны хэрэг илэрлээ гэхэд итгэх хүн хэр байх бол. Ард түмэн итгэл алдартлаа янз бүрээр тархиа угаалгалаа шүү дээ?

-Өнөөдөр шинжлэх ухаан хөгжчихсөн. 11 жилийн өмнөхөөс сайн хөгжчихөөд байна. Тэгэхээр энэ тал дээр дэвшилт гарахад нөлөөлсөн байх. Ажлын хэсэг нь тасралтгүй ажилласан. Би бусад хүмүүсийн л адил сонин хэвлэлээс мэдээлэл авдаг. Гэмт хэрэгтнийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ялыг оноох ёстой. Ингэж л нэг дуусгахгүй бол улс төрийн бохир заваан хэрэгсэл болчихлоо. Үүнд харамсаж байна.

-Удахгүй орон нутгийн сонгууль ирэх оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Алдсан боломжоо эргүүлж авах цаг хугацаа байна уу?

-Ардчилсан намын шинэчлэлийг эрчимтэй, жинтэй хийх ёстой. Тэгэж л олон түмний итгэлийг олно. “За одоо сонгууль болох гэж байгаа юм чинь хэрэлдээд яахав” гээд идээ бээрээ буглуулаад байх юм бол найдлага бага. Уг нь ард түмэн тэнцвэржүүлдэг. Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар навс ялагдангуут орон нутгийн сонгуулиар манай нам их ялж байсан. 1996 онд ардчилсан холбоо эвсэл Их хуралд ялахад дараа нь орон нутгаар МАХН ялж байсан. Өнгөрсөн сонгуулиар аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийсэн нь буруу болсон. Ийм зүйлийг манайхан харж чадаагүй. Тийм хэмжээнд очтолоо харалган болчихсон байхгүй юу. Ард түмэн, жирийн иргэдээсээ тасарчихсан. Мөн намынхаа дүрэм журмыг уландаа гишгэж, цэвэр бизнесийн ашиг сонирхолд автчихсан, улс орныхоо хөгжлийг нураагаад гацаачихсан ийм л бүлэглэл байсан. Ийм нөхдийг сонгож гаргаж ирсэн ҮЗХ зайлах хэрэгтэй. Одооноос эрчимтэй өөрчлөлт шинэчлэлүүдээ хийж өөр Ардчилсан намтай болох цаг хэдийнэ болсон гэдгийг ухаарсан байх. Зоригтой шинэчлээд, алдаагаа хүлээн зөвшөөрөөд хариуцлагаа хүлээгээд шинэ үзэл санаа гаргаад шинэчлэх хэрэгтэй.

-Асуулгүй үлдсэн зүйл байвал та хэлээч...

-2000 оны Монголын хэвлэл мэдээллийн салбарт тулгарч байсан асуудал дахиад давтагдаж эхэлсэн. “Ардын эрх” сонинг тагнуулаар шалгуулна гэсэн үү. Хуучинсаг үзэлтэй ийм хүмүүс юм л бол хэвлэл мэдээлэл рүү дайрахыг оролдоно. 2000 онд “Өдрийн сонин” ардчилал, эрх чөлөөний ганц хамгаалагч, дуу хоолой болж байсан тэр хариулагатай үүргээ дахин биелүүлэх цаг мөч танай хамт олонд ирлээ. “Өдрийн сонин”-ынхон энэ түүхэн үүргээ баатарлагаар нэр төртэй гүйцэтгээрэй гэж хэлье. Өөр нэмж яриад байх зүйл алга.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
test1 2019.04.18