Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Пүрэвсүрэн: Монгол дарханы ур ухаа­наар бий болж, үеэс үед уламжлан ир­сэн их өв соёл юм

 

 “Тэнгэрийн угалз” ХХК-ийн захирал, уран дархан Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. 20 гаруй жил уран дарх хийж буй тэрээр Монголчууд бидний дунд хамгийн түгээмэл тархсан эдийн болоод биет өв соёл болох хөөрөг урлалын чиглэлээр сүүлийн 10 орчим жил ажиллажээ. 
“Хөөрөг бол монголчуудаас үүдэлтэй оюуны болоод эдийн соёл. Биднээс өөр эрдэнийн чулуугаар мэнд мэдэлцдэг ард түмэн байхгүй” гэх тэрээр 30 гаруй хүнтэй урлан ажиллуулж, монгол дархчуудын ур ухаан, уран нарийн хийц шингэсэн хөөргийг дэлхий дахинд таниулахыг зорьж буй нэгэн. Дашрамд сонирхуулахад, хөөргийг урладаггүй, төрүүлдэг гэвэл уншигч та гайхах нь лавтай. Энэ тухай болоод хөөрөгний үүсэл гарвал, хэрэглээ, урлалын талаар Д.Пүрэвсүрэнтэй ярицлаа.

 


 

-Манайд хөөрөг ур­ла­­даг, цуглуулдаг, зарж бор­луулдаг гээд л хү­мүүс байдаг. Гэхдээ үйлдвэрлэлийн хэмжээнд хүртэл авч яваа нь цөөн байх?
-Монголчууд бид эрдэнийн чулуугаар мэндэлдэг ийм сайхан өв соёлтой ард түмэн. Манай урлангийн хувьд эл өв соёлоо хадгалан хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг чиг болгон үйл ажиллагаа явуулсаар өдий хүрлээ. Манай үйлдвэр жижиг гар урлалын үйлдвэрээс улбаатай. Социализмын үед Гар урлалын үйлдвэр гэж байсанд ээж маань чимэглэгч хийдэг байсан юм. Тиймдээ ч монгол дарханы ур ухаан, уран нарийн хийц бүхий гар урлалын ертөнцөд өсч торниж, ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан юм. Улмаар Монгол Улсын начин, алдарт уяач, уран дархан Ганхүү гэх хүнд миний бие 16 насандаа шавь орж байлаа. Түүнээс хойш 20 гаруй жилийг энэ их өв соёлынхоо дунд, дархан хүний бурхан ухаанд суралцаж өнгөрүүлжээ. Одоо ч суралцсаар л явна.

-Тэгэхээр анх алт, мөнгөний дарх хийхээс сурч эхэлсэн юм байна. Яг хөөрөг хийж эхэлсэн үеэ дурсвал?
-Хөөрөг хийх болсоор 10 орчим жил болж байна. Ерөнхийдөө манай урланд дан ганц хөөрөгнөөс гадна дарханы ажил ч хийгддэг л дээ. Тэр нь юу вэ гэхээр төрийн онцгой захиалга буюу бөхчүүд, уяачдын малгайн титэм тэмдэгийг албан ёсны эрхтэйгээр урладаг юм. Хүчит бөхчүүд, хүлэг сайн морьд гэдэг нэг талаас нүүдэлчин монголчуудын хамгийн чухаг соёлын өв болохын дээр хөөрөг нь эдгээрийг ямагт дагаж явдаг. 
Тиймдээ монгол ахуй, соёлын салшгүй үнэт өвийн нэг юм. Дээр нь, хөөрөгний чулууг өнгөт ба үнэт гэж ангилдаг бөгөөд эдгээр эрдэнийн чулуунууд нь өөрийн гэсэн энергитэй байдаг. Манайхан фэнг-шү гэдгээр нь мэдэх байх даа. Чулуу бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц шинж чанар, энерги агуулдаг. Мана чулуу л гэхэд 200 орчим төрөл байдаг ч бүгд өөр өөрийн шинж чанартай. Хар халтар мана л гэхэд хүч чадлын бэлэгдэл бол­дог бөгөөд биедээ тээж, эдэлж хэрэглэж яваа хүн огторгуй ертөнцөөс маш их энерги авч байдаг гэдэг. Чун мана буюу улаан хүрэн өнгөтэй мана чулуу онгод хийморь өгч, баяр баясал төрүүлж байдаг гэхчлэн чулуу бүр өөр өөрийн өвөрмөц, дахин давтагдашгүй энерги, шинж чанарыг агуулдагийн дээр өнгө, хэлбэр дүрс, хээ хуарын хувьд адилгүй. Ер нь, хөөрөгний үндсэн харь­цаанууд бий л дээ. Хүзүү нь ямар байх ёстой юм, ам, амс­рыг нь яаж гаргадаг юм гээд хөөрөг урлах дэг ёс гэж бий.
Наанадаж хүзүү нь толгой, бөгстэйгөө харьцааны хувьд зохимжтой, амсар нь дотогш ялиг хүнхэр байх бол гуурс нь урт, тэгш хэмтэй байна гэхчлэн уран нарийн хийцтэй. Мөн дотор тал нь гадна талаасаа дутахгүй өнгөлгөөтэй байж гэмээнэ тунгалаг сайхан харагдана. Ёроол, суурь нь зөв, тэгш хэмтэй, жигд байх учиртай. Бод доо, байгальд хэдэн арван сая жил оршсоор ирсэн үнэт эрдэнийн чулууг дархан хүний бурхан ухаанаар, зөв, тэгш хэмтэйгээр, сэтгэл, хөлс хүч шингээн урлаж бүтээл болгоно гэдэг эдэлж хэрэглэж буй хүндээ сэтгэл ханамж төрүүлээд зогсохгүй энергиэ дамжуулдаг.

