
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлогдлоо.
Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахаар болсон УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 11 цаг 10 минутад гишүүдийн ирцийн байдлыг танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын 75 гишүүнээс одоогоор гадаад томилолттой 6, орон нутагт ажиллаж байгаа 1, эмнэлгийн чөлөөтэй 1, албан ёсоор чөлөө авсан 1 гишүүн байгаа бөгөөд чуулганы нэгдсэн оролцох ёстой 66 гишүүнээс 29 нь чуулганы хуралдааны танхимд ирсэн байсан юм.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”- ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон байв.
Мөн Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудал гишүүдийн ирц бүрдээгүйгээс тав дахь удаагаа хойшлогдож, хууль зөрчигдөхөд хүрээд байна. Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэлгүй тав дахь удаагаа хойшлогдож байна.

Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод өнөөдрийн байдлаар чуулганы 5 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны 3 удаагийн хуралдаан хойшлогдоод байгааг хуралдаан даргалагч мэдэгдээд ирцээ бүрдүүлж, хэлэлцэхээр хуваарьт тусгагдсан асуудлуудаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг Байнгын, дэд хорооны дарга нар болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга нарт анхааруулсан.
Ямартай ч чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөгдсөн тул намын бүлгүүд ирцээ бүрдүүлж, Ерөнхийлөгч мэдээлэл хийх боломжийг хангах, цаашлаад хэлэлцэх асуудлын хуваарьт тусгагдсан асуудлуудаа шуурхай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгааг сануулав.























