Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд хурга, ахарын ноосоо ашиглан био бордоо үйлдвэрлэх боломжтой боллоо

Монголчууд бид малаас гарч буй ашиг шимээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй дэлхийн зах зээл дээр амжилттай гаргаж байгаа. Тэгвэл дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн шинэхэн үйлдвэр хаалгаа нээж, монгол хонины ноос ашиглан био бордоо үйлдвэрлэж эхэлжээ. Хамгийн олзуурхууштай нь энэхүү био бордоог Герман, Япон, Солонгос гээд олон улсын зах зээлд экспортолж эхэлсэн байна. Энэ бол 2016 онд УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д салбарын зорилтыг хангахдаа “Өндөр бүтээмжтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, инноваци шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин урамшуулах; байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэлийг дэмжих; үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг чанд баримтална” гэсэн зарчимд нийцсэн үйлдвэрийн жишээ юм. Бид энэхүү дэвшилтэд технологи  болон ноос, ноолуурын салбарт олны анхаарал татаж буй бусад асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн В.Болормаатай ярилцлаа.

 

-Манай улс мал аж ахуйн орон. Энэ ч утгаараа үйлдвэрлэгчид малаас гарч байгаа түүхий эдийг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эргэлтэд оруулах мөн олон улсын зах зээлд гаргах гэсэн томоохон зорилго өвөртөлж явдаг. Тэгвэл энэ бүх асуудлыг бодлого болгон зангиддаг цөм нь танай яам. Танай яамны зүгээс энэ талаар ямар бодлого боловсруулж ажиллаж байна вэ. Юуны өмнө энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Таны хэлж байгаачлан манай улсын боловсруулах аж үйлдвэрийн голлох  салбарын нэг нь ноос, ноолуурын салбар юм. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн I үе шатанд “Нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, ноос, ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх“ зорилт дэвшүүлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2018 онд онд “Ноолуур” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай эрх зүй, хөрөнгө оруулалт, татварын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх, түүхий эдийн бэлтгэл, ноолуурын чанарыг сайжруулах, ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зорилтот зах зээлд чиглэсэн ээлтэй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг эрэлт, шаардлагад тулгуурлан сургаж, мэргэшүүлэх замаар үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх гэсэн зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.  

-Сая арьс, шир, ноос ноолуур зэрэг түүхий эд боловсруулалтыг 60 хувьд хүргэнэ гэж хэллээ. Ингэхэд өмнө нь хэдэн хувьтай боловсруулалт хийдэг байсан юм бол?

-Суурь түвшин буюу 2014 онд ноолуурын бүрэн боловсруулалт 11 хувьтай байсан бол энэ оны байдлаар 34,3 хувьд хүрч байна. Монгол Улсын хэмжээнд энэ оны байдлаар 9600 тонн ямааны ноолуур, 250 тонн сарлагийн хөөвөр, 33000 тонн хонины ноос, 1700 тонн тэмээний ноос бэлтгэх нөөц байгаа боловч дотооддоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс аль болох түүхий эдийн нөөцөө бүрэн ашиглах, экспортод чиглэсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

Зөвхөн 2018 оны байдлаар 1570 гаруй ажлын байр нэмэгдсэн

-Үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн хөшүүрэг маш чухал. Энэ тал дээр танай яамны зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар боломж олгож байна вэ?

-“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгчдэд Хөгжлийн банкны эх үүсвэрээр зээл олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол улсын Хөгжлийн банкны хооронд 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр “Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэх ерөнхий нөхцөл тохирох гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 188.2 тэрбум төгрөгийн  зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар үйлдвэрүүдэд олгосон юм. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад түүхий ноолуур 531.1 тн, самнасан ноолуур 125.2 тн-оор өссөн байна. Мөн эдгээр үйлдвэрүүдийн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадал 28.6 хувь, сүлжих үйлдвэрийн хүчин чадал 42.7 хувиар өсч, 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна.

Мөн Япон улсын “Шима Сейки” компанийн Монгол дахь төлөөлөгч "Нит филд" ХХК нь оёдолгүй бүтэн сүлжих WG, энгийн сүлжих, мини сүлжих зэрэг 500 гаруй сүлжих машиныг "Говь" ХК, "Гоёо" ХХК, "Кашимер Холдинг" ХХК, "Сноу Филдс" ХХК зэрэг 47 компанид нийлүүлж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Үүнээс гадна ХХААХҮЯ нь ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дотоодын болон олон улсын үзэсгэлэн, яармагт тогтмол оролцуулахад дэмжиж байна. Монголын ноос, ноолуурын холбоо нь Япон улсын Токио хотноо зохион байгуулагддаг “Fashion World Tokyo”, АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагддаг “Fashion Coterie” олон улсын үзэсгэлэнд 2, 10 дугаар саруудад “Mongolian Cashmere” нэгдсэн нэрийн дор зохион байгуулж оролцуулсан. Ингэснээр дээрх улсуудад гаргаж буй экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 20-30 хувь нэмэгдсэн байна.

-Ажлын байр нэмэгдэнэ гэдэг яах аргагүй сайн мэдээ. Ингэхэд Хөгжлийн банкнаас олгож байгаа зээлийг ямар шалгуураар өгдөг вэ. Сүүлийн үед иргэд зээл авахад хүндрэлтэй байна гэж гомдоллох болсон шүү дээ?

-Хөгжлийн банкнаас олгож байгаа зээл нь боловсруулалтын түвшинээс хамааран хоёр нөхцөлтэй олгож байгаа. Тухайлбал, түүхий эдээ анхан шатны боловсруулалт хийгээд самнасан ноолуурын бизнес эрхэлж байгаа үйлдвэрүүдэд нэг жилийн хугацаатай, харин самнахаас дээш буюу ээрмэл, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгож байна. Мөн хүүгийн хувьд арилжааны банкныхаас доогуур бас барьцаа хөрөнгийн шаардлага нь арай уян хатан байгаа. Энэ нь дээр хэлсэн “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийн тулд төрөөс авч байгаа бодлогын хүрээнд олгож буй боломж юм.  

-Зээл авч байгаа үйлдвэрлэгчид та бүхэнд санаа оноогоо хэлдэг үү. Зээлийн нөхцөл арай хатуу байна. Ийм байвал бидэнд арай наалдацтай, дөхөм байна гэдэг ч юм уу?

-Зээлийн хугацааг уртасгах, хүүгийн хэмжээг бууруулмаар байна гэсэн хүсэлт тавьдаг. Энэ салбарын бас нэг онцлог нь хавар 3, 4 сараас эхлээд долоодугаар сарыг дуустал түүхий эдээ хүлээн авна. Дараа нь угаах, хялгасыг нь ялгах, утсаа ээрэх гэсээр бараг он дуусдаг. Үүний дараа ээрсэн утсаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд борлуулах гэсээр дунджаар 2 жил зарцуулна. Мөн тоног төхөөрөмж худалдан авч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлье гэхэд захиалсан тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэх, түүнийг импортоор оруулж ирэхэд наад зах нь 1 жил гаруй хугацаа, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, туршилт тохируулга хийх, үйлдвэрлэлийг хэвийн үйл ажиллагаатай болгон жигдрүүлэхэд  дор хаяж 2 жил шаардагддаг. Тэгээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг олох улмаар зээлийн эргэн төлөлт хийнэ гэхлээр хөрөнгө оруулалтын зээл урт хугацаатай, маш бага хүүтэй байж гэмээн үйлдвэр эрхлэгчдэд бодит дэмжлэг болно.

Өнгөрсөн намар манай хоёр үйлдвэр ОЕКОТЕХ-100 гэсэн сертификат авсан

-Манайхан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагш нь гаргадаг. Гэтэл нөгөө талдаа манай бүтээгдэхүүнүүд олон улсын чанарын шаардлагыг хангадаг болов уу гэсэн бодол хүн болгонд төрдөг байх. Тухайлбал, Япон, Герман, АНУ гэхэд маш өндөр стандарт мөрддөг шүү дээ?  

-Ер нь бол тийм. Европ болон Японы зах зээл дээр бүтээгдэхүүн гаргахад тодорхой стандартууд шаарддаг. Германд “Ногоон долоо хоног” гэж болдог. Энэ үеэр хүний биед харшлахгүй, эрүүл аюулгүй буюу эко сертифекаттай байж тус үзэсгэлэнд орох эрхээ авахыг шаарддаг. Үүнтэй уялдуулаад манай үйлдвэрлэгчид  бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах тал дээр хурдацтайгаар ахиц гаргаж байна. Өнгөрсөн намар гэхэд хоёр үйлдвэр ОЕКОТЕХ-100 гэсэн сертификат авсан. Энэ сертефикат нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний биед харшлах ямар нэгэн химийн бодис байхгүй гэдгийг гэрчилдэг юм. Энэ мэтчилэн үйлдвэрүүд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, томоохон арга хэмжээнд оролцохын тулд маш их хичээж, хөдөлмөрлөж байна. Энэ сертификатыг авахын тулд үйлдвэрлэлдээ хэрэглэж байгаа химийн бодис нь л гэхэд өөрөө ОЕКО ТЕХ 100, ГОТС зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудтай байх шаардлагатай болдог. Ноолуурын үйлдвэрүүд ихэвчлэн Англи, Швейцарь улсын олон улсын стандарт шаардлага хангасан будаг, химийн материалыг хэрэглэдэг. Дэлхийн чиг хандлага эко, ногоон бизнесийг чухалчилж байна.

-Эко гэснээс манай үйлдвэрлэгчид тэр дундаа ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гадны улсад болдог томоохон үзэсгэлэнд их оролцдог юм билээ. Үүнийг нөгөө талаар хамтын ажиллагаа сайжирч байгаа гэж харж болох байх. Манай үйлдвэрлэгчид одоогоор ямар улсад бүтээгдэхүүнээ гаргаж байна вэ?

-Манай улсаас Япон руу экспортлох ноос, ноолууран бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн шүү дээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн бизнесийг өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд маш чухал алхам болсон. Тухайлбал, Монголын ноос, ноолуурын холбоо л гэхэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагддаг “Fashion World Tokyo” олон улсын үзэсгэлэнд зургаан удаа оролцож, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг зохион байгуулж оролцуулж байна. Түүнчлэн АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагддаг “Fashion Coterie” гээд хамгийн дээд зэрэглэлд тооцогддог үзэсгэлэнд манай томоохон үйлдвэрлэгч компаниуд мөн л оролцсон. Жилд хоёр удаа зохиогддог үзэсгэлэнд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань 2015 оноос хойш оролцож, “Mongolian Cashmere” нэгдсэн нэрийн дор бүтээгдэхүүнээ тавьж оролцлоо.   

-Сонирхоод асуухад манай үйлдвэрүүд хог хаягдлаа дахин боловсруулж хоёг хаягдал багасгаж байгаа гэсэн үнэн үү. Мөн сүүлийн үед шилдэг эко технолгитой үйлдвэр баригдав уу?

-Тэр үнэн. Манай зарим нэг үйлдвэрүүд үйлдвэрээс гарч байгаа хаягдал усаа 85 хувь хүртэл нь цэвэршүүлээд буцаагаад ашиглаж байна. Энэ эко технологийг “Технологи дамжуулах хуулийн хүрээнд бусдад дамжуулах, түгээх нь зүйтэй. Манай яамны зүгээс ч гэсэн байгалд ээлтэй, дэвшилтэт технологийг дамжуулж байгаа болон худалдан авч байгаа үйлдвэрүүдийг дэмжих бодлого барьж ажиллана. Мөн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн шинэхэн үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нь хонины ноосоор био бордоо үйлдвэрлэж дотоодод болон экспортонд бүтээгдэхүүнээ гаргаж “Монпеллетс” компанийн био бордооны үйлдвэр есдүгээр сард ашиглалтад орсон. Тус үйлдвэр нь Германы сүүлийн үеийн дэвшилтэт, шинэ технологи, тоног төхөөрөмж ашиглан хонины ноосоор био бордоо үйлдвэрлэдэн Герман, Япон, Солонгос болон дотооддоо борлуулах эрх авсан байна. Энэ үйлдвэрийн давуу тал гэвэл хонины ноос тэр дундаа бусад үйлдвэрт төдийлөн ашиглагддаггүй хурганы болон ахрын ноосыг ашиглан био бордоогоо хийж байна. Мөн үйлдвэрлэлийн процесст 1 литр ч ус ашигладаггүй, хаягдал гаргадаггүй, гарч байгаа бүтээгдэхүүн нь эко, хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гээд тоочоод байвал олон давуу талуудтай манай хөнгөн үйлдвэрийн Хөгжлийн загвар болохуйц үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

-Тэгвэл үйлдвэрлэгчдэд төдийлөн ашиглагддаггүй хурганы болох ахарын ноос эргэлтэд орох боломжтой болчихлоо гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 3.4 тн хурганы ноос, 3.3 тн ахарын ноос бэлтгэх нөөц байгаа талаар судалгаа гаргасан. Гэвч малчид хурганы болон ахрын ноосоо бэлтгэхгүй байна. Орлого олох боломжоо алдаж байна. Иймээс манай яамны зүгээс бүх аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газарт хамтран ажиллах тухай албан бичиг явуулсан. Малчдыг хурганы болон ахрын ноосоо бэлтгэж орлогоо нэмэгдүүлэх нөгөө талаар тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн ийм үйлдвэрийг дэмжих, түүхий эдээр хангах чиглэлд хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаа.

-Танд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан