Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нарыг гишүүд УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.

-С.Зориг агсны хэргийг шалгах Түр байгуулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан байна. С.Зориг агсны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан шүү дээ. Ямар учраас дахин шалгуулах гээд байгаа юм бэ?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн үнэн мөнийг олох гэж УИХ дээр бүхий л бололцоогоо дайчлан ажилласан. Түр хороо байгуулагдсанаар хэргийн олон ээдрээтэй асуудал тодорхой болж, үнэн мөн нь тогтоогдоно гэж үзэн, Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьсан. Угаасаа Түр хороо байгуулж ажиллахаас өөр гарц үлдсэнгүй.

-Яг ямар үнэн мөн нь тогтоогдоно гэж үзэж байгаа юм бэ?

-Өмнөх Засгийн газрын үед Эрүүгийн хуульд "хулгайн зам"-аар өөрчлөлт оруулах аргаар С.Зоригийн хэрэгтэй уялдуулан засвар хийсэн асуудлыг шалгах ёстой гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх заалтаас болж хэрэг нь замхарсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Монголын ард түмний эсрэг гэмт хэрэг, тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн ойлголт байх ёсгүй. Гэтэл энэ хэрэг хэн ч үнэмшихээргүй ахуйн аллага болж хувираад, Эрүүгийн процессийн хуулийг эцсийн найруулгаас нь буцаан татаж зөвхөн С.Зоригийн хэрэгт холбогдуулсан засвар оруулсан байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсгээд өнөөдөр энэ хэргийг огт болоогүй юм шигээр булшлах гэж байна. Энэ хуулийг баталсан үйл явц, С.Зоригийн хэрэг хоёр чинь өөрөө нэг хэрэг болчихож байгаа юм. Энэ дээр хуулийн байгууллага шударга ажиллана гэж найдаж байна.

-Хөөн хэлэлцэх хугацааг шинэ хуулиар хэрхэн яаж өөрчилсөн юм бол?

Өмнө нь Эрүүгийн хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тодорхой заалт байсан. Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэлх хугацааг тоолно, яллагдагчаар татсанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гээд. Гэтэл энэ хуулийг эцсийн найруулгаас нь татаад хууль зөрчсөн үйлдэл хийж, нийгэмд үүссэн олон дуулиан шуугиан далимдуулж гишүүдийн анхаарал сул байгаа үед батлуулсан нь илэрсэн. Шинэ найруулгад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн. Хөөн хэлэлцэх хугацааг тооцохыг зогсоодог заалтыг зориуд дунд нь хавчуулан огт хэлэлцэхгүйгээр хүчингүй  болгосон байна.  

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Засгийн газар 170 хуудас процессийн том хууль, дагалдах 21 хуулийн  төсөл өргөн мэдүүлэхэд хэлэлцүүлгийн төгсгөлд огт байгаагүй хуулийн санааг шургуулж 22 дахь хууль болгоод дагаж гаргах тогтоолын төсөлтэй хамт будилуулсан. Маш нарийн ийм арга хэрэглэхэд уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор, хэргийг шийдэж байсан шүүгч нар нь, Хуульзүйн сайд, дэд сайд нар оролцоод, Байнгын хорооны дарга хүртэл дэмжсэн гэж харагдаж байна. Дагаж гарах хууль зөвхөн гол хуулийн зохицуулалтын хүрээнд гарах ёстой. Гэтэл Эрүүгийн гол хуулиндаа зарчмын том асуудлыг хамт будилуулж батлуулсан. Нэг ёсондоо С.Зоригийг хөнөөсөн болон бусад олон том хэргийг зогсоосон Өршөөлийн хууль болгосон байна. Үүнийг ҮХЦ-ээс хүчингүй болгох хэрэгтэй.

-Түр хороо байгуулагдсаны давуу тал нь юу юм бол?

-УИХ-ын түр хорооны хувьд яг л байнгын хорооны хэмжээнд тодорхой асуудлуудаар эрх эдэлнэ. Шаардлагатай гэж үзвэл хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хуулийн хүрээнд эргэж нягтлах үүрэг хүлээнэ. Хүний эрх зөрчигдсөн олон тодорхой асуудлуудыг шалгаж үзэх болно.

5 Сэтгэгдэл
Zaluu ehnertei gesen shig joohon bandi shig haragdaad baina :)
тэр үед чинь хэн хууль зүйн сайд байлаа. нөгөө л дорлигжав уу? дорлигжавыг гэнэт татаж сайд болгол уу? ерөнхийлөгчөөр элбэгдорж байхад
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Түр гэж ямар хугацаа юм бэ. Ер нь ахиц гарах уу. Түүний оронд Америкаас ч юм уу ийм хэргийн учрыг тунгаах чадвартай мэргэжилтэнүүдийг урьж ажиллуулбал дээргүй юу. Монголчууд учрыг олж чадахгүй байхаа.
МАШ ЗӨВ ЗӨВ ӨӨ??? ХУРДАН ЭХЭЛ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Хамгийн их уншсан