Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.СОЁМБОБААТАР: ХУВЬСГАЛД БИЕ, СЭТГЭЛ МИНЬ БЭЛЭН БАЙСАН

Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд болсон нь цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн суурь болсон гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрдөг. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойтойгоо золгож буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулж, нийт уншигчдадаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа энэ удаагийн зочноор Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал С.Соёмбобаатарыг урьж, ярилцлаа. 



-25 жилийн өмнө ардчилсан хувьсгалд гар, бие оролцох болсон шалтгаан юу байв. Хоёр удаагийн өлсгөлөнд оролцсон ганцхан хүн гэхээр таны зорилго их л том байж дээ?
-Юутай ч хувьсгалд оролцох болсон шалтгаан буюу хүүхэд насандаа хүлээн зөвшөөрдөггүй байсан зүйлсийнхээ талаар товчхон ярья. 1980-аад оны дундуур социалист нийгэм нэг л болохгүй байна гэдгийг хүн бүр мэддэг болсон. Тухайн үед үзүүлэнгийн анги гэж сургууль бүрт байдаг байлаа. Би  л гэхэд зургадугаар сургуульд сурдаг байхдаа дөрөвдүгээр ангиасаа эхлээд л “үзүүлэн” болсон. Манай анги БНМАУ-ын Баатар С.Лхагвадоржийн нэрэмжит, Монголын пионерын байгууллагын хошой алтан медальт, хотын хошой тэргүүний гээд шилдэг анги байсан юм. Тиймээс гадна, дотны хүмүүс ирвэл “Манай сургууль ийм мундаг” гээд манай ангиар жишээлэн үзүүлдэг болсон. Үнэндээ, надад энэ мэт зүйлс таалагддаггүй байсан учраас социалист нийгмийн албан ёсны үйл ажиллагааг эсэргүүцэх сэдэл тухайн үед төрж эхэлсэн. Хоёрдугаарт, тухайн үед Оросын мэргэжилтэн, цэргийн анги олон байсан. Зөвхөн тэдэнд зориулсан “Орос III сургууль” болон орос дэлгүүр хүртэл манай сургуулийн хажууд байрладаг байлаа. Бидний хувьд Орос дэлгүүрийн довжоог давах хориотой учраас нэг газарт амьдарч байж, яагаад оросууд тусдаа дэлгүүрээр үйлчлүүлж, бид орж болдоггүй юм бэ гэж боддог байв. Тухайн үеийн хүүхдийн сэтгэхүйгээр бол ардчилсан нийгмийг хүсч байгаа хэрэг биш шүү дээ. Зүгээр л яагаад өөрөөр байж болдоггүй юм бэ л гэж боддог байсан хэрэг. Сүүлдээ хичээл тарсны дараа бөөнөөрөө цүнхээ нэг газар аваачиж тавиад оросууд амьдардаг есөн давхар байрны цонхыг чулуугаар хагалдаг болсон. Хүүхдүүдтэй нь зодолдохдоо зодолдож, найрамдахдаа найрамдаж явсаар наймдугаар ангиа төгссөн. Ахлах ангид ороход манай ангийг Зоригт гэж түүхийн багш дааж авсан. Тэр багш бидэнд олон зүйл сургасан. Социалист нийгмийг магтан дуулдаг түүхээс гадна хориотой зүйлсийг ч хэлж ярьдаг байв. Тухайлбал, 1937 оны хэлмэгдүүлэлт, манай удирдагч нарыг хойно аваачиж цаазаар авсан зэрэг хаалттай олон сэдвийг нээж өгсөн. Хамгийн гол нь “Та нар ийм зузаан гурилтай хоолондоо цадчихаад үүнээс илүү амьдрал байдаг гэдгийг олж харахыг хүсэхгүй байна” гэдгийг ухааруулсан. Үүнтэй давхцаад Орост Горбачев өөрчлөлт хийж, нийгмээ шүүмжлэх аяс нэмэгдсэн. Өөрчлөлтийг хүсэхэд нөлөөлсөн дараагийн хүчин зүйлийг би гаднаас орж ирсэн соёлын урсгал гэж боддог. 

