Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулав

Намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдааныг эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлуулахаар УИХ-ын дарга 11 цаг 25 минутад мэдэгдэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан ч УИХ-ын зарим гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүлээсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “УИХ-ын 37 гишүүн ирцээ бүртгүүлээд байна. Бид 1 цаг 15 минут хүлээж байна. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Энэ үүргийг УИХ-ын гишүүн бүр хүлээдэг, УИХ дахь намын бүлгийн дарга нар мөн хуралдааны ирц бүрдүүлэхэд үүрэг хүлээдэг” гэдгийг тэмдэглэн хэлээд дахин 10 минут хүлээгээд хуралдааны ирц бүрдэхгүй бол өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар мэдэгдэх болно гэсэн юм. Ийнхүү 11 цаг 25 минут болсон ч чуулганы нэгдсэн хуралдааны ирц 49.3 хувьтай байснаас гадна Засгийн газрын гишүүд нэгдсэн хуралдааны танхимд орж ирсэн ч ирцэд бүртгүүлээгүй.

Тиймээс УИХ-ын дарга “Засгийн газрын сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байна. Зориуд, зохион байгуулалттайгаар ийм нөхцөлд хүргэж байна. УИХ-ын Байнгын хороодын дарга нар хариуцлагатай байх ёстой хэдий ч чуулганы танхимдаа ирэхгүй байна.  Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон чухал асуудлыг хэлэлцэх ёстой атал УИХ-ын гишүүд орж ирэхгүй, 37 гишүүн 1 цаг 20 минут хүлээлээ. Дээр нэр дурдсан гишүүд, Засгийн газрын гишүүд танхимд хүрэлцэн ирэхгүй байгаагийн улмаас УИХ-ын үйл ажиллагаа үргэлжлэх, өнөөдрийн нэгдсэн хуралдаан хуралдах боломжгүй боллоо” гэв. Мөн маргааш 10.00 цагт ирцээ бүрдүүлж, нэгдсэн хуралдааны үйл ажиллагааг хэвийн явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэхийг УИХ-ын дэд дарга нар, УИХ дахь намын бүлгийн дарга нарт, Байнгын хороодын дарга нар болон Засгийн газрын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохыг сануулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан