
УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулах асуудал хуулийн дагуу явагдах ёстой гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлж мэдээлэл хийлээ. Тэрээр “Намайг огцруулах шаардлагыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцээд санал дүгнэлтээ гаргаачээ гээд шилжүүлсэн. Өчигдрийн хурал ганц над руу дайрсан хурал боллоо гэж харж байгаа. Бүхий л муу муухай зүйлийг надад тохох гэж оролдсон зохион байгуулалттай хурал болж өнгөрлөө. МАНАН гэдэг үзэгдлийг надтай холбож их ярилаа. Мөн 60 тэрбумтай холбоотой гэлээ. Энэ хэргийг олон удаа шалгасан, үнэн худал нь удахгүй тодорхой болох байх. Мөн зохион байгуулалттайгаар зарим хүмүүсийн яриаг ил тод гаргаж тавьсан хэрнээ миний тэдэнд өгсөн хариултыг ил болгосонгүй. Ц.Нямдоржийн Эрдэнэтийн 49-ийн хувийг намайг хамгаалдаг гэсэн мэдээлэл нь ташаа гэдгийг хэлмээр байна. Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхнийг оруулаагүйд харамсч байна. Өчигдрийн хурлын үеэр намын дарга надтай уулзсан. Зөвлөх ярих зүйл байна гээд. Нэгдүгээрт, намайг өргөдлөө өг гэсэн. Үүнийг хуулийн дагуу шийднэ. Хоёрдугаарт, хоёулаа өргөдлөө өгвөл яасан юм бэ гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ гэсэн. Би таны ажил албан тушаалтай барьцалдаж зууралдаад байгаа зүйл байхгүй гэсэн. Гэхдээ харамсалтай нь намын дарга маань ингэж ярьснаа өөрөө дэлгэсэн” гэв.























