Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Хаянхярваа: Валютын ханшийг өсгөхгүй байхад анхаарч ажиллана

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан 2018.10.08-ны өдөр болж, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. 
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Валютын зохицуулалтын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэгт гишүүдийн олонхи нь санал нэгдсэн байна. Ингэхдээ Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс ойрын хугацаанд хоёр хуулийг хамтатган хэлэлцэхээр тогтлоо. 

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 
-Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ам.долларын ханшийг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ? 

-Энэ хуулиар ам.долларын ханшийг шууд зохицуулна гэж ойлгож болохгүй. Гадаад валютын урсгалыг зохицуулах, валютын эргэлтийг сайжруулах асуудлыг энэ хуулиар зохицуулна. Ид ажил өрнөдөг зургаа, долоо, есдүгээр сард валютын эрэлт ихэсч үнэ өсөх хандлагатай байдаг. Түүнээс гадна олон улсад худалдааны дайн болж буйтай холбоотойгоор хөгжиж байгаа орнуудын үндэсний валютын ханш долларын эсрэг суларч байна. Импортын хэрэглээ буурч, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой ам.долларын ханшийг нэмэгдүүлэхгүй барих боломж бий гэж Монголбанкныхан хэлж байна. ОУВС-ын өргөтгөсөн валютын хөтөлбөрт хамрагдахад тавьсан үндсэн шалгуурт аравдугаар сард байх валютын доод хэмжээг 2.8 тэрбум ам.долларын тогтоож өгсөн. Валютын ханшийг барих нь дан ганц Монголбанкны үүрэг биш. Засгийн газар, Монголбанк хамтарч валютын нөөц барих, үнэ буулгах чиглэлд ажиллах ёстой. Валютын ханш өсөхгүй байх боломж бүрдсэн. 

-Шатахууны үнэ нэмэгдсэн байна. Энэ талд ямар арга хэмжээ авах гэж байна вэ? 

-Шатахууны үнэ өссөнтэй холбоотой хоёр санал гаргасан. Өмнө нь шатахууны үнийг НӨАТ, Онцгой албан татвараар зохицуулаад явж ирсэн. Одоо энэ хуулиар зохицуулах боломж бий эсэхийг судалж үзэхийг үүрэг болголоо. Хоёрдугаарт,гаднын томоохон компаниудтай гэрээ байгуулж, тэдэнд тодорхой хэмжээний төлбөр төлж өөрийнхөө нутагтаа тохирсон хугацаанд үнийн хэлбэлзлээс үл хамаарч тогтвортой байлгах арга зам байдаг юм байна. Энэ аргыг судлах чиглэл өгсөн. 

-Монгол Улсын 2019 оны төсвийг хэт өөдрөг төсөв байна гэж шүүмжилж байна. Санал нэгдэх үү?

-Монгол Улсын 2019 оны төсвийн тухайд янз бүрийн байр суурь байгаа. Зарим нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханшийг хэт өөдрөгөөр төсөөлж гэж байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хангалтгүй төсөв байна гэх нь байна. Ер нь Төсвийн төслийг “Яг ийм байна. Тийм байна” гэж дүгнэхэд эрт байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан