Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль болж байна

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцох Зэвсэгт хүчний 20 гаруй анги, салбарын 400 орчим цэргийн алба хаагчаас бүрдсэн бие бүрэлдэхүүн 9 дүгээр сарын 6-28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хээрийн сургалтын төвийг түшиглэн сургуулийн өмнөх салбаруудын жигдрэлт болон зэвсэг техникийн аюулгүй байдал, бэлэн байдлыг хангах онол, дадлагын сургалтуудыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу амжилттай явууллаа. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа, итгэлцэл, нөхөрлөлийн нэрийн хуудас болсон “Сэлэнгэ-2018” сургуульд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Эрдэнэт” өртөөнөөс 9 дүгээр сарын 28-ны өдөр галт тэргээр хөдөлгөөн үйлдэж ОХУ-ын Наушки өртөөнд ирсэн юм.
Наушки өртөөнд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн орлогч, хурандаа В.П.Фролов тэргүүтэй албаны бүрэлдэхүүн, Хиагт хотын Засаг дарга Б.Ж.Нимаев болон тус хотын Анагаах ухааны коллежид суралцдаг монгол оюутнууд, орон нутгийн иргэдийн төлөөлөл дуу, хөгжим, бүжиг наадамтайгаар биднийг угтан авсан.

Жил бүр зохион байгуулагддаг Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь 2 орны цэрэг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох, бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангахад 2 улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэ жилийн тухайд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 100 жил, 36 дугаар армийн 50 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой. Уг сургуулийг зохион байгуулалтын хувьд оролцогч талууд уг сургуулийг 2 улсын нутаг дэвсгэрт ээлжлэн явуулдаг бөгөөд энэ жил ОХУ-ын Буриад улсын нутаг дэвсгэрт Бурдуны дэх сургалтын төвд 9 дүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийв. “Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн Монголын талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын талын удирдагчаар Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал М.Я.Носулев нар томилогдон ажиллаж байна. Нээлтийн ёслолын ажиллагаанд Буриад улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн Цыденов Алексей Самбууевич оролцож 2 улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд амжилт хүссэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Орос-Монголын Зэвсэгт хүчин эр зориг, дайчин алдар, баатарлаг гавьяагаараа алдартай, бидний найрсаг нөхөрсөг, найрамдалт харилцаа бат сууринд тулгуурлагдсан, түүхэнд салшгүй холбоотой юм. Эх орны дайны үед ЗХУ, БНМАУ нь хүн төрөлхтөний аюулт тахал болсон фашизмын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж амжилт байгуулсан түүхийг бид мартах ёсгүй. Үр хойч болсон бид ч найрсаг хөршийн харилцаагаа улам гүнзгийрүүлсээр байна. Үүний нэг илрэл нь “Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль юм. Энэхүү хээрийн сургууль нь бидний харилцааг стратегийн шинэ түвшинд хүргэх зам болох учиртай. Бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжихийн тулд Монгол Улсын ард түмэн болон Зэвсэгт хүчинтэй цаашид харилцаагаа бат бэх байлгаж хамтран ажиллах болно. Энэ сургууль цаашдын найрамдлын харилцаанд нэгэн алхам болж байгаагаараа онцлог. Үүнээс улбаалан 2 улсын найрамдалт харилцааг үеийн үед уламжлуулан хэзээ ч нэг нэгнийхээ эсрэг зогсохгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ сургуулийн хүрээнд 2 улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид туршлага солилцож, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлж чадна гэдэгт би итгэл төгс байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв. 


Энэ удаагийн сургуулийг болзошгүй алан хядах ажиллагааны эсрэг шийдвэртэй тэмцэл явуулах, тэр дундаа хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг давшилт, хориглолт болон шөнийн байлдааны ажиллагаагаар няцаан дарах гэсэн 3 үе шаттай явуулах юм. Хамтарсан хээрийн сургуульд Монгол Улс, ОХУ-ын 1000 гаруй цэргийн алба хаагч, 200 гаруй нэгж байлдааны болон тусгай зориулалтын техник оролцож байна. “Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулийн хүрээнд өмнөө тавигдсан ямар ч үүргийг биелүүлэхэд бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулахад гол зорилго чиглэгдэнэ гэдгийг талууд илэрхийлсэн юм. Мөн монгол, орос дайчид хээрийн сургуулийн талбарт төдийгүй урлаг соёл, спортын талбарт ч авьяас, чадвараа уралдуулж, нөхөрлөлийн холбоогоо улам батжуулсаар байна. “Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулийн нээлтийн ажиллагаанд зориулан ОХУ-ын Чита хотод байрлах Дорнод цэргийн тойргийн ансамблийн уран бүтээлчид болон Хиагт хотын Анагаах ухааны коллежийн оюутнууд тусгайлан бэлтгэсэн концертоор бэлэг барьж, Монгол, Оросын зэвсэг нэгт дайчдын халуун алга ташилт, баяр талархалаар шагнуулсан юм. Ирэх жилийн хамтарсан хээрийн сургуулийг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Дорнод аймгийн нутаг дэвсгэрт явуулахаар төлөвлөжээ.
Бие биеэ ойлгон дэмждэг нэгэн цоо шинэ үеийг бид хамтдаа төлөвшүүлэн хүмүүжүүлж байна.


Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар:


-“Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь ОХУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалж, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан яруу алдарт Дорнод цэргийн тойргийн 100 жил, 36 дугаар армийн 50 жилийн ой тохиож байгаа түүхэн цаг үед давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Дорнод цэргийн тойргийн командлал, 36 дугаар армийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид тэдний гэр бүл, үр хүүхдэд дайчин нөхрийн ёсоор чин сэтгэлийн халуун баярын мэндийг хувиасаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Энэхүү хамтарсан сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаагийн нэгэн томоохон үр дүн, ач холбогдол нь бие биеэ ойлгон дэмждэг нэгэн цоо шинэ үеийг бид хамтдаа төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаа явдал юм. Энэ бол Монгол-Оросын ард түмний дундах гүн бат харилцаа холбоо, дайчин нөхөрлөл, хөлс, цусаараа бидэнд гэрээслэж үлдээсэн ахмад үеийнхнийхээ өмнө бидний хүлээсэн журамт үүрэг мөн. Хамтарсан хээрийн сургуулийн оролцогч бүр өөрийн албан тушаалын үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, мэдлэг, туршлагаа улам бүр гүнзгийрүүлэн батжуулахын төлөө идэвх чармайлт гаргаж, өмнөө тавьсан зорилго, зорилтуудыг бүрэн дүүрэн биелүүлж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. 
өвөг дээдсийнхээ хамтдаа бүтээсэн алдар гавьяаг мөнхжүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе

 

ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал М.Я.Носулев:
 

-Одоогоос 10 жилийн тэртээ манай 2 орны хамтарсан сургууль “Дархан” нэртэйгээр анх удаа Монгол Улсад зохион байгуулагдаж байсан бол энэ жил сургуулийн 10 жилийн ой тохиож байгаагаараа ихэд онцлог. 2011 оноос энэхүү сургуулиа Монгол Улсын өндөр сайхан уулсаас эх авч ОХУ-ын Буриадын нутгаар дамжин урсаж “Байгаль” далайд цутгадаг “Сэлэнгэ” мөрний нэрээр нэрлэсэн билээ. Халхын голын эрэг дээр үүссэн манай ард түмнүүдийн дайчин нөхөрлөлийн үргэлжлэл болсон уг сургууль нь бидний хамтын хүчин чармайлтаар амжилттай үргэлжилсээр байна. Энэ удаагийн сургууль амжилттай болж бидний бат бөх найрамдлыг улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ сургуульд оролцож буй нийт цэргийн алба хаагчиддаа цэргийн дүрэм, журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг чандлан сахиж, өөрсдийн зэвсэглэл, техникийг чадварлаг эзэмшин, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн байлдааны бэлтгэл сургуулилтдаа өндөр амжилт гаргахыг хүсье. Өвөг дээдсийнхээ бүтээсэн алдар гавьяаг мөнхжүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан