Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бөхбат: Түгжрэлтэй байхад ногоон гэрлээр ороод шар тэмдэглэгээ дээр зогсвол торгоно

Арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэ дүрмийг улс даяар мөрдөх гэж байна. Дүрмийн өөрчлөлтийг угтаж Нийслэлийн томоохон уулзваруудын зам дээр шар тэмдэглэгээ хийжээ. Энэ талаар бид Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

 

-Цэцэг төвийн уулзвар дээр шар тэмдэглэгээ хийжээ. Энэ тэмдэглэгээ ямар үүрэгтэй, дүрэмтэй яаж холбогдох вэ?

-Шар дөрвөлжин бол Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд заасан уулзвар дээр тавигдах тэмдэглэл. Хөндлөн замаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэл түгжрэл үүссэн үед орохыг хориглосон шар тэмдэглэгээ. Жолооч нарын зогсох хилийг тогтоож өгч байгаа, хил хязгаар гэж ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар Цэцэг төвийн уулзвар болон МУБИС-ийн уулзварт дээрх тэмдэглэгээг тавиад байна. Цаашид бусад уулзварт тавиад эхэлнэ. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нар энэ шугам дээр зогсвол торгуулах нь гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Энэ шар зураасуудыг хийгээд, шинэ дүрмээ баримталбал түгжрэлийг 70 хувь бууруулах боломжтой гэсэн мэдээ яваад байна аа. Тийм судалгаа хийгдсэн юм уу?

-За ёстой хэлж мэдэхгүй. Бидэнд бол түгжрэл үүсдэг уулзваруудад энэ тэмдэглэгээг хийж, зохицуулалт хийснээр түгжрэлийг 35 хувь хүртэлх хувиар буулгах боломжтой гэсэн судалгаа байгаа. Ямар ч байсан шар тэмдэглэгээтэй уулзварууд дээр түгжрэл үүсгэх, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж саад үүсгэх нөхцөл байдал үүсэхээ болино. Гол нь манай жолооч нар уулзварын цаана түгжрэлтэй байхад ногоон гэрэл ассан байсан ч нэмж араас нь ороод түгжрэл үүсгэж болохгүй гэдгээ мэдэх хэрэгтэй. Заавал цагдаад торгуулж байж ойлгохын оронд өөрсдөө ухамсарлах ёстой. Зарим жолооч замын нөхцөл байдлыг буруу дүгнэж уулзвар нэвтрээд бусдын хөдөлгөөнд саад учруулдаг. Жолооч нар гэрэл дохио, явган зорчигч, замын нөхцөл байдлаа мэдрээд хөдөлгөөнөө зогсоож чадах боломжтой хурдтай явах ёстой. Үүнийг жолооч нар анхаараач ээ. Шар гэрлээр дайрдаг, улаан гэрлийн төгсгөлөөр уулзвар руу ордог явдал их байгаа.

-Дөрвөлжин шар тэмдэглэгээ рүү орж зогссон жолоочид оногдуулах хариуцлага нь ямар байх вэ?

-Зохицуулагч цагдаа бол зам чөлөөлөхийг, эгнээгээрээ явахыг шаардана. Замын цагдаагаас бол түрүүлж ирсэн хөдөлгөөнийг нэвтрүүлэхэд анхаарч гэрлэн дохионы режимийг тааруулна, зохицуулалт хийж байгаа цагдаадаа үүрэг чиглэл өгч ажиллана. Харин зөрчил илрүүлэгч камерын баримт, шийтгэлийн хуудас тухайн жолоочийн гэрийн хаягаар шуудангаар очно. Монгол Улсад нэг цагдаад 3500 тээврийн хэрэгсэл оногдож байгаа. Цагдаагийн байгууллага зам тээврийн зөрчлийг баримтжуулж мэдээлэх epolice нэртэй аппликейшн гаргасан. Монгол Улсад насанд хүрсэн хоёр сая иргэн байгаа. Тэгэхээр хоёр сая зөрчил илрүүлэгч камер гудамжаар явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Иргэдийг торгоод байх сонирхол цагдаагийнханд байхгүй. Иргэдэд ч торгууль төлөх амьжиргаа алга. Ийм учраас зөрчил гаргахгүй байх ёстой гэдгээ иргэд ухамсарлах хэрэгтэй. Дахиад хэлэхэд, өөрийнх нь зөвшөөрөгдсөн гэрэл асахад тийшээ орохгүй байх нөхцөл байдал, түгжрэл үүссэн эсэхийг жолооч нар анхаарах хэрэгтэй. Тэрийг л зохицуулах гэж шар тэмдэглэгээ тавьсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан