
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй болсон талаараа мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргатай хамтран ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболд гэдэг хүний өмнө хүчин мөхөстөж байна. М.Энхболд хүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч байна. МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс гэж би харж байна. Бүлэглэл нь тусдаа, төр нь тусдаа байх ёстой. М.Энхболд гэдэг нэр хүнд нь уначихсан, төрт ёсны зарчмаасаа гажчихсан байгаа хүнээр парламентыг удирдуулж явах боломжгүй гэж харж байна" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "60 тэрбумын хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа. Нээлттэй сонсгол хийхийг шаардсан болв хийхгүй байгаа. Ийм УИХ-ын даргатай байхыг бид дэмжихгүй. УИХ-ын даргыг огцортол УИХ-ын 40 гишүүн чуулгандаа суухгүй" хэмээв.
УИХ-ын гишүүн Л.Болд "АН-ын улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Харин бид хууль зөрчсөн УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр санал нэгдэж зогсч байна. Монголын төрийг буруу замаар хөтлөөд явах бололцоо байх ёсгүй. Ирц бүрдэх ямар ч нөхцөлгүй болгож боёкот зарлаж байна" гэв.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүйн улмаас одоог хүртэл хуралдаан эхлээгүй байгаа юм.






















