Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн зарим ажилтныг баривчилсан, мөн зарим хүнд хилийн хориг тавьсан. Тэгвэл цагдаагаас энэ хэрэгтэй холбогдуулан дахин нэг хүнийг баривчилсан байна. Тэр нь Х.Тэмүүжинг Хуульзүй, дотоод хэргийн сайд байх үед Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон Б.Цолмон юм байна. Түүнийг Шүүхийн шинжилгээ үндэсний төвийн зарим ажилтныг цагдан хорьсны маргааш нь баривчилжээ.
Б.Цолмон нь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн ойрын хүн бөгөөд түүнийг сайд байхад энэ албан тушаалд томилогдохоос өмнө Хуульзүй, дотоод хэргийн яаманд хоёр сар орчим хугацаанд хэлтсийн даргаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Б.Цолмонг тэргүүн дэд даргаар ажиллаж байх үед Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар /ГИХАЭГ/-ын даргын албан тушаалыг одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хашиж байжээ.





