-Тухайлбал?
-Брэйк бүжиг. Тухайн үед олныг хамарсан бүжиг, манго зэргийг хориглодог байсан ч брэйк бүжгийг хориогүй юм. Түүгээр дамжин бананан өмд, үсний засалт зэрэг барууны соёл нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл, хорио суларч, социализмээс өөр нийгмийн тухай мэдээллийг бид авч байсан юм. Дээрээс нь багшийн ярьсан зүйл нэмэгдэж, ангиараа энэ тухай хэлэлцэж эхэлсэн. Манай гэрт цуглараад, нийгмийн болох болохгүйг ярьсаар эцсийн дүгнэлтэд энэ нийгмийг өөрчлөх ёстой юм байна гэсэн үзэл бүрэлдсэн. Зүүн Европын Герман, Унгар, Югослав зэрэг улс социалист тэр дундаа харьцангуй барууны чөлөөт нийгэм талдаа байсан. Бид энэ улсуудыг харж, тэдэн шиг л болно гэж боддог болсон. Яагаад гэвэл, энэ улсуудад нэг том намтай ч дагалдах жижиг намууд нь үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоогийн Хятадтай адилхан гэх үү дээ. Процесс нь бидэнтэй адилхан ч олон нам байна гэдэг дээр л анхаарал хандуулсан шиг байгаа юм. Тиймээс нам байгуулах талаар ярьж эхэлсэн. Ер нь, тухайн үед хаа, сайгүй л нийгмээ өөрчлөх талаар яриа гарсан учраас иргэд хувьсгалд бэлэн болчихсон байсан. 

-Багаасаа л “эсэргүүн” байсан болохоор өөрчлөлт хийхэд бэлэн байж. Яг хэзээнээс оролцож эхэлсэн бэ?
-Нам, засгийн “Үнэн” сонин дээр төрийн бодлогыг шүүмжилж, бурууг нь харж бичдэг  иргэдэд зориулсан булан бий болсон. Түүнээс гадна олон сонин, хэвлэл нийгмээ шүүмжилж эхэлсэн. Тухайн үеийн нийтлэл, материалууд олон хүнд даацтай хүрдэг байжээ. Жишээлэхэд, Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцанд” хэмээх нийтлэл оюутнуудыг бослого гаргахад хүргэж байсан. Үүнтэй ялгаагүй төр засгаа шүүмжилсэн нийтлэлүүд хүчээ авч, ер нь л нийгмийн өөрчлөлт ойрхон байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Яг тэр үед бидэн шиг санаа бодолтой залуучуудын нэгдсэн олон янзын клуб байгуулагдсан гэж ихээр сонсогдох болсон. Би тухайн үед аль нэг клубт элсээгүй. Учир нь, 1988 онд хуралдсан Төв хорооны V Бүгд хурлаар өөрчлөлт хийх байх гэж дотроо горьдож байсан юм. Гэтэл тухайн үед нэг ч алхам өөрчлөгдсөнгүй. Тиймээс нэг хүнээс цуглааны талаар сонсоод очихоор шийдсэн. Анхны буюу арванхоёрдугаар сарын 10-ны цуглааныг мэдэлгүй өнгөрөөж, МоАХ-ны байрыг хайж явсаар 17-ны хоёр дахь цуглаан дээр нь очсон. Тухайн үед надад МоАХ-ны өврийн хуудас гээд 7,8 хуудас зүйл өгөөд чадах чинээгээрээ олшруулаад өгөөч гэсэн. Хувилагч байхгүй учраас бичгийн машинаар шөнөжингөө бичин С.Зориг агсны хичээлийн танхим дээр аваачиж өгснөө санадаг юм. Тэр үеэс эхлээд өнөөдрийг хүртэл МоАХ-той холбоотой байж ирлээ. Би аль нэг клубт нь элсээгүй ч нэгэнт сэтгэл, санаа бэлтгэгдсэн учраас бидний зорилго нэг л зүйлд чиглэж байлаа. 