-Нуухны тухайд?
-Хөөрөгний нуух гэдэг чухал зүйл л дээ. Манай урлангийн хувьд хөөрөгний нуухыг өндөр төвшинд хүргэхийг зорьж байна. Мөнхөд ноён байхын бэлгэдэл болгож ноён сэврэй хээ ороож хийдэг л дээ. Ноён сэврэй гэхээр хүмүүс мөнгөн аяганы ёроол гэдгээр нь мэдэх байх. Энэ хээ нь Сэврэй сумын урчуудаас гаралтай, цул мөнгөөр эмээлдэж буюу азаргадаж хийнэ гэж ярьдаг. Энэ хээ өөрөө суурь сайтай учир мөнхөд ноён байхын бэлгэдэл хэмээдэг юм. Тиймээс манай урлан хөөрөгний нууханд өндөр ач холбогдол өгч, хамгийн суурьтай сэврэй хээ тавьж хийдэг юм. Түүнчлэн, хөөрөгний бас нэгэн чухал зүйл бол халбага. Амар амгалан, урт удаан жаргахыг бэлгэдэж зааны соёогоор хийх нь түгээмэл. Соёо маань өөрөө 10, 20 мянган жилээр насладаг, үнэт чулуунаасаа дутахааргүй бат бөх, хатуулаг чанартай зүйл юм. 20 гаруй мянган жилийн өмнөх арслан зааны соёо одоо ч хэвээрээ байж байдаг.

-Хөөрөгний тухай олны дунд нэлээд түгсэн яриа бий, гурван чулууны бодлого гэж. Энэ юу вэ гэвэл Манжийн үед монгол эрчүүдийн аманд нь гаанс, гарт нь хөөрөг, отгонд нь жинс хадаж улмаар гурван чулуугаар тогтоон барьж байсан гэдэг. Ер нь, энэ ярианаас бас таны хэлснээс улбаалан асуухад хөөрөг гэж юу юм, яг манай өв соёл мөн үү. Эсвэл зүгээр л баярхал, чамирхал юм уу?
-Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой, маш ойр байсан ард түмэн. Одоо ч тийм л байна. Тиймдээ ч эрт дээр үеэс эрдэнийн чулуугаа ахуй амьдралдаа олон талаар ашиглаж, хэрэглэж ирсэн байдаг. Гартаам чулуугаар саа өвчинтэй хүнийг эдгээдэг байсан тухай сонссон байх. Тэр ч бүү хэл Хүн гүрний үеийн шүлэгт элчдээ эрдэнийн чулуу өгч явуулан таних тэмдэг болгож байсан тухай ч дурддаг.

-Тэгэхээр таны үзэж буйгаар Хүннүгийн үеэс бид хөөрөг, элдэв эрдэнийн чулууг ахуй соёлдоо ашиглаж ирсэн байх нь?
-Би нарийн хэлж мэдэхгүй ч тухайн цаг үетэй холбогдох түүхэн баримт сэлт олдсон байдаг. Тиймдээ ч энэ бол монголчуудаас үүдэлтэй өв соёл. Өдгөө дэлхий дахинд эрдэнийн чулуу зөрүүлж мэнд ус мэдэлцдэг ард түмэн бий юу, байхгүй.

-Хөөргийг чулуу гэхээс илүү хийцээр нь насжилтыг нь тогтоох боломж илүү байдаг байх. Таны мэдэх хамгийн эртний хөөрөг хэдий үед холбогдож байна?
-1600 оны үеийн хөөрөгнүүд байдаг. Тэр үед холбогдох хөөрөгнүүд ёроол гэх юмгүй, их өвөрмөц, сонин хэлбэртэй. Гэхдээ гүйцэтгэл, ур хийц гэж ярих юмгүй. Ер нь, хөөрөг урлал 1800 оны үед өндөр төвшинд хөгжиж, соёл нь ч тэр чинээнд түгсэн байдаг юм билээ. Түүнээс өмнө чулуугаар нь элдэв эмчилгээ, дом хийдэг байсан баримт, ул мөр бий.

-Домгийн шинжтэй яриа л даа. Эрт дээр үеийн баатрууд махаа борцолж хатаагаад улмаар ууранд хийж нүдсээр байгаад бүтэн шарыг хөөргөндөө багтаачихдаг байсан гэж сонсч байсан юм. Үүнийг ор үндэстэй гэвэл өнө эртний зүйл болж таарах гээд байна?
-Үгүйсгэх аргагүй шүү дээ. Эрт цагийн баатар эрс алс хол аян дайнд, хэдэн арван сар жилээр явдаг байж. Хол замд явах хүн зэр зэвсэгнээс өөр жин дарах ачаагүй бол амар биз. Тиймдээ ч борцолсон махныхаа судас, шөрмөсийг түүж аваад ууранд хийн нүдсээр байгаад өвөрт багтахаар болгочихдог байсан гэдэг. Нууц товчоонд шүлсээр ундалж, шүдний махаар хооллож хэмээн дурддаг шүү дээ. Тиймдээ ч үүнийг үгүйсгэх аргагүй.

-Тэгэхээр хөөрөг гэгч зүйл таны хувьд олон зууны тэртээгээс уламжилж ирсэн биет соёлын өв байх нь?
-Тийм. Монгол дарханы ур ухаа­наар бий болсон, үеэс үед уламжлан ир­сэн оюуны болоод эдийн их өв соёл юм.

-Тэгвэл одоо цагт өв соёл гэ­хээсээ баярхал, чамирхлын хэрэг­лүүр болгосон нь их харагддаг?
-Баярхал гэхээр буруу үг юм л даа.

-Яахав, жижгэвтэр данхан чинээтэй хаш хөөрөг гаргаж ирээд зөрүүлж буй хүнийг хараад эрхгүй тэгэж бодох нь бий?
-Тэгэж харагдаж болох ч нэг талаас гайхалтай буян заяа, амны хишиг гэж болно л доо. Магад тэр хүнд эцэг өвгөдөөс нь ч уламжилж ирсэн байж болно. Ер нь тэгээд өнгөрсөн 70 гаруй жилд бид өөрийн гэсэн хамаг л юмаа үгүйсгэж, үнэ цэнийг нь алдагдуулсаар ирлээ. Шашин нэрээр оюуны болоод эдийн маш олон өв соёл, түүх дурсгалын зүйлсээ устгаж үгүй хийсэн. Анзаараад байхад дэлхий дахинд тэр дундаа Азийн орнуудад байгалийн энергийг шашин шүтлэгээс дутахааргүй дээдэлдэг. Хөөрөг бол хэрэглээ, зориулалт нь л биежсэн төдий эрдэнийн чулуу шүү дээ. Нөгөөтэйгүүр урлагийн бүтээл. Хүмүүс мэдэх байх аа, хөөрөгний хоёр хажуу дээр зээ-бад гэх аманд нь цагираг зуулгасан арслан, барстай төстэй дүрс байдаг. Энэ бол арслан барс бус “аварга” гэгч амьтны дүрс юм. Хуучны хүмүүс нэрийг нь дуудахаас цээрлэж “сонин сайхан амьтан” гэх нь ч байсан юм билээ. Түүнээс манайхны дунд түгсэн шиг манжууд монголчуудыг бослого гаргавал эрүүг нь заана гэсэн ойлголт биш. Эл амьтан нь дөрвөн хүчитний шинжийг агуулсан, муу муухайг үлдэн хөөж байдаг нэг ёсны хамгаалагч сахиус юм. Гандан хийдийн хаалга, хөөргөн дээр зээ-бад байдгийг хардаг байх. Энэ нь муу муухайг оруулахгүй гэсэн бэлэгдлийн шинжтэй зүйл. Айл гэрийн авдарны цоож цуурга ч ийм дүрстэй байх нь элбэг. Тиймдээ ч, их энерги агуулж байдаг эрдэнийн чулуундаа зээ-бадаа дүрсэлж, элдэв муу муухайгаас хамгаалж байдаг юм. Язгууртан хүний хөөрөг зургаан бадтай байх нь бий. Мөн арслан мөртэй, 16 бадтай хөөрөг ч бий. Нэг талдаа 16 гэхээр нийт 32 бадтай хөөрөг гэсэн үг. Гэхдээ ихэвч­лэн зургаан бадтай байх нь элбэг.

-Хоёулаа чамгүй үүх түүх, домог хууч ярилаа. Одоо үйлдвэрийнхээ тухай ярианд оръё. Угтаа хөөрөг маань гар урлалын зүйл. Энэ талаасаа урлагийн бүтээл ч гэж болно. Гэтэл үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр яадаг нь сонин байна?
-Үйлдвэрлэл гэхээр шууд утгаар нь ойлгож болохгүй л дээ. Манайх угтаа “Тэнгэрийн угалз” ХХК гэж явдаг ч үйлдвэр гэхээсээ урлан гэгддэг. Үйлдвэр гэхээр хөөргийг гутал шиг нэг хэв загвараар хийнэ гэж ойлгоод байдаг тал бий. Манай урланд хөөрөг, дарх хийдэг 36 хүн ажилладаг. Хамт олон маань яг л уламжлалт гар урлалын дэг ёс, арга барилаар хөөргөө урладаг. Ажлын үйл явц, шат дамжлагаа өөрчилж, тус тусын цех болгосноос ямар нэг компьютер, тоног төхөөрөмжөөр, тогтсон хэв загвараар хөөрөг үйлдвэрлээд байгаа юм биш л дээ. Урлаж байгаа юм. Гар урлалын бүтээгдэхүүн болохын хувьд хөөрөг нэг бүрийг нарийн дэс дараалал, дэг ёсоор хийдэг. Ер нь тэгээд сэтгэлээ гаргаж хийсэн хоол амттай байдаг шиг хамт олноо ганц хөөрөг гаргасан ч чин сэтгэлээсээ урлах хэрэгтэй гэж сургадаг. Ер нь юм андашгүй байдаг юм даа. Мөнгө бодож хийсэн ажил, хөөрөг харваас андашгүй. Тиймдээ ч хийсэн хөөргөндөө ганц зураас тавьсан ч сэтгэл зүрхээ шингээ гэж захидаг. Дээр нь хөөрөг гэгч зүйл үе дамждаг үнэт өв юм. Ямар нэг байдлаар үе удам дамждаг. Өвөөгөөс нь аавд нь, ааваасаа хүү нь авна гэхчлэн эдэлж хэрэглэсэн хүн бүрийнхээ энергийг шингээн улбаалдаг. Ааваасаа хөөргийг нь авч үлдсэн хүмүүс хэлнэ дээ. Цаанаа л өөр байдаг. Аавынх нь энерги, итгэл сэтгэл шингэсэн хөөрөг энерги нь ижил төстэй хүнийг ч таньдаг. Аавынхаа хөөргийг аваад тамхилахад аавтайгаа уулзсан юм шиг болдог гэх нь ч бий. Энэ талаас нь авч үзвэл хөөрөг гэгч өөрөө мэдээлэл дамжуулагч, гайхалтай өв соёл юм. Энерги гэгчийг энгийн, хар ухаанаар ойлгоход нэг ёсны мэдээлэл шүү дээ. Хэн ч эцэг өвгөдийнхөө энерги шингэсэн, элгэнд нь ойр байдаг зүйлээ үрж зарахыг хүсэхгүй биз. Тиймдээ ч өв уламжилах нь элбэг.

-Та түрүүн хэлэхдээ урлангаа цехийн шат дамжлагатай болго­сон гэсэн. Энэ тухайгаа товч тайл­барлаж өгөөч?
-Монгол дархны уламжлалт хийц буюу мөнгөн аяга, хэт хутга, мөнгөн бүс, эмээл хазаар гэхчлэн алт, мөнгөний дарх хийдэг нэг цех бий. Дээр нь бид багшийнхаа эхлүүлсэн ажил болох бөхчүүд болоод уяач, харваачдын титэм тэмдэг хийдэг цех гэж бий. Мөн хөөрөгний нуухны цех гэж тусдаа бий. Манай урлангаас гарч буй нуух 30 гаруй төрлийн хээ хуартай. Төрийн дээд хээ болох түмэннаст, өнө мөнх, бат бөхийн бэлгэдэл нацагдорж хээ, хорол хээ гэхчлэн монгол түмний бэлгэдэл болсон 30 гаруй төрлийн хээ тавьдаг. Түүнчлэн, үнэт чулууны цех гэхчлэн ээмэг, бөгж шигтгээ хийж байна. Мөн манайд найман жил тасралтгүй ажиллаж буй урчууд маань эрдэнийн чулуугаараа хөөргөө урлаж байна. Үүний хажуугаар даалингийн цех буюу уран хатгамалын цехэд маань долоо, найман ч хүн ажиллаж байна. Хөөрөгний даалин гэдэг маш их учир агуулга бүхий, нэг ёсны даллаганы сав юм. Тиймдээ хөөргөө хийлгээд гарч буй хүмүүс зүү ороох оёдлоор шагласан даалин хийлгэх боломжтой.

-Хөөрөгний нуухыг тусад нь авч үздэг юм байна. Зөвхөн нуухаа хийдэг цех ч ажиллуулдаг юм байна. Хүмүүс “алтан нуухтай хөөрөг” л гэж мэдэхээс яг нуухны ач холбогдол нь юу болохыг тэр бүр мэддэггүй санагддаг?
-“Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэх үг бий. Хөөрөгний сайхан нь зөвхөн эрдэнийн чулуундаа биш үнэ цэнэ оршдог зүйл нь толгой нь юм. Шүр гэдэг эрдэнэ өөрөө далайд ургадаг, чулуужсан мод юм л даа. Жилд дөрөвхөн мм ургадгийн хувьд маш ховорт тооцогддог. Орчин үеийн шинжлэх ухаан ч байгалийн шүрийг орчныг нь бүрдүүлэх замаар тарьж, ургуулж чадаагүй байна. Ийнхүү шүр болон эрдэнийн чулуу хоёрыг холбож буй зүйл нь нуух юм. Нэг ёсны хоёр эрдэнийг холбож, донж болж буй зүйл нь нуух. Тиймдээ ч үзэмж талаасаа нуух ямар байх нь чухал байдаг. Нуух зөв байж гэмээнэ хоёр эрдэнийн чулуу холбогдож, зүй зохистой харагддаг. Ер нь тэгээд хүн гэдэг амьтан цаг ямагт төгс төгөлдөр рүү тэмүүлсээр байдаг. Дээр хэлсэнчлэн үнэхээр сэтгэл шингээж, өөгүй урласан хөөрөг тэгш хэмийн төдийгүй ур хийцийн гайхамшиг гэгддэг. Хэлбэр хийц, чулуу, нуух, толгой гээд бүгд өөгүй, тэгш сайхан хосолж байж сая урлагийн бүтээл болно. Тиймдээ ч өөгүй үнэт эрдэнэд хүмүүс татагдаж, түүнээс бие, сэтгэлийн таашаал авдаг.

-Чулуугаа хаанаас авч байна?
-Янз бүрдээ. Хөөрөг хийлгэх чулуугаа бариад ирэх нь их болохоор газар газраас л ирсэн байдаг. Жишээ болгоход, хамгийн сайн мана чулуу Монголоос элбэг олддог бол Оросын нутагт хаш түгээмэл. Бирмд л гэхэд дэлхийн хамгийн сайн пийсүү чулууны орд байх жишээтэй. Номин чулууны орд, олдоц Афганистанд их байхад Бразильд мана чулууны асар том нөөц байдаг. Энэ мэт дэлхийн бөмбөрцөгийг чулуулгийнх нь тархацын хувьд авч үзвэл харилцан адилгүй л дээ.

-Бразиль мана манай манатай дүйхгүй гэх юм билээ?
-Тийм шүү. Манай мана бол үнэхээр эрдэнэ. Мана чулуу тунгалаг, гэрэлтдэг байх тусмаа л үнэ цэнэтэй байдаг. Дээр нь хар халтар гэхчлэн элдэв өнгө, гэрэл сүлэлдсэн байдаг учир илүү үнэ цэнэтэй. Тэр ч бүү хэл эрт галавын үед дотор нь ургамал ороод чу­луужчихсан мана ч бий. Энэ бол да­хин давтагдашгүй байгалийн урлал юм.

-Бид өөрсдөө эдэлж хэрэглээд эдийн болоод өв соёлын хэмээнд дээдэлж, үнэ цэнийг нь өргөж явдаг юм байна. Гэхдээ та бүхний урлаж буй хөөргийг гадагш нь гаргах зах зээл бий юу?
-Англид хөөрөгний том дуудлага худалдаа болдог юм билээ. Тэр худалдаанд эртний, ховор нандин хий­хэд өвөрмөц ур хийцтэй хөөрөг­нүүд өндөр үнээр дуудагддаг юм би­лээ. Бидний зүгээс тэр зах зээл рүү гарахаар багахан судалгаа хийж бай­на л даа. Хэлбэр, хийцийн хувьд арай өөр, гэхдээ Монгол агуулгаа хадгалсан ганц нэг хөөрөг хийж байна.

-Хэдий хөөргөнд өндөр үнэ хэлдэг ч манайх шиг соёлын өвийн хэмжээнд ойлгож, хүлээж авдаггүй байх?
-Яахав, томоохон цуглуулагчид байдаг юм билээ. Түүнээс бидэн шиг өдөр тутам эдэлж хэрэглэх нь үгүй. Миний хувьд дарх, хөөрөг хийсээр 20 гаруй жил болж байна. Тиймдээ ч монгол дарх, хөөрөг гэгч зүйлийг гадна дотныхонд таниулъя, сурталчилъя гэх үүднээс жуулчны гудамжиндаа байрлаж байна. Гэхдээ гадныханд үзүүлж харуулах юм бидэнд үнэндээ хомс. Монгол хүний гараар хийж бүтээсэн зүйл шүү гээд барьдаг нь гар урлалын л зүйл. Угтаа бид өдий хүртэл өчнөөн үйлдвэржих боломж бололцоо байлаа л даа. Харамсалтай нь, ирсэн жуулчдад гар урлалын зүйлсээ санал болгож байна. Гэтэл Монголын гар урчуудын дийлэнх нь 40 мянгатын подвальд ажиллаж байна шүү дээ. Ажлын байрны нөхцөл муугийн дээр хүн бүр, дор бүрнээ л жаал жуул юм оролдоод байхаас үйлдвэржих, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэгээ нэмэгдүүлэх тухайд учир дутагдалтай, бид өөрсдөө ч эв нэгдэл муутай байна. Гэхдээ Монголын урчуудад ойрын ирээдүйн зорилго бий. Өдгөө яригдаж буй “Монгол урлан” төв маань бий болчихвол үзэсгэлэнгийн танхим, музейтэй, урлалууд нь тус тусдаа хөгжчихсөн, эндээсээ дэлхий дахинд урласан зүйлсээ дуудлага худалдаанд оруулчихдаг гэхчлэн олон талын боломж нээгдэх юм. Ийм л зорилт тавин ажиллаж байна.

-Манжуурын музейг үзэж яваад харсан юм. Тэнд бидний гэх бүх л юм байна лээ. Ихэвчлэн мөнгөөр урласан аяга, эмээл хазаар, бурхан шүтээн цаашлаад хөөрөг, домбо, гаанс гээд тоймгүй. Хийцийг нь харахаар яг л манай боржигон, халх хийц. Товчхондоо, өнгөрсөн 20 гаруй жилд эндээс зөөсөн соёлын өвүүдээр тэнд томоо гэгч музей байгуулчихсан байна лээ?
-Сүүлийн үед хятадууд бодлогоор ч тэр үү өвөрмонголчуудын соёлд их анхаарч байгаа нь анзаарагдаж байна. Бидэнд ч санал ирсэн. “Танайх манай энд ирж хөөрөг, дархаа хийгээч ээ. Бид та бүхэнд урлан бий болгож өгье, насан туршдаа үнэ хөлсгүй суу” гэхчлэн санал тавьсан л даа. Гэхдээ Монголоо гэх сэтгэлтэй хэн ч явж чадахгүй нь ойлгомжтой. Сурч мэдсэнээ, өв соёлоо эндээ үлдээж, үр хойчдоо өвлүүлчих юмсан гэж хэн  ч бодно биз. Тэгээд ч эх орондоо байх шиг сайхан зүйл хаана байхав. Гэхдээ бидэнд давуу тал байна. Солонгос, Тайвань тэргүүтэй орнуудаар явахад гар хийцийн зүйлс нь тэр чигтээ үйлдвэржчихсэн байдаг. Тооны хувьд ч тоймгүй олноор хийгддэг. Тэр хэрээр үнэ нь уначихсан. Гэтэл гараар хийж байгаа зүйлийн үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам өссөөр л байна. Дээр нь гар урлалын зүйл гэдэг цаанаа л сүнслэг байдаг юм байна. Тиймдээ ч бидэнд давуу тал байна гээд байгаа хэрэг. Монгол дархчуудын энэ их ур ухаан, уламжилж ирсэн өв соёл гадны зах зээлд хаданд гарах боломжтой. Зүгээр л монгол хатны толгойн гоёл чимгийг хар л даа. Өөр ямар үндэстэн ястан тийм зүйл эдэлж хэрэглэдэг вэ. Ингээд бодохоор бидэнд өргөжих, шат ахих, ур ухаан, гарын ураа үнэд хүргэх боломж харагддаг л юм.

-Хүмүүс хөөргөө захиалж хийл­гэх нь их байна уу эсвэл та­найд хийгдсэн бэлэн хөөрөг авах нь их үү?
-Ер нь чулуугаа авчраад захиалах нь их. Гэхдээ ач холбогдол талаасаа манай бэлэн хөөргийг авах нь нэг талаас ончтой тусдаг тал бий. Учир нь, бидний 10 орчим жилийн туршлагын үндсэн дээр “энэ чулуу их зөв хөөрөг болох юмаа” гээд сонгож авсан чулуугаар хийдэг учраас манай хөөрөг дээр. Ер нь, чулуу сонгоно гэдэг түвэгтэй ажил л даа. 100 орчим чулуу авчирахад тав, зургаа нь л хөөрөг болох нь бий. Тиймдээ ч бэлэн хөөрөг сонгох нь онцтой байдаг. Ирсэн чулууг бид шоолох буюу тал талаас нь зүсч, хөөрөгний үндсэн хэвийг гаргах тохиромжтой талыг сонгодог. Хэлбэр дүрс, хээ хуар гээд хамгийн зохимжит талыг нь сонгохын тулд шоолж зүсэх ажил чухал байдаг. Дараа нь үндсэн хэлбэрийг нь хамгийн тохиромжтой байдлаар гаргана. Энэ мэт нарийн харж, болгоомжтой хандахгүй бол чулууг нэг л буруу зүсэх аваас хөөрөг гаргах боломжгүй болох нь ч бий. Энэ мэт маш нарийн шат дамжлагын эцэст хөөрөг төрнө дөө.

-Төрнө гэдэг нь?
-Дээр хэлсэн дээ, эрдэнийн чулууг ур ухаан, хөлс хүч зарж байж гар урлал болгодгийн учир хөөрөг өөрөө сүнслэг байдаг гэж. Тиймээс урчууд “хөөрөг төрөх” гэж ярьдаг юм.

-Тэгвэл танай урлан сард хэчнээн хөөрөг өлгийдөж байна?
-(инээв) Дунджаар найм, есөн хөөрөг л төрдөг дөө. Тэгэж байж өн­дөр чанартай, өөгүй хөөрөг хийдэг. Дээхнэ үед бол ганц хөөргийг хоёр, гурван жил хийх нь ч байсан юм билээ.

ЖИРГЭХ 0ХУВААЛЦАХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан