
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амраах үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байсан билээ. Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар/ 0-5 нас / хамрагдахаар болж өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийдэх байсан.
Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа “Эх хүүхдийг 5 хоног амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн Газар дэмжихгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хассан!” гэлээ.
Анхнаасаа цэвэр агаарт 5 хонуулахад 8 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй аж. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг Утааны эсрэг ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан билээ. Гэсэн хэдий ч Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирүүлсэн аж. Ямартай ч тус асуудлыг хассан Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай өргөтгөсөн хурал хийж байна. Яг одоо сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанар, нөөцлөлт гээд ирэх оноос түүхий нүүрсийг хорихтой холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцаж байгаа аж.