-Социалист нийгэмд хүмүүжсэн дийлэнх иргэдийн боловсрол тийм ч өндөр биш байсан гэвэл буруудахгүй байх. Өөрөөр хэлбэл, ардчилал гэдэг ойлголтыг тэгтлээ сайн ухаарахгүй байсан байх. Тиймээс иргэдийн дэмжлэгийг яаж хүлээсэн бэ? 
-Ардчилсан нийгэмд амьдарч үзээгүй хүмүүс ардчилсан нийгмийг л хүсч байсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тиймээс иргэдийн эсэргүүцлийг нийгэмд өөрчлөлт хэрэгтэй, Оросын нөлөөнөөс гарах хэрэгтэй гэсэн хоёр хэсэгт хуваан авч үзсэн. Харин МоАХ-ны иргэдээс дэмжлэг авсан гол өнцөг нь Оросоос хараат бус болох явдлыг иргэд дэмжиж байсан. 1949 онд Монгол Улс НҮБ-д нэгдэж орсон. Түүнээс хойш анх удаа хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1988, 1989 оны хавьцаа сонинд хэвлэж байсан гээд бодохоор тухайн үед өөрчлөлт үнэхээр л хэрэгтэй байсан байгаа биз. Тунхаглалыг хүртэл зориудаар буруу орчуулсан байдаг. Жишээлбэл, тайван замаар жагсаал, цуглаан хийх эрхтэй гэдгийг энхтайвны цуглаан хийх эрхтэй гэж гуйвуулсан байдаг. Одоо бодоход 1990 оноос хойших үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Тэр үеийг одоо тодорхойлох хэцүү байна. 

-Санахгүй байна гэж үү?
-Үгүй ээ. Зүүд шиг л өнгөрсөн. Маш олон үйл явдал зэрэг болсон. Дараа, дараагийн үйл явдал цуварч, өөрчлөлтүүд маш хурдацтай болж өнгөрсөн учраас тэр бүхнийг ангилна гэдэг хэцүү. Миний хувьд жагсаал, цуглааны хамгаалалтад зогсдог байсан. Өдөөн хатгалга оруулахгүй байлгаж, жагсаалыг үймүүлэх зэргээс урьдчилан сэргийлж, тарсны дараа талбай цэвэрлэх үүрэгтэй. Тэгж явахад ажил хаялт зарлах уу, өлсгөлөн зарлах уу, гэдэг яриа гарсан. Тэр үед би өлсгөлөн зарлах бүртгэлд нэрээ бичүүлсэн. Шаардлага тавьсан хугацаанд төр, засгийн зүгээс хариу ирүүлээгүй учраас өлсгөлөн зарлах дээрээ тулсан нь тэр. Тэгээд л III эмнэлэг дээр очиж, клизм тавиулаад, гэрээрээ орж хувцас ,хунараа бэлдээд талбай орсон. 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 22.30 цагт өлсгөлөн зарлаж эхэлсэн дээ. Улстөрийн товчоо огцорсноор 9-ний 11.00 цагт бидний өлсгөлөн зогссон. Дараа нь 1994 онд П.Жасрайн Засгийн газрыг огцруулах өлсгөлөнд оролцож байсан.

-Эхний өлсгөлөн зогсч, ялалт байгуулсны дараагаар МоАХ-ныхон салбар бүрт шинэчлэлт хийж эхэлсэн  байдаг. Та ямар ажлыг нь хариуцаж байв?
-100 төгрөгийн цалинтай малчдыг 1000 гаруй төгрөгөөр цалинжуулах боломжтой гээд багш нарт яриа хийж явсан. Одоо тэр үеийг бодохоор инээд хүрээд байдаг юм. Гэхдээ тухайн үед Орос руу гаргасан амьд морины үнэ, Оросоос  оруулж ирсэн тоглоомон морины үнэтэй тэнцдэг байсан. Нэг ёсондоо, түүхий эдийг асар хямдаар аваад түүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнийг манайд өндөр үнээр зардаг байсан. Үүнээс асар их зөрүү гарна. Их өр байх ёсгүй гэдэг чинь эндээс гарсан үг л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан