Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлуудын хүрээнд Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны хүртээмж чанар, үр дүнг сайжруулах зорилго бүхий “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн баяр хүргэсэн илгээлтийг Ерөнхий сайдын ажлын албаны референт Г.Анхбаяр уншиж гардууллаа. Мөн Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Нийслэлийн Засаг даргын орлогч Д. Энхтөр нар баяр хүргэж үг хэллээ.

Хуралд Франц, ОХУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд, Бүгд Найрамдах Колумб улсуудын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн хүүхдийн асуудлаар хийгдсэн сүүлийн үеийн судалгааны ажлуудыг авч хэлэлцэж байна. 

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой юм.

Хуралд гадаадын болон манай улсын судлаачдын 68 эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл ирснээс үндсэн хуралдаан болон салбар хуралдаанд нийт 34 илтгэлийг хэлэлцүүлж байна.

Эрдэм шинжилгээний хуралд хүүхдийн хөгжил, оролцоо, боловсролын асуудлууд, хүүхдийн эрүүл мэндийн асуудлууд, хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд, хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн асуудлууд болон улс орнуудын хүүхдийн талаар баримтлах төрийн бодлогын асуудлуудаар 4 салбар хуралдаан болон зохион байгуулагдаж байна. 

Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан